Уурхайнууд сул зогслоо

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Уурхайнууд сул зогслоо

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компанийн тоноглолуудыг шинэчлэх ажлын хүрээнд өнөөдөр Багануур дүүрэг болон зүүн аймгуудын цахилгааныг түр хугацаагаар хязгаарлаж байгаа ажээ. Өглөөний зургаан цагаас эхэлсэн хязгаарлалт 20 цаг хүртэл үргэлжлэх ажээ. Энэ талаар бид Төвийн бүсийн цахилгаан дамжуулах төвийн диспетчер инженер Л.Энхжаргал, инженерийн албаны дарга Н.Чинбат нараас тодрууллаа.

-Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй  төслийн дагуу 220/110/ 35 кв-ын Улаанбаатар дэд станцын барилга, угсралт 220 кв-ын ил хуваарилах байгууламжийг өргөтгөж байна. Өргөтгөлийн хүрээнд газар шорооны болон тоног төхөөрөмжийн суурийг цутгах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлсэн. Өнөөдрийн хувьд  дэд станцын 220 кв-ын өргөтгөл, шинэчлэлтийг хийх тул Багануур дүүрэг болон  Зүүн бүсийн аймгуудын цахилгааныг түр хугацаагаар хязгаарлаж байна. Өглөөний зургаан цагаас 20 цагийн хооронд цахилгааныг таслахаар нийтэд мэдэгдээд байгаа ч өдрийн 15,00 цаг гэхэд дуусгахаар ажиллаж байна.

– Зүүн бүсийн аймгуудад аль аль аймаг багтаж байгаа вэ. Цахилгааны хязгаарлалтын үеэр үйлдвэр аж ахуйн газрууд тухайлбал Багануурын уурхай сул зогсож байгаа юу?

-Зүүн бүсэд Багануур дүүргээс гадна Хэнтий, Дорноговь, Дундговь аймгийн зарим сумд  багтдаг. Эдгээр аймгуудад Багануурын уурхайгаас гадна Бор-Өндөр, Шивээ-Овоогийн уурхай зэрэг томоохон хэрэглэгчид бий. Эдгээр газруудад бид долоо хоногийн өмнөөс мэдэгдэл өгсөн. Өмнө нь нэг удаа бас хязгаарлалт хийж байсан. Шведийн буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж буй ач холбогдол өндөртэй ажил тул холбогдох газрууд ойлгож байгаа.

-Улаанбаатар хотод цахилгааны хязгаарлалт хийж буй газар бий юү. Нийслэлийн зарим газарт цахилгаан доголддог байдал хэзээ засрах бол?

-Шведийн олон улсын хөгжлийн агентлаг болон бусад газрын хөрөнгө санхүүгийн дэмжлэгээр цахилгаан дамжуулах шугам, сүлжээнд өргөн хэмжээний шинэчлэл өргөтгөл хийж байгаа. Хөдөө орон нутагт төдийгүй нийслэлд ч өргөтгөл хийсэн болохоор цахилгааны тасалдал багасна.

Д.Цээнэ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж