Цар тахлыг дарах вакцин түрүүлж боловсруулахын төлөөх өрсөлдөөн ширүүсч буй энэ цаг үед ОХУ дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд коронавирусийн эсрэг вакцин гарган авсныг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин зарлаад байгаа билээ. Гэхдээ маш богино хугацаанд олон чухал туршилтын үе шатуудыг алгасан гаргасан уг вакцинд олон улс эргэлзэж багйаа юм.
Тэгвэл тус улсын эмч нарын талаас илүү хувь нь энэхүү вакцинд эргэлзэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. ОХУ-ын эрх баригчид вакцины эхний багцыг эмч, эмнэлгийн ажилтнуудад хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа ба нийт 3,000 гаруй эмчийг судалгаанд хамруулахад тэдний 52 хувь уг вакциныг хийлгэхээс татгалзаж, 24,5 хувь нь вакцин хийлгэхийг зөвшөөрсөн байна.
Харин яагаад энэ вакциныг хийлгэхээс татгалзсан шалтгааныг асуухад:
- 66 хувь нь энэ вакцин үр дүнтэй эсэхийг нотлох хангалттай нотолгоо байхгүй
- 48 хувь нь маш богино хугацаанд боловсруулсан учир эргэлзээ төрүүлж байна
- 20 хувь нь вакциныг өвчтөнүүд, хамт олон эсвэл найз нөхөд, танилууддаа санал болгоно хэмээн хариулжээ.
Тус улс нь дээрх вакциныг наймдугаар сардаа багтааж олноор үйлдвэрлэж, нэн тэргүүнд халдварын голомтод нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хийнэ хэмээн мэдэгдээд байгаа юм.
ОХУ-ын зарим эмч, мэргэжилтнүүд ч уг вакцины туршилтын шатыг гүйцээж, үр дүнг нь сайтар судалсны дараа баталгаажуулах нь зүйтээ гэсэн байр суурийг баримталж байгаа аж.
Эх сурвалж: ZNAK.COM
Холбоотой мэдээ