АНХААР: Хурдыг үхэл отдог

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

АНХААР: Хурдыг үхэл отдог

АНХААР: Хурдыг үхэл отдог

"Нэг сэрэхэд л эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Урдаас гэнэт машин гараад ирсэн. Юу болсныг санахгүй байна". Ослын улмаас эмнэлэгт хүргэгдэхдээ ихэнх нь цагдаа нарт ингэж хэлдэг. Гэвч, тэдний хэд нь тэр ослыг санахгүйгээр зуурдаар амиа алддагийг хэлэхэд хэцүү.  Хэд нь ослоос амьд гарсан ч насаараа эрэмдэг, зэрэмдэг "хүн" болж хувирсаныг тоолоод баршгүй. Хэн өөрийнхөө буруугаас үр хүүхэд, хань ижил, хайртай дотны бүхнээ алдаж, хэн өөрийгөө, өөрийнхөө гэр бүлийн "амийг хорлосон" жишээнүүд өдөр тутам хэвлэлээр цацагдаж байна. 

Орон нутгийн замд салхи татуулан хурдлах жолооч нар 80 км/цагийн хурд хэтрүүлэхгүй байх ёстой. Гэвч хотын шалган нэвтрүүлэх цэг, цагдаа хоёрыг ардаа орхисон жолооч нар 120 км/цагаас дээш хурдалдаг нь нууц биш.  Тэд ээж аав, нутаг ус руугаа биш үхэл рүүээ уралдаж, яарч байгаагаа мэддэггүй.   Зам тээврийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн 70 хувь нь орон нутгийн замд осолдсон байдаг аж. Авто ослоор жил бүр 500 гаруй хүн амь насаа алддаг нь гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд өндөр тоо юм.

Энэ жилийн хувьд коронавирусийн улмаас хил хаасан учраас иргэд дотооддоо аялал зугаалгаар явах нь илт нэмэгдсэн байна.

Статистик мэдээнд дурдсанаар зургадугаар сараас наймдугаар сарыг хүртэл нийслэлээс орон нутгийн чиглэлд 136 мянган тээврийн хэрэгсэл гарсан бол энэ жил орон нутгийг  315 мянган тээврийн хэрэгсэл зорьжээ.  Үүнийгээ дагаад  орон нутагт гарах зам тээврийн осол  ч нэмэгдсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 561 хүн амиа алдсан бол энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар 220 хүн мөнх бусыг үзжээ. Үүнээс нийслэлд 62, орон нутагт 158 хүний амь нас хохирсон нь өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлт аж.

7-8 САРД ГАРСАН ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСЛУУДААС ДУРДВАЛ:

  • Долдугаар сарын 9-ний өдрийн 18 цагийн орчим Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрт Шумуултайн ам гэх газар зорчигч А, Н, Ө, Ө, О, Б, Э нарын долоон  хүний амь нас хохирсон.
  • Долдугаар сарын 15-ний өдөр 15 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр баг Цагаан даваа гэх газарт шороон замд Dong-Feng маркийн том оврын автомашин онхолдсон.Улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч таван тээврийн хэрэгсэл шатаж  зургаан  хүний амь нас хохирч, 16 хүн их бага хэмжээгээр түлэгдэж гэмтсэн.
  • Наймдугаар сарын 6–ний өдөр 19 цагийн орчим Баян-Өлгий аймгийн ногоон нуур сумын есдүгээр баг Цагаан нуур тосгонд сумын төвөөс урагш гурван км асфалтан зам дээр T.Camry  маркийн автомашин Угтах хаалганы баганыг мөргөсний улмаас жолооч зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон. Эдгээрээс хоёр нь 8-15 насны хоёр хүүхэд байжээ. 

Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат:

-Орон нутагт хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, өөрийг болон зорчигчийг хамгаалах бүсээр хамгаалдаггүй жолоочдын  хариуцлагагүй үйлдлээс шалтгаалаад нэг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5-7 хүн амь насаа алдаж байгаа харамсалтай осол хэргүүд бүртгэгдэж байна. Үүнээс гадна  арын суудалд сууж буй хүмүүс бүсээ зүүж огт хэвшихгүй юм. Ард суухаар аюулгүй байдал хангагдчихсан, аюулгүй юм шиг мэдрэмж төрдөг.

Гэтэл үнэндээ зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн хаалга хүчтэй цохилтын улмаас өөрөө автоматаар онгойдог. Энэ үед хойно сууж явсан хүмүүс хаалгаар шидэгдэж, эсвэл тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаараа хохирдог.

Ослын дараа хамгаалах бүс зүүсэн жолооч эсэн мэнд, ард сууж явсан бүс зүүгээгүй хүмүүс амь насаа алдах тохиолдол  их гардаг. 

Цагдаа нарын хамгийн гол санаа зовж буй, тууштай тэмцэж буй нэг зөрчил бол хурд хэтрүүлэх. Урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд зөөврийн хурд хэмжигчээр жолооч нарын хурдыг хэмжиж, хяналт тавин ажиллаж байна. Энэ мэтчилэн боломж, бололцоотой бүхий л аргаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа. Мөн орон нутгийн замд жолооч нойрмоглодог, улмаар осолдох тохиолдол их.

Жолооч хоёр цаг яваад 30 минут амрах үүрэгтэй байдаг. Гэтэл амардаггүй. Холын замд ганцаараа, ээлжийн жолоочгүй явдгаас болж осол их гарч байна. Орон нутгийн иргэд  шөнө, оройн цагаар хөдөлж, өглөө үүрээр нийслэл хотод орох төлөвлөгөөтэйгээр замдаа гардаг. Тэгэхээр Улаанбаатар хотод ойртож ирээд Төв аймгийн нутаг дэвсгэрт их осолддог. Нойрмоглоод байгаагаа мэдсэн хэр нь “Одоохон хот орлоо” гээд гүрийгээд л яваад байдаг. Нэг нүдээ нээгээд нойрмоглоод л, агаарт гарч түр зуурын сэргэлт авдаг ч тээврийн хэрэгслээ бариад явахаар дахиад л нүд нь анилддаг. Нойрыг хэн ч дийлэхгүй.  Нэг мэдэхэд амь нас, эрүүл мэндээрээ өөрөө хохирч, хайртай дотныхоо хүмүүсийг алдчихсан харамсалтай осол маш их гардаг. Тиймээс унтаж амарч явах нь хамгийн чухал". Энэ бол албаны хүн анхааруулга.  Хайртай дотны хамгаалах таны хамгийн найдвартай арга бол дүрэм. Бас дахин дүрэм

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж