
Ерөнхий сайд С.Батболд Бүгд найрамдах Унгар
улсад хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд нийслэлийн удирдлагууд оролцоод
иржээ. Унгар улсын нийслэл Будапешт болон
Улаанбаатар хотын тухайд
сүүлийн арав гаруй
жилийн турш ах дүүгийн барилдлагаа сэргээн хөгжүүлээд байгаа
юм. Хотын дарга нарын төвшний
айлчлал өнгөрсөн жилүүдэд
тогтмолжсоны
дээр БНУУ-д тун саяхан албан ёсоор айлчилсан Монгол улсын
Ерөнхий сайд С. Батболдын яриа хэлэлцээрийн 60 гаруй хувь нь
Улаанбаатар хотын хөгжлийн асуудал, цаашлаад
хоёр
хотын харилцаа болон
хамтын ажиллагааны тухай байв. Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр
хотын удирдлага, 1973
онд тус улсын техник эдийн засгийн тусламжаар барьснаас хойш ямар нэгэн
шинэчлэл хийгдээгүй байгаа Био үйлдвэрийн асуудлыг
шийдэх болон үйлдвэрийн мэргэжлийн ажилтнуудыг давтан сургах, “Сонгино” тосгоныг
хөгжүүлэх зэрэгт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Будапешт хотын
дарга Демски Габор монголд элэгтэй нэгэн бөгөөд манай нийслэлд “Монголын
тал нутаг”, “Дахин төрсөн Будапешт” зэрэг гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм . Таван жилийн өмнө монголын
тал нутагт айлчилж, Улаанбаатар хэмээх их хотыг нүдээр
харж, хүмүүсийнх нь зочломтгой занг
мэдэрсэн нь
өнөөг хүртэл зүрх сэтгэлд нь хоногшин
үлдсэн гэдгээ Будапешт хотын дарга Демски Габор дахин дахин хэлж байлаа. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хэлэхдээ “Хотуудын хооронд тулгамдсан асуудлаа
ярилцаж, мөн гарах гарцын талаар туршлага судлах нь сайхан хэрэг.
Энэ удаад бид хамтын ажиллагааны талаар ярилцахаас гадна тодорхой
асуудлыг ч сонирхож байна” гэсэн юм. Тухайлбал хоёр нийслэлийн нийтийн
тээвэрт бэрхшээл
тулгамдаж
буйг хэн хэн нь
нуугаагүй. Будапешт хотын нийтийн тээврийн байгууллагын үйл
ажиллагаатай танилцах хүсэлтэй байгаагаа ч хотын мээр хэлж байв. Ноён Габор уг хүсэлтийг ёсоор болгосныг энд
дурдах хэрэгтэй. Будапешт хот хэдий хүн ам ихтэй, хөгжлөөр сайн
хотуудын
тоонд багтдаг ч нийтийн тээвэр,
дулааны шугам сүлжээ, цаашлаад хот төлөвлөлтийн тухайд өнгөрсөн
хугцаанд алдаатай бодлого барьж байсан гэдгээ илэн далангүй хэлж байв. Тухайлбал
15 жилийн өмнө 1500 орчим автобусаар нийтийн тээврийн үйлчилгээнийхээ
паркийг шинэчилсэн. Одоо тэдгээр
автобус бүгд “мораль”-ийн
элэгдэлд орсон. Дахин шинэчлэх хэрэгтэй байгаагаа хэлж байсан.
Энэ
удаад будапештчууд нийтийн тээвэртээ тэсрэлт
гаргахаар шийдэж дөрөв дэхь
шинэ метрогоо байгуулж эхэлсэн юм байна. Өмнө
байгуулсан гурван шугам бүхий метрогоо халахгүй ч Дунай мөрний доогуур гарах дээд зэрэглэлийн метроны шугам байгуулж байгаа, түүнчлэн газар доорхи инженерийн
байгууламж толгойн өвчин болоод байгаа, өмнөх
төлөвлөлт
нь
хэт цөөн хүн амтай
байхаар тооцсон
учир төвлөрөл илт нэмэгдэж байгаа энэ
үед асуудал дор дороосоо
ундарч байгааг ноён Габор хэлж
байлаа гэж нийслэлийн хэвлэлийн албаныхан Будапешт хотоос мэдээллээ.
Д.Цээнэ