Асрамжийн төвөөс амьдралд хөл тавьж байгаа залуус байрны түлхүүрээ гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Асрамжийн төвөөс амьдралд хөл тавьж байгаа залуус байрны түлхүүрээ гардан авлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай хамтран асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах санамж бичгийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын эхлэл болгож “Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч буй Л.Төрболд, “Манай гэр” асрамж халамжийн төвд амьдарч байсан Б.Батдорж нар Түрээсийн орон сууцны батламжаа гардан авч байсан юм.

Тэгвэл өчигдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Дорждэрэм болон “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн гүйцэтгэх захирал асан Б.Сүхбаатар нар Л.Төрболд, Б.Батдорж нарт түрээсийн орон сууцны түлхүүрийг гардууллаа. Арга хэмжээнд албаны хүмүүсээс гадна асрамж халамжийн төвийн төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Дэд дарга Б.Халиун “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн захирал асан Б.Сүхбаатар болон манай агентлагийнхан 2018 оноос энэ ажлын эхлэлийг тавьсан. Тодруулбал, энэ журмыг боловсруулах талаар яриа хэлэлцээрийг анх хийж байх үед Б.Сүхбаатар захирал түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийн талаар тодорхой саналууд авсан. Тухайн үед манай байгууллагын зүгээс өгсөн саналын нэг нь асрамж халамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг түрээсийн орон сууцанд хамруулах тухай байсан.

Өнөөдөр бидний 2018 оноос эхэлсэн салбар хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагааны хүрээнд хийсэн томоохон ажлуудын маань нэг нь ийнхүү биелэлээ олж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1069 хүүхэд халамж асрамжийн төвд амьдарч байна. Тэдгээр хүүхдүүдийн түүчээ болж, олон хүмүүсийн итгэлийг хүлээж, өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч буй хоёр дүүдээ баяр хүргэе. Бие даасан иргэн болж эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулаарай. Мөн бусад дүү нартаа үлгэр дуурайлал болж, эрдэм ном, ажил хөдөлмөртөө шамдан суралцаарай. Манай хамт олон та бүхний дэргэд үргэлж байх болно. Түүнчлэн энэ ажлыг бодит ажил болгож, дэмжин ажилласан Б.Сүхбаатар танд талархал илэрхийлье” гэв.

Мөн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал асанБ.Сүхбаатар “18 нас хүрээд бие даан амьдрахаар гарч буй хүүхдүүдийг төрийн уялдаатай бодлогоор дэмжих хэрэгтэй. Бидний зүгээс эдгээр хоёр залууг дан ганц орон байраар хангаад зогсохгүй амьдралынх нь баталгаа болгож ажлын байраар хангаж байна. Тиймээс энэ хоёр маань одоо  НОСК-ийн хүүхдүүд болж байна” гэв.

“Өнөр бүл” хүүхдийн төвд өсч, хүмүүжсэн Л.Төрболд энэ жил МУБИС-ийн нэгдүгээр курст элсэн суралцаж байгаа аж. Тэрбээр “Би энэ олон хүний итгэлийг алдахгүйн төлөө хичээнгүйлэн суралцах болно. Мөн НОСК-ийн ах, эгч нартайгаа ажиллах болсондоо баяртай байна” гэсэн бол “Манай гэр” асрамж халамжийн төвд өсч хүмүүжсэн Б.Батдорж “Би өнгөрсөн хугацаанд гурван мэргэжил эзэмшиж,  мөн цэргийн алба хаасан. Одоо энэ олон хүний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээнгүйлэн ажиллаж, дүү нартаа үлгэрлэж амьдрах болно” гэсэн юм.

Асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих, түрээсийн орон сууцанд хамруулах ажил 4 жилийн хугацаанд хэрэгжих юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж