БНХАУ-ын Гуандун хотын ахлах сургуулийн сурагч 18 настай хүү өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр гарын хуруунуудын үе нь хавдаж, тэсэхийн аргагүй их өвдөлттэй эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Эмч нар хүүд нарийн шинжилгээ хийж үзэхэд тулай өвчний шинж тэмдэг илэрсэн нь энэ байв. Учир нь тэрбээр сүүлийн үед хүүхэд залуусын ихээр сонирхож буй “Bubble tea” буюу бөмбөлөгт цайнд донтож, өдөрт дор хаяж хоёр аягыг тогтмол уудаг байсан ба энэ нь өвчтөний цусан дахь шээсний хүчлийн хэмжээг огцом ихэсгэсэн байна.
Тулай өвчин нь сүүлийн жилүүдэд ихэд эрчимжих болсон бөгөөд зүй зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүсдэг өвчин юм байна. Ийм өвчин туссан хүний бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дахь шээсний хүчил хэвийн хэмжээнээс хэтэрч, улмаар биеийн аль нэг хэсэгт /ихэвчлэн хөл, гарын хуруунд/ хуралдан тухайн хэсгийг гэмтээж эхэлдэг. Шээсний хүчил нь 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг аж. Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өвдөлт өгдөг. Голчлон хөлийн эрхий хурууны том үенд шээсний хүчил хуралдана. Өвдөлт нь дуу алдаж, хашгирмаар тэсэхийн аргагүй байдаг.
Дээрх хүү бага зэрэг хожимдсон бол алхаж гишгэж чадахгүй болох, цаашлаад зүрх нь зогсох ч аюултай байсныг эмч нар анхааруулжээ.
Мөн “Bubble tea”-нд донтсон өсвөр насны охин комад орсон байдалтай буюу ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн явдал саяхан Хятад улсад болжээ. Тус улсын хамгийн том хотуудын нэг болох Шанхай хотын оршин суугч 18 настай охин сүүлийн нэг сарын турш өдөр бүр хоёр аяга бөмбөлөгт цай уудаг байж байгаад гэнэт ухаангүй болж, комд орсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Бараг 125 кг жинтэй энэ охин “bubble tea”-нд өдөрт 20 орчим ам.доллар зарцуулдаг байсан ба шинжилгээгээр түүний цусан дахь сахрын хэмжээ хэвийн хэмжээнээс 25 дахин ихэссэн байжээ. Охиныг амьсгал дэмжих аппаратад шууд оруулсан ба тав хоногийн дараа ухаан орж, эмнэлгээс гарсан байна. Ингээд охин муу зуршлаа хаяж, сар гаруйн дараа гэхэд 35 кг жин хаясан гэж охины ээж ярьжээ. Энгийн мөстэй цай 22 гр сахар агуулдаг бол бөмбөлөгт цайнд дунджаар 54 гр сахар агуулагддаг байна.
“Bubble tea”-ны хор уршигийн талаар өөр нэгэн мэдээлэл өнгөрсөн жил олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан нь мөн л 14 настай Хятад охин бөмбөлөгт цайг хэтрүүлэн хэрэглэснээс цайны гол орц болох “боба” буюу хар өнгийн бөмбөлөг охины шулуун гэдсэнд ихээр хуралдан түгжрэл үүсгэсэн байна. “Bubble tea”-ний гол орц болох бобаг “Cassava” гэх олон наст модлог ургамлын үндэснээс гарган авдаг ба уг үндэс нь цардуулаар баялаг тул хоол хүнс, малын тэжээл, хоолны өтгөрүүлэгч , амтлагч үйлдвэрлэхэд түгээмэд ашигладаг. Нунтагласан үндсийг төмсний нунтаг, цэлцэгнүүртэй хольж 2.2–10 мм диаметртэй боба үйлдвэрлэдэг. "Bubble tea" нь 1980-аад онд Тайваньд үүссэн бөгөөд "боба"-н дээр олон төрлийн жимс, сүү, цай нэмж, орцыг нь баяжуулж, хүмүүсийн өдөр тутамдаа уудаг цай/ундаа болтлоо хөгжжээ.
Эх сурвалж: Forbes, News.com.au, Nypost
Холбоотой мэдээ