"МАН-ын дарга эерэг рейтингийг тэргүүлж сонгуульд оролцсон"

Хуучирсан мэдээ: 2020.08.15-нд нийтлэгдсэн

"МАН-ын дарга эерэг рейтингийг тэргүүлж сонгуульд оролцсон"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


 О.АМАРТҮВШИН: ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛЦДОГ

УИХ-ын сонгуульд дараалан ялагдаж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн Ардчилсан нам дотор намаа шинэчлэх асуудал хүчтэй хөндөгдөж байна. АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй намын шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Ярилцах урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. АН-ын даргад өрсөлдөх гэж байгаатай холбогдуулан тантай улс төрийн  сэдвээр ярилцахыг хүслээ. Ирэх дөрвөн жил АН дахиад л сөрөг хүчний байр суурин дээр ажиллах боллоо. УИХ-ын ээлжит сонгуульд АН хоёр дахь удаагаа дараалан чухам ямар шалтгаанаар ялагдав гэдэг асуудал намын гишүүдийн гол сэдэв байна. Ялагдсан шалтгаанаа та бүхэн бодитоор дүгнэж чадсан уу?

-Бид сонгуулийн үр дүнд тооцоо, судалгаа үндэслэл бүхий учир шалтгааныг дүгнэх шаардлагатай юм. Иймээс мэргэжлийн компаниар бидний алдаа, оноо юу байв, сонгогчид юу хүссэнийг нь АН олж хараагүй байна вэ гэдгийг, мөн цаашид юу хийх нь зохистой талаар дүгнэлт хийлгүүлж байна. Дүгнэлт ирэх есдүгээр сар гэхэд бэлэн болж, олон нийтэд танилцуулагдах байх. Саяхан болсон АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны 17 дугаар хурлаар бид алдаа, оноогоо мөн олон талаас нь ярьж, гишүүд ч санал бодлоо хэллээ. Дийлэнх нь лидерийн манлайлалгүй сонгуульд орсон гэдгийг хэлж байгаатай миний хувьд ч санал нийлнэ. С.Эрдэнэ даргын нэр хүнд судалгаагаар улстөрчдийн сөрөг рейтингийг тэргүүлж байсан. Эсрэгээрээ эрх баригч намын дарга эерэг рейтингийг тэргүүлж сонгуульд оролцсон. Энэ утгаараа намын даргын нэр хүнд ялагдлын шалтгаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт, сонгуулийн нэр дэвшүүлэлт намын дүрмийн бус явагдаж, сонгогчдод таалагдахгүй хүмүүсийг нэр дэвшүүлж, мөн тойргийг сольсон нь буруудсан. Дүрмийн дагуу нэр дэвших хүсэлтээ өгчихсөн байсан хүмүүсийн хүсэл зоригийг хүлээж авахгүйгээр, огт бэлтгэлгүй хүмүүсийг олноор нэр дэвшүүлсэн нь алдаа болсон. Гурав дахь алдааг намын дүрэмтэй холбон ярьж байгаа. Мөн дэнчин төлж сонгуульд оролцуулсан нь нийгэмд болоод намын гишүүд дунд таалагдаагүй гэдгийг ҮБХ-ны гишүүд ч хэлж байна. Манай намын даргаар нэгэн цагт ажиллаж байсан Н.Алтанхуяг тэргүүтэй хэд хэдэн хүн саяны сонгуульд бие дааж өрсөлдсөн нь АН-д өгөх саналыг саармагжуулсан. Л.Болд, Ж.Батзандан нар тусдаа эвсэл байгуулж сонгуульд оролцсон нь тодорхой хэмжээгээр АН-ын саналаас хуваасан. Энэ бүхнийг дүгнэхэд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн намын шинэчлэлт нийгэмд хүрэх нь байтугай гишүүддээ ч бүрэн дүүрэн хүрээгүйг харууллаа. Шинэчлэлт хангалтгүй байсных.

-АН олон фракцад хуваагдаж, үүгээрээ дамжуулаад хүмүүсээ хайрцаглачихдаг болоод удлаа гэсэн шүүмжлэл бий. Энэхүү хуваагдал, талцал нь ялагдалд хүргэсэн гэж танай намынхан болон улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм ээ. Аливаа улс төрийн намд бутарч салж нийлсэн ийм дүр төрх эерэг үр дүн авчирдаггүйг тод харууллаа шүү дээ. Бие биеэ хүлээн зөвшөөрөх, ялангуяа шинэ үеэ хүлээн зөвшөөрдөг байдал манай намд дутагдаж байгаа нь үнэн. Хуучин бол ардчиллын үзэл санааг залуучууд дэмждэг учраас илүү өндөр санал авна гэж ярьдаг байсан бол өнөөдөр судалгаагаар эсрэгээрээ болсон. Залуу үе ардчиллыг үл бүтэх хэсэг нөхдийн нэгдэл гэж хардаг болсон байна. Тэгэхээр АН-ын өмнөх, одоо үеийн удирдлагуудыг хооронд нь ялгаж салгаж ойлгохгүй бол буруу хандлага руу орохыг үгүйсгэхгүй гэдгийг судлаачид, намын гишүүд ч ярьж байна. Энэ утгаараа нам шинэчлэгдэх ёстойг бүрэн дүүрэн ойлгож байна. Хоёрдугаарт, намын дүрэмд буруу өгөхөөс илүүтэй хувь хүмүүсийн ойлголцоогүйн алдаа байсан гэж би хувьдаа боддог. Магадгүй ярилцаж, ойлголцохын оронд намын дүрмээ ягштал дагаж мөрдөж байна гээд хэт хатуурхах тохиолдол байсан. Хувь хүмүүсийн харилцаанаас хамаарах асуудлыг хэт намын асуудал болгосон гэх үү дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 


Л.АМАР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУЛГАХ СОНИРХОЛ БАНКУУДАД Ч БИЙ

Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.

-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрөгч Баасан гаригт ээлжит бус хурлаа хийж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэхээр болсон. Банкууд энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна вэ? Банкуудад энэ шийдвэр хэр нөлөөлөх бол?

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдож, иргэдийн цалин орлого тасалдаж байгаа нөхцөлд тал талаа харж үзэх шаардлагатай. Аливаа шийдвэр эерэг, сөрөг хоёр талтай. Банкуудын эрсдэлийн сангийн зардал нэмэгдэхгүй байх боломж олгогдож байна. Сөрөг тал нь зээлээ цаг хугацаанд нь төлж байсан иргэдэд зээлээ төлөхгүй байх сэдэл төрүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ орлого нь тасарсан, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан байна лээ.

-Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад банк зээлдэгчийн орлого тасалдсан эсэхийг заавал тогтоох уу?

-Хэрэв тухайн зээлдэгчийн орлого нь тасарсан тохиолдолд зээлийн гэрээнд оролцсон хоёр тал хоёулаа зөвшөөрч байж гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэнэ. Зээлдэгч хүсэлтээ банкинд гаргахдаа орлого тасарсан гэдгийг нотлох, банкны зүгээс тухайн зээлдэгч зээлээ төлөх чадваргүй цар тахлын нөлөөлөлд орсон эсэхийг нягталсаны дүнд гэрээнд өөрчлөлт оруулна.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар “Зээлийн хүүг бууруулах  стратеги”  төслийг  батална. Уг  төсөлд банкуудаас ямар санал, дүгнэлт тусгуулсан бэ?

-Эх үүсвэрийн зардлыг буулгах чиглэлд банкууд санал тавихад төвөгтэй. Харин үйл ажиллагааны зардлаа бууруулахад банкуудын зүгээс юу хийж чадах вэ, үүнд төрийн ямар дэмжлэг хэрэгтэй талаарх саналаа хүргүүлсэн. Мөн чанаргүй зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх, эрхзүйн орчныг нь сайжруулах арга замын талаар тодорхой саналууд банкуудаас гарсан. Одоогоор төсөл эцэслэгдээгүй байгаа учраас ийм ийм саналууд нь тусгагдсан гэж хэлэхэд арай эрт байна.

-Зээлийн хүү Монголын бүх иргэн, аж ахуйн нэгжид хамаатай. Зээлийн хүү өндөр байгаад нөлөөлж буй хүчин зүйлс гэвэл?

-Зээлийн хүүг тогтоох нь дан ганц банкуудаас хамаарах асуудал биш юм. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч зээлийн хүүг тогтоодог учраас тэдгээр талуудын оролцоотойгоор хүү буурна. Зээлийн хүүд хамгийн том нөлөө үзүүлж байгаа банкны эх үүсвэрийн өртөг гэхэд гадаад валютын ханш, инфляцаас шууд хамааралтай. Үүнийг банк тогтоох бус Монгол Улсын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал харуулдаг. Жишээ нь, Монгол Улсын зээлжих зэрэглэл нь гадаадын хөрөнгө оруулагчдад өгч буй сигнал. Өөрөөр хэлбэл, гадаадаас мөнгө татлаа гэхэд зээлийн хүү нь ийм түвшинд байна гэдгийг тодорхойлдог. Зээлжих зэрэглэлд нөлөөлдөг инфляц, мөнгөний бодлого, экспортын орлого нь ямар түвшинд байгааг харуулж улсад нь өгч буй үнэлгээ. Энэ түвшин манайд доогуур.  Зэрэглэлээ сайжруулахын тулд эдийн засаг, төсөв санхүүгийн зөв бодлого хэрэгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх зэрэг өргөн цар хүрээг хамарч, урт хугацаанд хийгдэх асуудал. Макро эдийн засгийн орчноо сайжруулснаар эх үүсвэрийн зардал буюу гаднаас татаж буй мөнгөний хүү буурч, бидний дотооддоо олгож буй зээлийн хүү мөн дагаад буурах боломж бүрдэнэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ш.АДЪЯАМАА


МОТОЦИКЛООР АРВАН АЙМГИЙН 5700 КМ ЗАМ ТУУЛСАН БҮСГҮЙЧҮҮД

Мото спортын тод өнгийн хувцсаар ижилссэн энэ бүсгүйчүүдийг Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг гэдэг. Тэд энэ зун эх орныхоо 10 аймгаар 5700 гаруй км бартаат замыг хамтдаа туулсан найзууд. Мото спорт сонирхогч, аялагч Н.Оргилмаагийн хувьд 14 дэх жилдээ хичээллэж буй туршлагатай нэгэн бол түүний найз Э.Эрдэнэчимэг саяхнаас мото спортоор хичээллэж, долоо хоног мотоцикл унаж, бэлтгэл хийгээд л холын замд гарчээ. Эмэгтэй хүн мотоцикл унаад, холын зам туулна гэдэг амаргүй. Зарим хүмүүс үнэмшихгүй “Та хоёрын араас машинтай хүмүүс дагаж явсан уу” гэж хүртэл асуужээ.

Тэдний хувьд анхны аяллаараа эмэгтэйчүүд хоббигоороо нэгдэж, тэсвэр тэвчээрээ шалгасан аяллыг хамтдаа туулж чаддаг гэдгийг харуулахыг зорьсноо нуусангүй. Тэдний зам дардан байсангүй. Холын замд мотоциклын дугуй хэд хэд хагарч, гинж мултрах, сунах зэрэг асуудал гарсан ч ажрахгүй давсан тухайгаа ярьсан юм. Аяллаасаа ирээд удаагүй тэдэнтэй Гачууртад байрлах гэртээ мотоциклоо засч, янзалж байхад нь зорин очиж, уулзлаа. “Мото спорт” гэсэн бичигтэй блокон хашаагаар ороход 10 орчим мотоцикл эгнэн харагдана. “Эх орныхоо 10 аймгаар аялаад ирсэн мотоцикл энэ дээ” хэмээн Н.Оргилмаа захын хоёр мотоциклыг заав.

-Аян замдаа сайн явж ирэв үү?

Н.ОРГИЛМАА: Миний хувьд 20 мянган км замыг ганцаараа туулна гэсэн төлөвлөгөөтэй. Өнгөрсөн жилээс 2000 км аялж төлөвлөгөөгөө эхлүүлсэн бол энэ жил 5700 км аялалд гарахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд Чимгээтэйгээ танилцаад, найзыгаа бэлдэж, хамт аялсан. Аялал маань саадгүй сайхан яваад ирлээ.

Э.ЭРДЭНЭЧИМЭГ: Бидний зорилго 5000 км байсан ч байгалийн сайханд шунан дурлаж, энд тэнд ч үзчихмээр газар олон байсан. Тиймээс 5700 гаруй км аялсан. Бид хамтдаа 10 аймгаар дайран өнгөрч, цаад цэг нь Алтай таван богд хүрч, буцахдаа хойгуураа явж, хамгийн сүүлд Хүйсийн найман нуур үзсэн. Бид сонирхлоороо нэгдэж, найзалж эхэлсэн. Миний хувьд мото спорт хоббигоо хөөх нууцхан мөрөөдөл байсан. Тэгж яваад найзтайгаа танилцсан. Өнгөрсөн хавар бид хоёр энэ аяллынхаа төлөвлөгөөг гаргасан байсан учраас долдугаар сарын 20-нд аялалд гарсан.

-Энэ зун нийт нутгаар хур бороо элбэгтэй байлаа. Зам харгуй хэр бартаа саадтай байв?

Н.ОРГИЛМАА: Баян-Өлгий хүртэл засмал замаар сайхан явсан. Цаашаа маш хүчтэй урсгалтай гол гаталсан. Ер нь шавар шавхай, намаг, элс, чулуутай замаар их явлаа. Миний хувьд хэдий 13 жил мотоцикл унасан ч чамгүй тэсвэр тэвчээр шаардсан зам туулж ирлээ.

Э.ЭРДЭНЭЧИМЭГ: Бид хоёр аяллын турш бүх төрлийн зам туулсан. Өдрийн, шөнийн зам болон шавар, гол ус, элс, хайрга гээд байж болох бүх замыг туулсан. Хэдий дэргэд минь багш найз маань байгаа ч зам өөрөө их зүйлийг сургасан. Замын бартаа болгоныг энд дурдах нь илүүц биз. Энэ зун Баян-Өлгий рүү гойд их хур бороотой жил байсан гэдгийг нутгийнхан нь хэлж байсан. Тиймээс голын ус туулахаас гадна уулын усны үер их байлаа.

-Моточин бүсгүйчүүд холын замд гарахын өмнө хэрхэн бэлтгэлээ хангав?     

Н.ОРГИЛМАА: Эхний ээлжинд ямар нэгэн асуудалгүй, хол зам туулаад ирэх чадвартай сайн мотоциклоо бэлдсэн. Мэдээж хамгаалалтын хэрэгслүүдээ сайн бэлдэх хэрэгтэй. Тэрнээс гадна хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайтар бэлдэх шаардлагатай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж