Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 12.00 цагт эхэлж, 2020 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулж байна.
Тус шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах тов гарсан. Уг шалгалтыг зохион байгуулахаас 75 хоногийн өмнө товлосон өдрийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээллэх журамтай.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтын нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны сайт), https://burtgel.mglbar.mn/ (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэнтэй 70116364 дугаарын утсаар холбогдох боломжтой гэж Монголын хуульчдын холбоо Хуульчийн мэргэжлийн шалгалтын асууда эрхэлсэн хорооноос мэдээллээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ