Монголын үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн хурал маргааш болохоор товлогдсон. Хурлаар МОҮХ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонгох аж. Энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаал Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Н.Түвшинбаярт очиж байна. Өөрөөр хэлбэл, олимпийн анхны алтан медаль авсан наймдугаар сарын 14-ны өдөр нь түүнд МҮОХ-г “бэлэг” болгож, сюрпириз барихаар спортынхон төлөвлөжээ.
МҮОХ-ны экс дарга Д.Загдсүрэн өнгөрсөн 2019 оны аравдугаар сард гэнэт эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсний ард улс төрийн шахалт дарамт ирсэн гэх хардлага дагалдсан. Ямартай ч тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүнээр сонгогдсоноор Н.Түвшинбаяр өрсөлдөгчгүйгээр “өрсөлдөж” байна. Тус хорооны дэд ерөнхийлөгчид Ж.Отгонцагаан, Ц.Бат-Энх, Ч.Наранбаатар, Г.Пүрэв-Очир нар нэр дэвшээд байгаа юм.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэлд Монголын спортын салбар бүхэлдээ очиж байна гэхэд буруудахгүй. Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч “давхар дээлтэй” хэвээр байгаа. Тэрбээр Монголын жүдогийн холбооны болох МоАХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа хэн нэгэнд албан ёсоор “тушаагаагүй” яваа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө” гэж заажээ.
МҮОХ нь 1956 онд байгуулагдсан. 1962 онд ОУОХ-ны их гэр бүлд багтсан. Олимпын наадам, олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх онцгой эрхийг Олимпын Хартийн дагуу дангаар эдэлдэг. ОУОХ-ноос жил бүр санхүүжилт авдаг, хэнийг олимп явуулж, хэнийг хасахыг шийддэг мөнгөтэй ч, эрх мэдэлтэй ч байгууллага. Тиймээс Н.Түвшинбаяр тус хороонд ОУОХ-ноос олгодог санхүүжилтийг ил тод болгох ёстой болж байна.
Ингээд маргааш шинэхэн албан тушаалдаа “очих” Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаярыг CV-г танилцуулъя.
ТӨРСӨН НУТАГ, ОН САР
Тэрбээр 1984 оны зургадугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төржээ. 2002 онд Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
ЭЗЭМШСЭН БОЛОВСРОЛ
Булган аймгийн ЕБ-ын II арван жил, “Аварга” биеийн тамирын дээд сургууль
ТЭМЦЭЭН, НААДАМ
2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд -100 кг жинд барилддаг болсон.
2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө,
2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртжээ.
2008 оны Бээжинд болсон олимпийн наадaмд барилдаж, Монголд олимпийн анхны алтан медалийг авчирчээ.
2012 оны олимпоос мөнгөн медаль хүртэн, Монгол Улсын анхны олимпийн хос медальтан болов.
ШАГНАЛ
2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнажээ.
2017 онд төрийн тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнагдсан.
Б.БАТ
Холбоотой мэдээ