Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд хоёр хүн нурангид дарагдсан тухай дуудлага өчигдөр (2020.08.14) 13:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, "Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн долоон ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж эхэлсэн байна.
Тус уурхайн 40 орчим метр гүнд хонгилд шороо нурсан, осолдогчид хоорондоо таван метр зайтай хонгилд байж болзошгүй бөгөөд уурхайн хонгилд суулт өгсөн, шороо дахин нурах эрсдэлтэй байгаа аж. Мөн өнөөдөр (2020.08.15) ОБЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар замд гарчээ.
Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид осол болсон газарт мөн өдрийн 20.10 цагт очиж, ослын газарт дүн шинжилгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт хүн хүчээ 2 хуваан 2, 2 цагаар сэлгэн ажиллуулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ