"Хазара монгол дүрвэгчдийн ирээдүй бүрхэг байна"

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

"Хазара монгол дүрвэгчдийн ирээдүй бүрхэг байна"

"Хазара монгол дүрвэгчдийн ирээдүй бүрхэг байна"

Индонезийн өрнөд Жакартагийн Калидерес дүрвэгчдийн хуаранд суугаа Афганы дүрвэгчид дахиад дор хаяж 3-10 жил хүлээх шаардлагатай хүндхэн байдалд ороод байна.

Афганы дүрвэгчдийн тоо хэдий нь 12 мянга давсан байна. Тэднээс 8 мянга орчим нь Индонезид НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дагуу баригдсан 10 орчим хуаранд байрлаж байгаа аж. Харин 3500 гаруй нь Индонезийн засгийн газраас зааж өгсөн Богор Манжак гэх газарт сууж байгаа бол хэдэн зуун дүрвэгчид очих газаргүй, Жакарта орчмоор хоног төөрүүлцгээж буй юм.

Харин Калидерес хуаранд Ёнхап агентлагийн сурвалжлагч очиж байдалтай танилцахад тэнд өмнө нь 1400 хүн аж төрж байсан ч цар тахлаас болоод тараагдсан бөгөөд одоогийн байдлаар тэнд 35 өрх, 230 ганц бие хүмүүс тэр дундаа 50 гаруй эмэгтэйчүүд, 40 орчим хүүхэд амьдарч байгаа гэнэ.

Индонезийн засгийн газар өнгөрсөн жил орох оронгүй дүрвэгчид жагсаал хийсний хариуд орон нутгийн цэргийн командлалын барилгыг тэдэнд өгсөн аж.

Дүрвэгчид Афганистанаас авч гарсан мөнгөө хэдийн дууссан, одоогийн байдлаар солонгос номлогчид тэргүүтэй хүмүүсийн тусламжаар анхдагч хэрэгцээгээ аргацааж байгаа юм.

Сурвалжлагчийг дүрвэгчдийн нийгэмлэгийн төлөөлөгч 42 настай Хассан Рамазан болон түүний туслахууд угтан авч, аж амьдралаа танилцуулсан байна. Барилгад айлууд нэгдүгээр давхарт майхан барьж, ганц бие хүмүүс нь хоёрдугаар давхарт амьдрах зэргээр тодорхой зохион байгуулалтад орсон байх аж.

Орхигдсон барилга хэдий хүмүүсийг салхи, борооноос хамгаалах боловч тог, ус, тавилгагүй тул амьдрахад тун тухгүй юм. Дүрвэгчид нарнаас хоргодохын тулд өдөртөө цонхнуудыг цаасан хайрцгаар халхлах бөгөөд бүгд зөөврийн зуухаар хоол хийж идэх аж. Харин Индонезийн засгийн газар иргэдийнхээ ажлын байрыг хамгаалж үлдэхийн тулд дүрвэгчдийг ажил хийхийг хатуу хориглосон байна.

Улмаар дүрвэгчид яаж ийгээд өдөртөө цалингаа авдаг цагийн ажил олж хийлээ ч хэн нэг индонез хүн тэднийг мэдээлмэгц засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажил хийсэн дүрвэгчийг барьж, албадан улсаас гаргадаг гэнэ. Тиймээс дүрвэгчид өдөржин унтахгүйн тулд ном унших гэх мэт ямар ч хамаагүй зүйлээр өөрсдийгөө завгүй байлган өдөр хоногийг өнгөрөөх аж.

Түүнээс гадна дүрвэгчид дотроо зохион байгуулалтанд орж, барилгын орох, гарах хаалгыг манаж, аюулгүй байдлыг сахих, орчноо цэвэрлэх, хүүхдүүдэд боловсрол олгох зэрэг ажлуудыг хуваагдан хийдэг гэнэ. “Индонезийн засгийн газар, НҮБ биднээс нүүр буруулсаар байгаа. Хоёр тал хоёулаа бидний асуудлыг огт тоохгүй байна” хэмээн хуарангийн удирдагч Хассан ярьжээ.

Тэрбээр “Манай дүрвэгчид ердөө амьдрахын төлөө л хичээж байна. Бид брокеруудад мөнгө төлж байж зугтаж гарч ирцгээсэн. Тэдэнд төлсөн мөнгөний хэмжээнээсээ хамаараад бид Европ, Энэтхэг, Шри Ланка, Малайз, Индонез гээд өөр өөр газруудыг зорьсон” хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр Индонезид буй афган дүрвэгчид тэндээ суурьшихаар Индонезид ирээгүй гэнэ.

Өдгөө Индонезид сууж буй афган дүрвэгчид Индонезоос дүрвэгчид гэх статус авч, цаашлаад Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад гээд НҮБХХ-ийн санал болгодог орнуудад очих хэтийн зорилготой юм.

Уг нь 2015 оныг хүртэл Индонезид 2-3 жил амьдарсан дүрвэгч өөр гурав дахь орон руу гарах эрхтэй болдог байсан бол одоогийн байдлаар энэ хугацаа 5 жилээс доошгүй болсон юм. Мөн олон орон дүрвэгчдийг хүлээн авахаа эрс багасгаснаас болоод зарим тохиолдолд 10 гаруй жил хүлээж буй дүрвэгч ч олон бий.

Хуаранд оршин суудаг 27 настай Нури “Энд байгаа хүмүүс брокеруудад 4000-5000 ам.доллар төлж, Энэтхэг, Малайз зэрэг орнуудад очих зорилготойгоор Афганистанаас гарч энд ирцгээсэн” хэмээн ярьжээ.

Дүрвэгчид одоо НҮБХХ-ий дуудлагыг хүлээхээс өөр аргагүй утас чагнан суух аж. Учир нь хэн нэг дүрвэгчид гурав дахь орон руу явах эрх үүсвэл НҮБХХ-өөс залгаж, элчин сайдын яаманд очиж ярилцлага өгөхийг мэдэгддэг байна. Хэдий байдал хэцүү байгаа ч Афганистаны дүрвэгчид ядаж л шөнө дунд дээрээс бөмбөгдчих вий гэсэн айдасгүй, хэтэрхий аюултай Афганистанаас гадна байгаадаа талархаж байгаа гэцгээжээ.

Индонезийн засгийн газар дүрвэгчдийн хүүхдүүдийг сургуульд явахыг хориглосон учир дүрвэгчид өөрсдөө хүүхдүүдэд афган буюу перс хэл, англи хэлийг заадаг гэнэ.

Афган дүрвэгчид исламын шашинтай тул Индонезийн мусульманчууд туслах байх гэж хүмүүс найддаг ч үнэн хэрэгтээ тийм зүйл болдоггүй аж.

Учир нь дүрвэгчдийн ихэнх нь үндэсний цөөнх, Шийт ислам шашинтнууд болох Хазара овгийнхон юм. Хазара овог нь Чингис хаан 1221 онд баруун Бамианыг дайлаар мордож, талибанчуудыг цэвэрлэсний дараа тэр нутагт үлдсэн монголчуудын удам билээ.

Харин Индонезийн исламын шашинтнууд нь Шафийн буюу Суннитынхтай ойролцоо номлолыг дагадаг тул Шийт исламчуудад таатай ханддаггүй юм.

Дүрвэгчид “Бид чинь амьд хүмүүс шүү дээ. Хүн төрөлхтнийхөө хувьд бид наад захын тусламж хүртэх эрхтэй биз дээ?” хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж