Агаарын бохирдлын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.24-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын талаар хэлэлцэнэ

Улсын Их Хурлын Даргын ивээл дор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнийг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, Шангри-Ла олон улсын зочид буудлын их танхимд зохион байгуулах гэж байна.   

        Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагчдын нийтдээ 160 гаруй төлөөлөгчид оролцож байна.

       Тэд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, түүн дотроо ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд  хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг хэлэлцэх болно.

       Энэхүү олон улсын зөвлөгөөний хамгийн гол үр дүн бол нотолгооноос үйл ажиллагаа руу шилжих буюу нэгэнт гаргасан судалгааны үр дүнд тулгуурлан цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга зам, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх амьдралд хэрэгжиж болохуйц зөвлөмжийг олон нийт ард иргэдэд, шийдвэр гаргагчдад хүргэх явдал юм.

      Түүнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Цэвэр агаар-Эрүүл ирээдүй” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагналыг гардуулах бөгөөд агаарын бохирдлын талаарх хүүхдүүдийн дуу хоолойг сонсч, тэдний уран сэтгэмжээр илэрхийлэгдсэн зургийн үзэсгэлэнг үзэх болно.

      Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр тэдний 3,1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байна.

      Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөл болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8%, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1%-аар тус тус нэмэгдсэн байгаа юм.

      Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн  харагдахгүй байна.

      Агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээс харахад сүүлийн хоёр жилд өвлийн улиралд агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан төлөв ажиглагдсан нь ч тэдгээр бохирдуулагчид бодисын Монгол Улсын агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан үзүүлэлт бүхий өдрүүдийн тоо төдийлөн буураагүй байгаа юм.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж