Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улс, аймгийн цолтой 224 бөх барилдсанаас улсын харцага Ө.Даваабаатар түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэлээ. Их шөвөгт улсын арслан Э.Оюунболд, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үлдэв. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар тавын даваанд улсын аварга С.Мөнхбатыг давсан юм.
Монголын үндэсний бөхийн холбоо, “Жем интэрнэшнл” групп хамтран зохион байгуулдаг Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, гарьд Д.Рагчаа, заан Д.Баасандорж, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.
Хүндэтгэлийн барилдааныг Ч.Өвгөнхүү, Д.Сэрээтэр, Ц.Юүвээ, О.Бахыт, Ж.Бор, Г.Намсрайжав, Ж.Намжилдорж, Г.Элбэг, Э.Батбаатар нарын харцагууд үзэж сонирхжээ.
Ч.БОЛОР