"NEWS" агентлаг залуустаа зориулсан “ШИНЭ НЭР” булангийнхаа ээлжит зочноор DJ Grooby буюу Баярбатын Энхмандалыг онцолж байна. Тэрбээр хөгжмийн промотер, радио хост, дижи, продюсер юм.
Залуу уран бүтээлч ахлах ангид сурдаг байх үеэсээ радиод хөтлөгчөөр ажиллаж, электроник болон транс хөгжмийн нэвтрүүлгийг хоёр жилийн хугацаанд хөтөлжээ. АНУ-д их сургуульд суралцаж байх хугацаандаа мэргэжлийн DJ хөгжим дээр хэрхэн ажиллахыг сурч, цаашид DJ хийх хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн гэдгээ хэлсэн юм.
Тэрбээр 2014 – 2016 онд Герман улсын Бремен хотод магистрт суралцаж байхдаа, Бремен, Хамбург, Берлин хотуудад Герман дижи нартай нэг клубт тоглож, DJ болох гараагаа эхэлжээ.
БАЯРБАТ ЭНХМАНДАЛ 1989.04.12
Төгссөн сургууль:
Dickinson State University
Hochschule Bremen International Graduate Center
Мэргэжил:
Төслийн менежер
Одоо эрхэлж буй ажил:
Хувийн уран бүтээлч, DJ, хөгжмийн зохиолч, продюсер
Сошиал хуудас:
DJ Grooby /facebook, instagram, soundcloud/
ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. УРЛАГТАЙ ХЭР ОЙР ӨСӨВ?
-Ахлах ангид байх үеэсээ электроник дэнс хөгжим тэр дундаа “Trance” болон “House” хөгжмийг сонсож, цуглуулах дуртай хүүхэд байлаа. Би 2008 оноос одоогийн “Playtime” амьд хөгжмийн наадмын зохион байгуулагч Ц.Нацагдорж ахын үүсгэн байгуулсан “Hi-Fi Radio 98.9”-д хөтлөгчөөр ажилд орсон.
Энэ үедээ өөрийн электроник хөгжмийн нэвтрүүлгийг хүргэж эхлэхийн зэрэгцээ тухайн радиод ажилладаг байсан олон төрлийн хөгжмийн сонирхолтой хүмүүстэй танилцаж, өөрийн хөгжмийг харах өнцөг, ойлгох чадвараа тэлсэн гэж боддог.
АНХНЫ АМЖИЛТ?
-Одоогоор өөрийгөө амжилт гаргасан гэж боддоггүй. Миний хувьд хөгжмийн карьер маань дөнгөж эхлэж байна. Би зөвхөн гадаад уран бүтээлчдийн зохиосон хөгжмийг цуглуулж, сэт миксэндээ тоглодог байсан бол жилийн өмнөөс өөрийгөө дайчилж электроник хөгжмийг зохиох, өөрийн үзэл бодлоо хөгжминдөө шингээж хүмүүст хүргэх талаас нь хичээж ажиллаж байгаа. Дуучид болон бусад уран бүтээлч нарын хөгжмүүдийг продюсерлэж, өөрийн уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Залуу уран бүтээлч AM-C, Siente, болон “Monstar” студийн уран бүтээлчдийн дөрвөн уран бүтээлийг продюсерлэж гаргасан.
ХӨГЖМИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАЖ ТӨГССӨН ҮҮ?
-Би яг хөгжмийн чиглэлээр их сургуулиа төгсөөгүй. Бизнесийн чиглэлээр их сургуулиа суралцаж, төгссөн. Сурсан мэргэжил маань ямар ч төрлийн карьер хөөхөд маш их хэрэг болж байна.
Монголд хөгжмийг орчин үеийн хөгжмийн программууд дээр зохиох, продюсерлэхийг заадаг албан ёсны сургалт байхгүй. Тийм учраас би англи хэлний тусламжтайгаар цахим хичээлүүдийг үзэж өөрөө суралцаж эхэлсэн.
ЭЛЕКТРОНИК ДЭНС ХӨГЖИМ ДОТРОО МАШ ОЛОН ТӨРӨЛТЭЙ. ТАНЫ ХУВЬД ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖМӨӨР ТОГЛОДОГ ВЭ?
-Электроник дэнс хөгжмийн нэг урсгал нь транс хөгжим юм. Монголчууд энэ төрлийн хөгжмүүдийг нийтэд нь Транс гэж нэрлэж, ташаа ойлгох тал байдаг. Электроник дэнс хөгжим нь дотроо хэмнэл, хурд, ашигласан дуугаралтуудаасаа хамаараад “Trance”, “House”, “Drum&Bass”, “Techno” гэх мэт олон төрлүүдтэй. Миний хувьд бүх төрлийн урсгалуудыг судлаж сонсож ирсэн. Одоогоор тоглож, продюсерлэж байгаа хөгжмүүд нь “House” болон “Drum&Bass” юм.
ҮНДЭСНИЙ ЯЗГУУР УРЛАГИЙГ ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖМИЙН ХЭМНЭЛТЭЙ ХОСЛУУЛАН УРАН БҮТЭЭЛЭЭ ТУУРВИДАГ УРАН БҮТЭЭЛЧИД ЦӨӨНГҮЙ. УРАН БҮТЭЭЛИЙН ОНЦЛОГ ТЕХНИК ГЭВЭЛ?
-Орчин үеийн Электроник дэнс хөгжмийг Монголын язгуур урлагтай хослуулсан хөгжим хийхийг зорьж байгаа. Хөөмий, хархираа болон уртын дууг диско дэнс хөгжимтэй хослуулсан уран бүтээлүүд хэд хэдийг хийсэн. Тэдгээр дуунуудаа гадны хөгжмийн лэбелүүд рүү явуулж, албан ёсоор олон улсад худалдах зорилготой ажиллаж байна.
Дэлхий нийтэд шинэ содон дуугаралтуудыг агуулсан, бусдаас ялгарах онцлогтой уран бүтээлчдийг илүү хүлээж авах хандлагатай юм шиг санагддаг. Тиймээс өөрийнхөө хөгжмийн стилийг хайж олж, түүнийгээ хөгжүүлэхийг хичээж байна. Ашиглаж байгаа программаа бүрэн ойлгож, дуугаралтуудаа өвөрмөц байдлаар туршиж, гаргаж ирэх нь чухал байдаг.
Монголд өмнө нь нийтэд хүрч байгаагүй шинэ содон урсгал болох “Drum&Bass” хөгжмийн шинэ EP цомгоо гаргасан. Цаашид энэ хөгжмөө дэлгэрүүлж ажиллахаар шинэ бүтээлүүд дээр ажиллаж байна.
АРГА ХЭМЖЭЭ, ШОУ ТОГЛОЛТОД ОРОХЫН ӨМНӨ ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ?
-DJ хүмүүсийн тоглолтын 10 хувь нь тайзан дээр, 90 хувь нь тоглолтын өмнөх бэлтгэлд цагаа зарцуулдаг. Сэт микс нь түүх, зохиол өгүүлж байгаа мэт эхлэл, өрнөл, төгсгөл хэсгүүдтэй байх ба өөрийн үзэл бодол, мэдрэмжээ хөгжмөөр дамжуулж хүмүүст хүргэж байгаа учраас маш сайн бэлдэх хэрэгтэй байдаг.
Маш их хэмжээгээр дуунууд цуглуулах, тэдгээр дуунуудаа хөг, хэмнэл нийлсэн байдлаар сонгож авах, өөрийн уран бүтээлүүдээ дунд нь оруулах, дуунуудаа чадвартай микс хийж сонсож байгаа хүмүүстээ баяр хөөр, аз жаргал бэлэглэж чаддаг байх нь сайн DJ-гийн ур чадвар юм уу даа.
МОНГОЛД ШОУ ТОГЛОЛТЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА ВЭ?
-DJ парти арга хэмжээнүүдийг олон улсын хэмжээнд хүрч чадахаар зохион байгуулдаг болсон гэж бодож байгаа. Маш олон DJ, хөгжим цуглуулдаг хүмүүс, уран бүтээлч шинээр гарч ирж байна.
Арга хэмжээ зохион байгуулагчдын зүгээс тайз, гэрэл, хөгжмүүдээ маш сайн бэлддэг болсон. Шоунд ирж байгаа хүмүүс ч гэсэн бүх төрлийн хөгжимд нээлттэй, арга хэмжээнд оролцож цагаа зөв боловсон өнгөрүүлж чаддаг болжээ.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Чөлөөт цагаа ихэвчлэн шинэ хөгжим сонсох, цуглуулах, программ дээрээ ажиллах, хөгжмөө хийх, шинэ цахим хичээл үзэх зэргээр өнгөрүүлдэг. Уран бүтээлч хүн хэзээ ч төгс хэмжээнд очно гэж байдаггүй учраас үргэлж шинэ зүйлийг судлан туршиж, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй гэж боддог. Бусад үед шатар тоглох, цахимаар баримтат кино үзэх дуртай.
ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛНА УУ?
-Би одоогоор ганц бие байгаа. Айлын том хүү. Эрэгтэй дүүтэй. Эцэг, эх маань хуульч эрх зүйч мэргэжилтэй хүмүүс бий. Дүү маань бас хуулийн чиглэлээр суралцдаг.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
-Уран бүтээлээ тууштай хийхийн тулд золиослох шаардлагатай зүйлс гарч ирж байна. Тиймээс эхлүүлсэн ажлаа тууштай хийх төлөвлөгөөтэй байгаа. Би DJ сургалт явуулдаг.
Цаашдаа өөрөө судлаж, сурсан зүйлсээ олон нийтийн сүлжээ ашиглан монгол хэл дээр видео хичээл хийж, бусад уран бүтээлчидтэй туршлага хуваалцах бодолтой байна. Жишээлбэл, хөгжим зохиох, программ дээр ажиллах гэх мэт.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?
-Миний хувьд хэдийгээр хэд хэдэн их сургууль төгссөн ч амьдралд хамгийн их хэрэг болдог зүйлсийг хүн өөрөө эрж хайж суралцдаг юм байна. Техник технологи хөгжсөн энэ цаг үед олон нийтийн сүлжээ ашиглан сонирхсон бүхнээ сурах боломжтой.
Би цаашид ч улам суралцсаар байна. Үеийн залуустаа хандан хэлэхэд, гадаад хэл сурахдаа маш сайн анхаарч, шинэ зүйлсийг эрэлхийлж, өөрийгөө олж таних, үргэлж шинэ мэдээллээр тархиа цэнэглэж байх ёстой юм байна шүү.
ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮДЭЭС
Холбоотой мэдээ