Дэлхийн эдийн засагт хэдэн арван жилийн турш ноёрхсон америк долларын хаанчлалын төгсгөл айсуй. ХХ зууны дунд үеэс эхлэн олон улсын санхүүгийн системийн титан болтлоо “дархлагдсан” энэхүү мөнгөний нэгжийн эрин үе аажмаар дуусахад нөлөөлж буй хүчин зүйлс эдийн засагчдын анхаарлыг татаж буй юм.
Дэлхийн томоохон банкуудын шинжээчид ирэх жилээс ам.долларын эрэлт огцом буурна гэсэн таамаглал дэвшүүлж байна.
Нэрт эдийн засагч Стивен Роач Америкийн мөнгөн тэмдэгтийн ханш ирэх жилээс 30-35 хувиар суларна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өрхийн хадгаламжийн бууралт, АНУ-ын засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдэх, Хятад улс улам бэхжих зэрэг нь “хямрал”-ын гол шалтгаанаар нэрлэгдэж байгаа аж.
Герман хэлний “Thaler” буюу хөндий гэсэн үгнээс гаралтай энэхүү мөнгөний нэгжийг итгэл найдвар, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл гэж үздэг.
"Валютын дайн" (2011), "Мөнгөний төгсгөл" (2014) номуудын автор, АНУ-ын эдийн засагч, банк санхүүгийн шинжээч, зөвлөгч Жеймс Рикардс зургаан жилийн өмнө буюу 2014 онд “RT” телевизэд ярилцлага өгөхдөө өнөөгийн мөнгөний систем ойрын ирээдүйд нуран унана хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн нь бий. Тэрбээр ярилцлагадаа "Хятад гурван триллион доллартай. Гэвч тэд аль болох яаравчлан алт худалдан авч байна шүү дээ. Хятадууд АНУ ханш уналтаар дамжуулан доллараа үнэгүйдүүлэх нь хэмээн санаа зовж байгаа юм. Иймд тэд долларын ханш унасан тохиолдолд, ханш уналтаас үүдэх хохирлоос зайлахыг хүсч байна" хэмээн хэлжээ.
Мөн тэрбээр “Оросын рубль дэлхийн валютын нөөц болно гэх ойрын ямар ч төлөв байхгүй. Гэхдээ энэ нь бүс нутгийн валютын нөөц байж болох юм” гэж хэлсэн байна. Тухайн онд Хятад, Орос улсууд дэлхийн хамгийн хурдан өсөж буй эдийн засгийг 30 жил хийгээр хангах 400 тэрбум ам.долларын түүхэн гэрээ байгуулсан нь дэлхийн валютын нөөц болох ногоон мөнгөний хаанчлалыг үгүй хийх үйл явцыг түргэтгэжээ.
2002 онд Америкийн мөнгөн тэмдэгт сулрах хандлага урт хугацаанд ажиглагдаж байжээ.
Оросын Төв банк ба Холбооны гаалийн албаны дүн мэдээгээр, сүүлийн хэдхэн жилийн дотор ОХУ болон БНХАУ хоёр талын худалдааны төлбөр тооцоонд долларыг ашиглахаа эрс багасгажээ. Өөрөөр хэлбэл, АНУ, Хятадын хооронд худалдааны дайн дэгдсэнээс хойш Москва, Бээжин хоёр америк доллароос татгалзах хүчин чармайлтаа нэгтгэсэн.
2014 онд Орос, Хятад хоёр 150 тэрбум юанийн (24,5 тэрбум доллар) своп хэлцлийг гурван жилийн хугацаатай байгуулж, улмаар 2017 онд дахин гурван жилээр сунгажээ.
Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал А.Маслов “Nikkei Asian Review”-д ярилцлага өгөхдөө “Доллароос татгалзах Орос, Хятадын нэгдсэн бодлого нь “эргэлтийн үе”-дээ орсон бөгөөд тус хоёр улс санхүүгийн холбоо байгуулж магадгүй” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр “Орос улс АНУ-ын талаар Хятадыг бодвол илүү шийдвэртэй байр суурь баримталж байна. Тэмцэлд дасан зохицсон Орос улс хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна. Санхүүгийн салбарт дэмжлэг үзүүлж байгаагаа харуулах нь илүү шийдмэг байр суурь баримтлах нь зүйтэй гэдгийг Хятадад ятган ойлгуулахын тулд Оросын хэрэглэж буй аргуудын нэг” гэжээ.
Өнгөрсөн онд Орос улс юанийн нөөцөө нэмэгдүүлэн долларын нөөцөө багасгасан байна. Оросын Төв банкнаас 2019 оны эхээр долларын активаа 101 тэрбумаар буюу 50 гаруй хувиар багасгасан тухай мэдэгдэж байв. Тус банк 44 тэрбум долларыг юань болгон хувиргаснаар валютын нөөц дэх юанийн эзлэх хэмжээ 5-15 хувь хүртэл өсч, Орос улс гадаад орнууд дахь юанийн нөөцийн ¼-ийг хуримтлуулсан байна.
Дорнод Хятадын боловсролын их сургуулийн Орос судлалын төвийн ажилтан Жан Син “Манай орос нөхөд хоригт өртсөн төдийгүй SWIFT системээс гарч магадгүй болоод байна. Үүнтэй адил нөхцөл байдалд орж магадгүй гэдгээ Хятадын төр болон томоохон бизнесийн байгууллагууд мэдэрч эхэлсэн” хэмээн ярьжээ.
Трампын засаг захиргаа Хятадын хэдэн зуун тэрбум долларын бараанд татвар ногдуулсны дараа доллароос татгалзах үйл явц эрс эрчимжсэн билээ.
Харвардын их сургуулийн эдийн засагч Жеффри Франкель “Хэдийгээр одоо долларт учрах аюул бага байгаа боловч өсөн нэмэгдсээр буй өрийн хэмжээ, хоригийн хэт хатуу бодлого нь урт хугацаандаа түүний давамгайллыг үгүй хийж магадгүй” гэж хэлжээ.
2020 оны эхний улиралд Орос, Хятад хоёр улсын нийт худалдааны бараа эргэлтэд доллароор хийсэн арилжааны хэлцлүүдийн эзлэх дүн анх удаагаа 50 хувиас доошилсон байна. Оны эхний улиралд хоёр улсын худалдааны нийт төлбөр тооцооны 46 хувийг доллароор, еврогоор 30 хувийг нь, юань ба рублиэр 24 хувийг нь тус тус хийсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Үнэхээр сүүлийн үед ам.долларын рейтинг тийм ч сайнгүй байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард Америкийн валютын хувьд маш “хэцүү” сар болж хувирсан байна.
Ердөө нэг сарын хугацаанд доллар фунтын эсрэг зургаан хувь, еврогийн эсрэг таван хувь, Швейцарийн франк болон Австралийн долларын эсрэг дөрвөн хувиар тус тус суларчээ.
Эдийн засагчид Америкийн мөнгөн тэмдэгт жил ирэх тусам “үнэгүйдэж” байгаа асуудлыг нухацтай авч үзсээр байгаа аж. Долларын ханш буурахад олон дотоод шалтгаан нөлөөлж буйгаас ихэнх нь Америкийн эдийн засагт олон жилийн турш хуримтлагдсан тэгш бус байдлаас үүджээ. “Covid-19” цар тахал нь удаан хугацааны туршид тулгарч байсан бэрхшээлийг ил болгосон гэхэд болно. Ялангуяа АНУ-ын төсвийн алдагдал нэмэгдэж, уналт, дефляци үүсэх эрсдэл тулгарчээ.
Монголд 2020 оны эхний хагаст Гадаад валютын албан ханш 3.3 хувиар суларсан бөгөөд Монголбанкнаас валютын захад цэвэр дүнгээр 615.0 сая ам.доллар нийлүүлсэн байна. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.долларын своп хэлцэл байгуулан ажиллаж буй.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн мэдээлснээр, гадаад валютын улсын нөөц 2020 оны зургадугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны импортын есөн сарын хэрэгцээг хангах түвшинд байна.
Ковид-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын байгууллагууд, донор улс орнуудаас 700-800 сая ам.долларын санхүүжилт 2020 онд орж ирэхээс эхнээсээ олгогдоод эхэлсэн билээ.
Эх сурвалж: АP, NIKKEI ASIAN REVIEW, MONGOLBANK
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ