2020-2021 оны хичээлийн жил хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам хичээл, сургалтын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, шинээр барьж, өргөтгөж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрчимжүүлж байна.
Ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө улсын хэмжээнд 20 сургууль, 34 цэцэрлэг, үүнээс нийслэлд дөрвөн сургууль, 23 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны ажлын хэсгүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж эхэллээ. Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт баригдаж буй сургуулиудын барилгын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэв.
- БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд нэг ээлжиндээ 640 хүүхдийн суудалтай, 26 дугаар хороонд нэг ээлжиндээ 920 хүүхдийн суудалтай сургуулиуд шинээр баригдаж байгаа юм. Эдгээр сургууль ашиглалтад орсноор тус дүүргийн хэмжээнд боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх хорооны сургуулиудын ачаалал мэдэгдэхүйц буурна.
- Мөн Япон Улсын Жайка байгууллагын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт баригдаж буй 640 хүүхдийн суудал бүхий сургуулийн барилгын явцтай танилцлаа.
Энэ бол Япон Улсын тусламжаар нийслэлд баригдаж буй дөрвөн сургуулийн нэг. Эдгээр сургууль орчин үеийн олон улсын стандартад нийцсэн эко тохижилттой төдийгүй тусгай хэрэгцээт хүүхдийг тэгш хамран сургах жишиг загвар болох юм. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо сургуульгүй байсан бөгөөд тус хорооны 925, мөн 8 дугаар хорооны 455 хүүхэд Баянгол дүүргийн 46 дугаар сургууль буюу “Сэтгэмж” цогцолборт суралцдаг байжээ. Шинэ сургууль ашиглалтад орсноор 7 дугаар хорооны бүх хүүхдүүд харьяаллын дагуу хичээллэж, 46 дугаар сургуулийн ачаалал тэр хэмжээгээр буурах юм.
ЭХ СУРВАЛЖ: БШУЯ
Холбоотой мэдээ