ЖДҮ: Ялтнууд ба ямбатнууд

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

ЖДҮ: Ялтнууд ба ямбатнууд

ЖДҮ: Ялтнууд ба ямбатнууд

Олон зуун жижиг дунд үйлдвэрлэгчийн боломжийг хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮ авсан гишүүдийн хэрэг  эхнээсээ шүүхийн хаалга татаж байна. Гэхдээ мөнөөх л "манай, танай" гэсэн ялгаа анзаарагдаж байна.

ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь өөрийнхөө хамаарал бүхий болон эхнэр хүүхэд, аав ээжийнхээ компанид олон зуун сая, тэрбум төгрөгийн зээл аваад өгчихсөн төрийн дээд албан тушаалтнууд өнөөдөр ард түмний өмнөөс тохуурхаж, зарим нь  Төрийн ордон дотор хээв нэг алхаж явна. Анх энэ дуулиан дэгдэнгүүт ичээндээ орсон зарим нь албан тушаал хүртэж, зарим нь аль хэдийнээ "жижиг асуудал" болгочихсон ярьж явах.

Сонгуулийн өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж намын бүлгийн хурал  дээр хэдэнтээ хэлсэн үгэндээ тэр 100 хувь хүрээгүй. УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, А.Сүхбат, Н.Оюундарь нарыг ЖДҮ-д холбогдсон хэмээн 2020 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй.

Тэгвэл ЖДҮ-д холбогдсон Н.Учрал, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар УИХ-д дахин сонгогдов. Саарал ордон дотор дахин заларсан тэд  хуулийн хамгаалалт дор ороод ирлээ гээд баярлаж явна.

Харин хаалганы гадна үлдсэн ЖДҮ-чдийг АТГ шалгаж хэд хэдэн хүнд ял оногдуулсан нь Монгол Улсын хуулийн хайч хөдөлж эхлэв үү гэлтэй. Гэхдээ зөвхөн гадна үлдсэн цөөн хэдэд нь  хууль үйлчлэх бус гишүүд, хууль зөрчсөн, өөртөө давуу байдал үүсгэсэн, ард түмний эрхийг хязгаарласан ЖДҮ-чдээ ч гэсэн шүүх ёстойг ард түмэн шаардаж байгаа.

Ам нээх болгондоо шударга ёс ярьдаг Ерөнхий сайд намынхаа ЖДҮ-чин гишүүдээ ялгаварлахгүй хуулийн хариуцлага хүлээлгэж байж түүний ярьдаг шударга ёс биеллээ олно.

ЖДҮ-д холбогдсон Я.Содбаатарыг Шадар сайдаар, Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгож, мөн намынх нь генсек Д.Амарбаясгалан албан тушаалаа үргэлжлүүлж байгаа нь шударга ёсонд нийцэх гэж үү.

ЖДҮХС-гийн мөнгөнөөс хулгайлсан гэмт хэргийг мартаж үл болох баримт бөгөөд хаяж үл болох хариуцлагын тухай асуудал юм. ЖДҮ бол дээрэм. Амьралаа өөд татаж ядаж яваа жирийн иргэдийн боломжийг хулгайлсан хулгай. ЗГ, УИХ-ын саятан, тэрбумтан гишүүд иргэд хөөцөлдөж гүйгээд ч олддоггүй 5 саяын зээлийг тэгш хувааж 950 сая, 1 тэрбумаар нь хувааж авсан нь Монголын улс төр дахь хамгийн шударга бус, ёс зүйгүй хэрэг.

ЯЛ АВСАН ЖДҮ-ЧИД

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Шүүхийн шатанд Б.Батзориг нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан билээ.

Энэ сарын 04-ны өдөр УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон.  Шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргав.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-ны өдөр болсон. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд түүнд 2 жил 6 сарын хорих ял оноов. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэр гаргасан.

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм.

ЖДҮХС-гаас зээл УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох шүүх хуралдаан долдугаар сарын 29-нд болж, Г.Солтаныг Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлсөн гэж үзсэн юм. Тэрбээр “Монгол шаазан” ХХК-нд950 сая төгрөгийгурт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаарнийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Лхагва гаригт /2020.08.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор төлөвлөгдсөн ч шүүгдэгч Д.Дамба-Очир нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг нь шүүх хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг наймдугаар сарын 19-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Түүнд мөн ял төлөвлөсөн гэдгийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж буй.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН НЭРС:

  •    ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
  •  УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг 950 сая төгрөг
  • УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
  •  УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
  •  УИХ-ын гишүүн асан  Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
  •  УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
  •  УИХ-ын гишүүн асан  Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,
  •  УИХ-ын гишүүн  асан О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
  •  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
  • УИХ-ын гишүүн асан Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан "Мийт экспорт интернэшнл" ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
  •  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү нарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
    УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг "Мондем" ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.

ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:

1. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан  Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг,
7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы "Баяр плант ХААБ" ХХК," Капиталфактори", "Эм Эм Жи капитал" (тус бүр 100 хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус  албанд томилогдсон) Ш.Хонгорзулын "Хосбогд Агро" компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,
9. "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий "Бат ган агро" ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж