Хиймэл дагуулаас авсан зургаас харахад сүүлийн үед БНАСАУ-д болж байгаа үер улсын төв цөмийн байгууламжийн насос байшингуудыг гэмтээсэн байж болзошгүй байна хэмээн АНУ-ын хэвлэл мэдэгджээ. Ажиглагчдын хэлж буйгаар наймдугаар сарын 6-11-ий хооронд хиймэл дагуулаас авсан зургаас үзэхэд ЁнБён цөмийн шинжлэх ухааны судалгааны төвийн цөмийн реакторын хөргөх систем цаг агаарын эрс тэс нөхцөлд хэр тэсвэргүй, эмзэг болох нь харагдаж байна гэжээ.
Сүүлийн үед Солонгосын хойгт түүхэнд байгаагүй олон хоног үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас үер болж, хөрс нурж, өмнөд, умард хоёр Солонгост их хэмжээний хохирол учирч буй билээ.
Күрюн голын эрэг дээр буюу нийслэл Пёньян хотоос умард зүгт 100 км-т байдаг Ёнбёнд олон тооны цөмийн реактор байдаг бөгөөд энэ нь тус улсын цөмийн зэвсгийн программтай салшгүй холбоотой гэгддэг аж. Тэдгээрийн дундаас цөмийн зэвсгийн үйлдвэрлэлд ашиглагддаг гэх таван мегаваттын реактор хэсэг хугацаанд ажиллаагүй байна. Мөн өөр нэг реактор буй нь хараахан ажиллаж эхлээгүй байгаа боловч үерийн болзошгүй аюулыг тооцож реакторуудыг хүчээр унтрааж магадгүй гэнэ.
Умард солонгосын удирдлагууд үерийн гамшигт өртсөн нутгуудаар явж, хохирсон иргэдэд тусламж үзүүлэхээс гадна ургацаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгснөө мэдээлсэн ч цөмийн реакторуудын талаар огт дуугарсангүй. БНСУ ч мөн адил дээрх асуудлын талаар тайлбар хийгээгүй ч БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой бүх зүйлийг хянаж байгаа бөгөөд бүх мэдээллээ АНУ-тай хуваалцан хамтарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ