“Цэвэрлэх байгууламж барихаар БНХАУ-аас 24 ажилтан ирсэн”

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

“Цэвэрлэх байгууламж барихаар БНХАУ-аас 24 ажилтан ирсэн”

“Цэвэрлэх байгууламж барихаар БНХАУ-аас 24 ажилтан ирсэн”

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь хүчин чадлаасаа 3-5 дахин ачаалалтай болж, ашиглалтын хугацаа дууссан. Шинэ байгууламж барих шаардлагатай болсон ч хөрөнгө байхгүй тул шинэчлэлийн ажил хойшлогдсоор, 2018 онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 262.7 сая ам.долларын санхүүжилтээр  бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ.

 “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолоос хойш хоёр жилийн нүүр үзээд буй. Барилгын ажил эхэлсэн эсэх асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнээс тодрууллаа.


-Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү. БНХАУ-аас хэчнээн иргэн Монгол Улсад ажиллах хүчээр ирээд байна вэ?

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр байгуулахаар болсон. Одоо барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор барилга угсралтын ажил цаг хугацаандаа эхэлж чадалгүй, хойшилсон. Бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газрын Улсын онцгой комисст танилцуулсны дагуу БНХАУ-аас 24 инженер, техникийн ажилтан Монгол Улсад ирээд 21 хоногийн тусгаарлалтад орсон. Одоо 21 хоногийн тусгаарлалтаасаа гараад, дараагийн 14 хоногийн хөл хорионы дэглэмийг ажлын талбай дээрээ үргэлжлүүлнэ. Тэндээ ажлаа хийнгээ ажиглалт, хяналтад байрлаж байгаа. Эдгээр хүмүүс нь тусгай мэргэжлийн инженер, техникийн ажилчид болон төслийн удирдагч, холбогдох албан тушаалтнууд юм.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад ажиллах хүчээр энэ жил 45 инженер, техникийн ажилтныг БНХАУ-аас оруулж ирэх квотыг Засгийн газарт танилцуулж авсан. Квотын дагуу одоо 21 ажилтан оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувь 50-иас доошгүй нь монголчууд байхаар гэрээндээ тусгасан. Монголын хэчнээн компани энэ төсөлд хамтран ажиллах бол?

-Монголын талын туслан гүйцэтгэгч компаниудыг нэг бүрчлэн шалгаруулж, амжаагүй байна.  Ажлын нарийвчилсан зураг төсөл Барилгын хөгжлийн төвд магадлалаар орж, баталгаажих шатанд явж байна. Үүний дараагаар Монголын талын компаниудын оролцоо тодорхой болно.

Ер нь шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын 50 хувийг БНХАУ-ын тал, 50 хувь нь Монголын талын оролцоотой байна гэж гэрээнд тусгасан. Тийм учраас ажлын зураг төсөл, төсөв гарч ирснээр үнийн дүн нь тодорхой болох юм. Одоогийн байдлаар БНХАУ-ын талаас сонгож авсан туслан гүйцэтгэгч компани ажлуудаа гүйцэтгэж байна.

-Төв цэвэрлэх байгууламж байгуулах тоног төхөөрөмжийг 100 хувь БНХАУ-аас импортлохоор болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь БНХАУ-ын талаас нийлүүлнэ. Одоогийн байдлаар цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжтэй холбоотой ажил хараахан эхлэх болоогүй байна. Бэлтгэл ажлын хүрээнд холбогдох зарим тоног төхөөрөмжүүд орж ирсэн. Тухайлбал, машин механизм, бусад хэрэглэх материал, зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт.

-Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил цар тахалтай холбоотойгоор хэр хугацаагаар хойшлогдоод байна вэ. Ашиглалтад орох хугацаа үүнтэй холбоотойгоор хойшлогдох уу?

-Шинээр байгуулж буй төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтад орох хугацааг 2023 он гэж төлөвлөж байсан. Гэрээний хугацаа нийтдээ ажил эхэлснээс хойш 35.5 сарын хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн байсан юм. Одоогийн байдлаар энэ жилийн ажил таван сараар хоцорч эхэллээ. Үүнтэй холбоотойгоор төслийн ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Төслийн зураг төсөл бүрэн гарсны дараа төлөвлөгөөг дахин шинэчлэн боловсруулна.

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж