НЭМЭЛТ: 16.30
МҮОХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль нийт гишүүдийн 74 хувийн ирцтэйгээр явагдлаа. МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ч.Наранбаатар нийт хуралд оролцсон гишүүдийн 67 буюу 50.7 хувийн саналаар ялалт байгуулж Монгол үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчөөр ажиллах болж байна.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Ж.Отгонцагаан өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм.
Н.ТҮВШИНБАЯР: ОЛИМПОД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХ НЬ НЭН ТЭРГҮҮНИЙ АЖИЛ
НЭМЭЛТ: 16.00
МҮОХ-ны хурал үргэлжилж байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Токиогийн олимпод амжилт гаргах нь нэр тэргүүний асуудал гэдгийг хурлын үеэр онцлов.
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН МУГТ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР:
-Юуны өмнө Монголын спортын томоохон байгууллага болох МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсондоо баяртай байна. Надад итгэл хүлээлгэсэн нийт гишүүддээ болон спортыг дэмжигч байгууллагууд, спортын хорхойтнууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Хаяанд ирээд буй Токио-2020 олимпийн наадамд амжилттай оролцох нь бидний нэн тэргүүний ажил болоод байна. Цар тахлын улмаас бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байгаа олимпийн эрх аваад буй тамирчдаа болон олимпийн эрх магадлалтай баг тамирчдаа тусгай вакум сургалтанд хамруулах тал дээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах болно.
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Н.ТҮВШИНБАЯР СОНГОГДЛОО
НЭМЭЛТ: 14.40 ЦАГ
МҮОХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль нийт гишүүдийн 74 хувийн ирцтэйгээр явагдлаа. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт хуралд оролцсон гишүүдийн 123 буюу 94.6 хувийн саналаар ялалт байгуулж Монгол үндэсний олимпийн хороог удирдахаар болж байна.
Мөн МҮОХ-нд шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ хүргүүлсэн Сквош теннисний холбоо болон Кёрлингийн холбоодын хүсэлтийг хүлээн авч гишүүнээр бүртгэсэн бол Каное, каяакийн холбооны гишүүнээр элсэх хүсэлтийг түтгэлзүүллээ. Мөн МҮОХ-нд холбоодоо төлөөлөх гишүүдийг солилоо.
- Хоккейн холбооны гишүүн Д.Даваасамбуугийн оронд Б.Жавхлан
- Жүдо бөхийн холбооны гишүүн Х.Баттулгын оронд Б.Ууганбаатар
- Хөлбөмбөгийн холбооны гишүүн Ө.Шижирийн оронд Д.Тэрбаатар нар тус тус сонгогджээ.
Шинээр МҮОХ-ны гишүүнээр элсч буй гишүүд:
- Кёрлингийн холбоо Г.Ганбаяр, Г.Ганчулуун, Г.Эрдэнэтулга
- Бүжгийн спортын холбоо Д.Болд, Г.Мөнхцэцэг
МҮОХ-НЫ 2020 ОНЫ ЗАРЛАГА 992.9 САЯ ТӨГРӨГ
НЭМЭЛТ: 11.40 ЦАГ
Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна. МҮОХ-ны ээлжит бус хурлаар МҮОХ-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайлан , төсөв төлөвлөгөө, МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсөв батлах, МҮОХ-ны хянан шалгах хорооны зөвлөлийн тайлан, МҮОХ-нд шинээр гишүүнээр элсэх спортын холбоод болон гишүүнчлэлээс нь түтгэлзүүлэх холбоодын талаар хэлэлцэж байна. МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны зарлагад 992.9 сая төгрөг төсөвлөгджээ. Үүнд,
- Олимпийн боловсрол, спорт холбоод сургалт сурталчилгаа – 50.5 сая төгрөг
- Гадаад харилцаа наадмууд – 12.517 ам.доллар буюу 35.4 сая төгрөг
- Хэрэгжүүлэх хөтөлбөр – 152,034 ам.доллар буюу 430.2 сая төгрөг
- Захиргаа аж ахуй – 476.8 сая төгрөг
Мөн МҮОХ-нд Г.Ганбаяр даргатай Кёрлингийн холбоо /2011 онд байгуулагдсан/, С.Энхтуяа тэргүүтэй Каное, каяакийн холбоо /2018 онд байгуулагдсан/, О.Алтантогоо удирдлагатай Сквош теннисний холбоо /2010 онд байгуулагдсан/ тус тус холбоод шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ хүргүүлжээ.
МҮОХ-НЫ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
НЭМЭЛТ: 10.40 ЦАГ
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ээлжит бус хурал өнөөдөр 10:40 минутанд Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Энэ удаагийн ээлжит бус хурлаар Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль болон бусад ажлуудыг хэлэлцэх юм.
ОЛИМПИЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН ӨНӨӨДӨР СОНГОГДОНО
Өмнө нь хоёр ч удаа хойшлогдоод байсан Монголын үндэсний олимпийн хороо /MҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр /2020.08.14/ 10.00 цагт зохион байгуулагдана. Энэхүү ээлжит бус хурлаар Монгол үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн ажил болон бусад ажлуудыг хэлэлцэх юм. Тодруулбал, тус хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгоно. 2019 онд Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш түүний үүргийг тус хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр гүйцэтгэж байсан юм. Тэгвэл энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр ганцаараа өрсөлдөж байна.
Монголын үндэсний олимпийн хорооны дүрмийн 14.4.5-д “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нийт саналын 50-иас дээш хувийг авсан тохиолдолд сонгогдсонд тооцно” хэмээжээ.
Харин МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн сонгуульд дараах хүмүүс нэр дэвшиж байна.
Цэвэгмидийн БАТ-ЭНХ – 1995-2018 онуудын хооронд Монголын Воллейболын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. Одоогоор Улаанбаатар спорт менежмент ХК-ны Ерөнхий зохион байгуулалтын газрын захирал, “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын Гүйцэтгэх хорооны Наадам хариуцсан захирлын үүргийг гүйцэтгэж байна.
Чойжгаваагийн НАРАНБААТАР – 2005-2012 онуудын хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Монгол улсын гавьяат дасгалжуулагч.
Жүгдэрийн ОТГОНЦАГААН – 2004-2017 онуудын хооронд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан. 2017 оноос эхлэн МҮОХ-ны зөвлөхийн үүргийг гүйтэтгэж байна. 1992 оноос хойш Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн.
Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР – 1980-1997 онуудад Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бол 2011 оноос эхлэн Монголын Рагбийн Холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй Монгол улсын гавьяат дасгалжуулагч.
Холбоотой мэдээ