Монгол Үндэсний олимпийн хороо/МҮОХ/ өнгөрөгч долоо хоногт ээлжит бус хурлаа зохион байгуулж ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн МҮОХ-ны хуралд 77 олимпийн болон олимпийн бус спорт холбоодын 123 гишүүн оролцож, саналаа өгчээ. МҮОХ-ны тав дахь ерөнхийлөгчөөр МУГТ, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар тодорч, асар их үүрэг хариуцлагыг эзэн болов. Ялангуяа олимп ойртсон энэ үед МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг их хариуцлага үүрч байгаагийн хэрэг.
Ард түмэн түүнийг агуу тамирчин гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн бол одоо харин хэр сайн удирдагч вэ гэдгийг нь дүгнэх цаг ирж байна.
2008 оны Бээжингийн олимпод хос алтан медаль хүртснээс хойш хоёр олимпийн наадам дараалан Монголчууд алтан медалийн бараа харсангүй. Анх 1964 оны Токиогийн олимпийн наадамд оролцсоноос хойш 44 жилийн дараа анхны алтан медальтайгаа золгосон Монгол улс одоо дахин алтан медалиар цангаж байна. Бид дараа жил эхэлсэн цэгтээ эргэн очно. 1964 оны Токиогийн олимпийн наадамд дөрвөн спортын төрлөөр 21 тамирчнаа илгээж байсан бол ирэх жил илүү өргөн бүрэлдэхүүнээр илүү том амбицтай оролцох хэрэгтэй. Харин энэ бүгдэд шинэхэн ерөнхийлөгч Н.Түвшинбаяр маш сайн байгуулалттай, баг тамирчдаа бэлтгэн оролцуулах шаардлагатай байна.
Түүний ажлынхаа эхний дүнг тавиулах үүрэгт ажил олимп байх болно.
Та бүхэндээ Н.Түвшинбаярын МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн мөрийн хөтөлбөрийг хүргэе.
Бүтээлч, нээлттэй, хамтын удирдлага гэх уриатай МҮОХ-ны үндсэн 4 зорилт:
- Хамтын удирдлагатай, нээлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтийн байгууллага байна.
- Токио-2020 олимпийн наадамд өндөр түвшинд оролцох
- Монгол Улсын нөлөө оролцоог, олон улсын спортын ертөнцөд нэмэгдүүлэх
- Монгол Улсад зохиогдох спортын наадмуудын зохион байгуулалтад бодлого, үйл ажиллагаанд манлайлан оролцоно
Харин үндсэн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэх таван суурь зарчим нь:
- Тамирчдад ээлтэй
- Мэргэжлийн
- Чадавхтай
- Тогтвортой
- Ил тод гэжээ.
Энэ дундаас Токио-2020 олимпийн наадамд өндөр түвшинд оролцох гэх зорилтыг нь тодруубал,
- Өмнөх олимпийн наадмуудад гаргасан амжилтыг бататгах, ахиулахад онцгой анхаарч, судалгаа шинжилгээнд үндэслэн, богино хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
- Штабын ашигт ажиллагаа – Монголын Үндэсний олимпийн хорооны штабыг оновчтой менежменттэй, уян, шуурхай, шинжлэх ухаанч, инновацийн шийдэлтэйгээр ажиллуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
2008 оны Бээжингийн олимпийн наадамд спортын долоон төрөлд 29 тамирчнаа илгээсэн Монгол улс ихэр алтан медальтай, ихэр мөнгөн медальтай ирж түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа гаргаж байсан бол 2012 оны Лондонгийн олимпийн наадамд хос мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртэж түүхэндээ байгаагүй олон медалийг будант Албионоос эх орондоо авчирсан. Гэвч сүүлийн 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадамд спортын есөн төрөлд 43 тамирчнаа илгээж 1980 оны Москвагийн олимпоос хойшхи хамгийн өргөн бүрэлдэхүүнээрээ оролцсон боловч өмнөх хоёр олимпийнхоо амжилтыг бататгаж чадаагүй. Ямартай ч шинэ ерөнхийлөгчид нэг жилийн тун давчуу хугацаа олгогдож байгаа ч бүхий л боломж бололцоогоо дайлчлан ажиллах хэрэгтэй.
Нэгэнт л Монголын спортын толгой байгууллагыг удирдах болсон хүний хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд өнөөгийн Монголын спортод тулгамдаж буй асуудал, зөрчлүүдийг даруй засч залруулах хэрэгтэй.
Та бүхэндээ Н.Түвшинбаярын мөрийн хөтөлбөрийн “Удирдлагын оновчтой менежментийг хэрэгжүүлэх” гэх үндсэн зарчмыг дэлгэрүүлэн хүргэе.
- Олон улсын олимпийн хорооны холбогдох дүрэм журам, зөвлөмжийг (Харти) дагаж мөрдөх
- Спорт холбоодыг нэгдсэн бодлого, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж үйл ажиллагааг нь уялдуулж, дэмжиж ажиллана.
- Биеийн тамир спортын салбарын хуулийг боловсронгуй болгох сайжруулах чиглэлд идэвхитэй ажиллана.
- Төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд зохих байгууллагатай хамтран ажиллах гэжээ.
Монголын спортын салбар улс төртэй холбогдоод удлаа. Угтаа олимпийн хартид үндэсний спортын хороо нь бие даасан байдлаа бүрэн хангаж, улс төр, хууль эрх зүй, шашин бизнесээс ангид байх ёстой гэж цагаан цаасан дээр хараар тод томруун биччихсэн байгаа. Гэвч УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд МҮОХ-нд гишүүнээр элссэн спортын холбоодын удирдах зөвлөлд ажиллах, тамирчдыг өөрийн хувийн ашиг сонирхолдоо ашиглах гэх зэрэг олон байдлаар олимпийн хартиг зөрчдөг. Үүнийг болиулж, олимпийн хартиг даган мөрдөх шаардлагатай байна. Хэрэв олимпийн хартиг ноцтой зөрчвөл олимпийн наадамд оролцох эрхээ түр хугацаанд хасуулах аюултай гэдгийг тодотгосон юм.
Дээрх мөрийн хөтөлбөрт спорт холбоодыг нэгдсэн нэг бодлоготой болгоно гэж байгаа. Монголд хоёр холбоотой спортын төрлүүд цөөнгүй бий. Хамгийн тод жишээ нь сагсан бөмбөг.
Өндөр ур чадвартай, дэлхийд биш юм аа гэхэд Азидаа толгой цохих бүрэлдэхүүнтэй Монгол сагсан бөмбөг хамгийн азгүй он цаг үеэ өнгөрөөж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт Б.Тамир тэргүүнтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо бүртгэлтэй байдаг ч FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй, Б.Дамба ерөнхий нарийн бичгийн даргатай Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо бүртгэлтэй байдаг аж. Монголын үндэсний олимпийн хороо ч дүрмэнд заасныхаа дагуу олон улсын холбоондоо бүртгэлтэй холбоог гишүүнээрээ элсүүлжээ. Гэвч улсаас төсөвлөгдсөн бүхий л мөнгө санхүү Б.Тамир тэргүүнтэй Монголын сагсан бөмбөгийн холбоонд очдог гэнэ. Сүүлийн жилүүдэд 3х3 сагсан бөмбөг манай оронд эрчимтэй хөгжиж багийн спортоор тэр дундаа сагсан бөмбөгөөр олон улсад өрсөлдөх боломжтой гэдгийг манай залуус хангалттай харуулж байна. Тиймээс Н.Түвшинбаяр ерөнхийлөгч хоёр холбоотой спортын төрлүүдийг асуудлыг цэгцлэх үүрэгтэй. Мөн Монголын спортын түүхэн гэрэл зураг, бичиг баримт бүхий архив шатсан хэрэг гарсан тухай спортынхон ярьж байлаа. Үнэхээр тийм бол Н.Түвшинбаяр ерөнхийлөгч энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч холбогдох байгууллагуудтай холбогдон, сан хөмрөгийг эргэн сэргээх, хамгаалах, арвижуулах тал дээр санал бодлоо илэрхийлж, дугарах хэрэгтэй.
Монголын үндэсний олимпийн хороо бол дэргэдээ допингийн эсрэг үндэсний төвтэй том байгууллага. Гэвч хэн ч, аль ч байгууллага, холбоо энэ допингийн эсрэг үндэсний төвийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөггүй гэж хэлж болно. Ямар сайндаа наадмын шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхчүүдийнхээ допингийн шинжилгээг БНСУ руу явуулах вэ дээ. Угтаа WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүнчлэлтэй, хараат бус бие даасан олон улсын харьяа байгууллага л даа. Даанч авлига, хээл хахуулийн уурхай гээд хүмүүс хандахаа больсон үйл ажиллагаа нь хэвийн явагддаг эсэх нь мэдэгдэхгүй байгууллага болж дээ. МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл энэ байгууллага дээрээ анхаарал тавьж, амь оруулах цаг болсон.
Н.ТҮВШИНБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
ОВОГ НЭР:
– Шарагчин овогт Найдангийн Түвшинбаяр
ХЭЗЭЭ, ХААНА ТӨРСӨН:
– 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
– 1992-2002 онд Булган аймгийн арван жилийн 2-р дунд сургуулийг дүүргэсэн
– 2002-2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн
– 2007-2011 онд ШУТИС-д Цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн
– 2018 оноос Үндэсний тагнуулын академид суралцаж байгаа
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
– 2006 оноос Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин
– 2010 оноос “Түвшинсан” сангийн Удирдах зөвлөлийн дарга
– 2017 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
ГАВЬЯА ШАГНАЛ:
– 2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
– 2017 онд Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон
СПОРТЫН АМЖИЛТ:
– 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
– 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
– 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
– 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль
– 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
– 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
– 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль
– 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль
– 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль
– 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль
– 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
– 2014 онд Азийн наадмаас алтан медаль
– 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль
– 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль
– 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
– 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
– 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль
– 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
– 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.
Н.ТҮВШИНБАЯРТАЙ ГАР НИЙЛЭХ Ч.НАРАНБААТАР
МҮОХ шинэ ерөнхийлөгчөөс гадна шинэ дэд ерөнхийлөгчтэй болсон. Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Биеийн тамир спортын хороо, Биеийн тамир, спортын газраар даргаар ажиллаж байсан Ч.Наранбаатар нийт хуралд оролцсон гишүүдийн 67 буюу 50.7 хувийн саналыг авч дэд ерөнхийлөгч болсон.
Та бүхэндээ түүний мөрийн хөтөлбөрөөс танилцуулъя.
- Токио-2020 зуны спортын наадамд оролцох тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлэхэд анхаарч шуурхай ажиллах;
- МҮОХ-ноос Биеийн тамир, спорт асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцан туслах талаар хийж буй ажлыг шинэ шатанд гаргах;
- Спортын холбоодын сургалт, бэлтгэл, тэмцээн явуулах "Олимп бэлтгэлийн иж бүрэн цогцолбор" байгуулах санаачилгыг дэмжих ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн дагуу барих ажлыг зохион байгуулах;
- Жил бүр МҮОХ, аймаг дүүргийн олимпийн зөвлөл, олимпийн танхимтай хамтран олон улсын "Олимпийн өдөр"-ийг угта Олимпийн Харти, Олимпийн хөдөлгөөн, МҮОХ-ны үйл ажиллагааг сурталчилах сарын аяныг зохион байгуулах;
- Монголын Үндэсний олимпийн хөдөлгөөнийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг жил бүр хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах;
Ерөнхийдөө мөрийн хөтөлбөр нь ерөнхийлөгчтэйгээ адилхан. Удирдлага менежмент тал дээрээ туршлагатай нэгэн.
ОВОГ, НЭР:
– Чойжгаваагийн Наранбаатар
ТӨРСӨН ОГНОО:
– 1954 оны 12 дугаар сарын 27 нд төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
– Нийслэлийн 5-р дунд сургууль
– Монгол улсын багшийн их сургууль
– Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
– 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
– 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
– 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
– Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
– 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
– 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.
ГАВЬЯА ШАГНАЛ:
– 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
– 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
– 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
– 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
– 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч
Ард түмнийхээ төлөө эвлэлдэн нэгдэж, баг тамирчид, дасгалжуулагчдаа хичээнгүйлэн дэмжиж, олон олон гайхалтай амжилт гаргах болтугай гэж МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ нийт спортын хорхойтнууд, иргэдийнхээ өмнөөс ерөөж байна. Токио-2020 олимпийн наадамд нээлтээ хийхэд 339 өдөр үлдлээ.
Холбоотой мэдээ