БНХАУ-ын эрх баригчид сүүлийн үед шинэ халдварын тоо өсч буй Далянь мужийн боомт хотод импортоор ирсэн хөлдөөсөн далайн хүнснээс коронавирус илрүүлснээ зарлажээ.
Далайн хүнс Далянь мужийн боомт хотоос Шандун мужийн Янтай хотын гурван компанийн захиалгаар эзэддээ тараагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний савлагаан дээрээс вирус илэрсэн байна.
Янтай хотын захиргаанаас хүнсний бүтээгдэхүүн импортоор Далянь мужид ирсэн хэмээн мэдээлсэн боловч чухам хаанаас импортолсноо хэлсэнгүй.
Үүнээс өмнө долдугаар сард Далянь боомтын ажилтнууд Эквадороос импортолсон сам хорхойн савлагаан дээрээс коронавирус илрүүлж, улмаар БНХАУ Эквадороос сам хорхой импортолхоо больсон юм.
Коронавирус анх Ухань хотын далайн бүтээгдэхүүн, зэрлэг амьтан худалдаалдаг зах дээр амьтнаас хүнд халдсан гэгддэг бөгөөд түүнээс хойш олон улсад хүнээс хүнд халдварлан тархаж, цар тахал болтлоо хүчээ авсан билээ. Удалгүй БНХАУ дотооддоо халдварыг амжилттай тогтоон барьсан ч гадаадаас ирсэн хүмүүсээс дахин шинэ халдвар илэрсээр байгаа юм.
Янтай хотод эзэндээ ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүд ихэнх нь хүйтэн зооринд ирсэн хэвээрээ хадгалагдаж байгаа ч зарим нь хэдийн худалдагдсан гэнэ.
Эрх баригчид далайн бүтээгдэхүүнийг хадгалж буй зоориудыг битүүмжилсэн бөгөөд тэрхүү бараатай харьцсан ажилтнуудаас шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ