Венесуэл улсын нийслэл Каракас хотын дарга Дарио Вивас шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Энэ талаар тус улсын Ерөнхий прокурор Тарек Вильям Сааб твиттер хуудастаа жиргэсэн байна. Өдгөө 70 настай хотын дарга өнгөрсөн долдугаар сард коронавирусийн халдвар авчээ. Тус улсын ерөнхий прокурор твиттер хуудастаа "Эх орон, ард түмнээ хамгаалах ариун үйлсэд 1980-аад онд хамтран зүтгэж явсан Дарио Вивас таалал төгссөнд гүнээ харуусч байна" хэмээн жиргэсэн байна.
Мөн өнгөрсөн долдугаар сард Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Луис Парра цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Түүний биеийн байдал дээрдсэн бөгөөд хоёр удаа шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна.
Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар дэлхийд 21 сая хүн шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилж, 750 мянга гаруй нь амиа алдаж, 12.8 сая хүн эдгэжээ. Венесуэл улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын нийт 29 мянган тохиолдол бүртгэгдэж, 247 хүн нас барсан байна.
Эх сурвалж: KUBAN, TASS
Б.ЖАРГАЛ