ОХУ шинэ төрлийн коронавирусийн вакциныг дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд гарган авснаа зарлаж, уг вакциныг 20 гаруй улс орон худалдаж авахаар болсон тухай мэдээлээд байгаа билээ. Тэгвэл тус улс нь өөрсдийн бүтээсэн вакцинаа АНУ-д нийлүүлэхийг санал болгосон ч АНУ энэ саналаас татгалзсан байна.
Энэ талаар Оросын талын албаны хүн “АНУ одоогоор Оросын анагаах ухааны хүчин чадлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байгаа бололтой. Ерөнхийдөө Америкийн талд Орост итгэх итгэл сул байгаа учир бидний бүтээсэн вакцин, эм эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхгүй нь тодорхой боллоо” хэмээн мэдээлжээ.
Харин АНУ-ын нэгэн албан тушаалтан “Оросын вакциныг бид хүн дээр байтугай сармагчин дээр ч туршихгүй” хэмээн ярьсан байна. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйли Макэнанигийн хэлснээр Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын шинэ вакцины тухай мэдээлэлтэй танилцсан, гэхдээ АНУ-ын өөрсдийн бүтээж буй вакцин илүү өндөр стандарттай хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын бүтээсэн вакцин нь маш богино хугацаанд боловсруулсан нь олон улсад эргэлзээ төрүүлж буй юм. Харин Оросын талаас ийнхүү болгино хугацаанд вакцин бүтээсэн нь өмнө нь эбола, MERS зэрэг вирусийн гаралтай халдварт өвчнүүдийн үед ашиглаж байсан эм, эмчилгээний аргуудын олон жилийн судалгаанд суурилан бүтээсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ