Бээжин Тайваныг өөрсдийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд Тайвантай орооцолдох нь АНУ-д хэтэрхий аюултай хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам анхааруулж, эмч нараа гадаадад аялуулахын оронд дотооддоо тулгараад буй цар тахлын асуудалд анхаарлаа хандуулахыг зөвлөжээ.
АНУ-ын эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Алекс Азар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Тайванд гурван өдрийн хугацаатай ирсэн билээ. Энэ нь Хятадын эх газар өөртөө нэгтгэх оролдлогыг дөчин жил тууштай эсэргүүцсээр байгаа Тайванд АНУ-аас хамгийн өндөр албан тушаалтай хүн айлчилж буй үйл явдал болсон юм.
Харин Бээжинд дээрх үйл явдал тун таалагдаагүй бөгөөд Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижиан дээрх айлчлалыг эрс буруушааж, Тайвантай сүлбэлдэхгүй байхыг Вашингтонд анхааруулж “БНХАУ-ын ашиг сонирхолтой холбоотой асуудалд АНУ хөндлөнгөөс оролцох эрхгүй. Галаар тоглосон хүн түлэгддэг учиртай юм шүү!” хэмээн ярьжээ.
Уг айлчлал нь АНУ, БНХАУ хоёр улсын харилцаа таагүй үед болсноос гадна Вашингтоны зүгээс Бээжинд өгч буй бас нэг том цохилт болсон юм. Азар Бээжинг коронавирусийн цар тахлын талаар амжиж олон улсад мэдээлээгүй, хамтарч ажиллаагүйгээс болоод өдгөө өвчин дэлхийгээр нэг тарж, олон сая хүнийг хохироосон хэмээн буруутгасан бөгөөд Тайван, АНУ хоёр улс дотооддоо цар тахлын тархалтыг тогтоон барьсан, удахгүй өвчнөөс ангижирна хэмээн ярьжээ.
Харин БНХАУ-ын тал АНУ-ын эсрэг байр суурь илэрхийлж, Азарыг эх орон нь хамгийн хүнд байдалд байхад орхин Тайванд ирснийг буруушаан “Азар эх орныхоо сая сая иргэдийн зовлон зүдгүүрийг үл тоон Тайванд ирж, улс төрийн шоугаа хийж байна. Энэ үйл явдал АНУ-ын эрх баригчдад ард иргэдийнх нь амьдрал ямар байх нь өөрсдийнх нь улс төрийн карьертэй харьцуулахад огтоос сонин биш гэдгийг батлан харууллаа” хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ