Нэг гэр бүлийн ах дүү гурван гал сөнөөгч эр Бейрутын боомтод гарсан галыг унтраахаар мордоод, эргэж гэртээ ирсэнгүй. Эхэндээ гэр бүлийнхэн нь тэднийг амьд байгаасай гэж хонон өнжин залбирч байсан ч одоо ядаж цогцос нь олдоосой хэмээн хүсч суугаа аж.
Тони Карамын хүү, ач хүү, үеэл дүү гурав гурвуулаа гал унтраах нэг ангид алба хаадаг байжээ. Харин Бейрутын боомтын агуулах байранд гал гарахад тэдний анги үүргээ гүйцэтгэхээр яаравчлан хөдөлсөн байна. Гэвч хэдхэн минутын дараа агуулах байр гэнэт асар хүчтэй дэлбэрч, ойр орчим байтугай хотын ихэнх хэсгийг балгас болгож орхисон билээ. “Тэдний ядаж нэг хумсыг нь ч болтугай бидэнд авчирч өгөөсэй” хэмээн Тони хэвлэлд ярьжээ.
Тони Карамын хүү Чарбел хоёр охины аав байсан гэнэ. Том охин нь өдгөө дөнгөж хоёр ой зургаан сартай бөгөөд үргэлж аавыгаа асууж байгаа хэмээн ээж Карлен нь ярьжээ. Тэрбээр өөрийн гуниг харууслыг хойш тавин охиноо аавынхаа төлөө залбирвал аав нь сонсож байгаа хэмээн сургаж буй гэнэ. Тэрбээр “Охин минь том болоод аав нь баатар байсныг, түүнд юу тохиолдсоныг, юуны төлөө нас барсныг мэдэх болно” хэмээн хэлсэн байна.
Карлен эхэндээ нөхөрөө амьд эргэж ирнэ хэмээн найдаж суусан ч аврах баг юу ч олоогүйд маш их сэтгэлээр унажээ. Гал сөнөөгч эрсийн гэр бүл хэн нэгэн нь, эсвэл ядаж газарт булах нэг хэсэг нь ч болтугай олдохоос нааш оршуулгын ажлыг нь хийлгүй хүлээсээр байх гэнэ. Одоогийн байдлаар хэргийн газраас дөрвөн гал сөнөөгчийн цогцос олдсон ч дээрх гурван эр ор сураггүй хэвээр байгаа аж.
“Хүмүүс бидэнд эмгэнэл илэрхийлж ч чадахгүй байна. Учир нь тэдний хэнийг нь ч бид эцсийн замд нь үдэж өгч чадаагүй байна шүү дээ. Бид цаашдаа яаж амьдрах учраа олохгүй байна” хэмээн Карам хэлжээ.
Дэлбэрэлтэд өртөж 200 хүн нас барсан, олон мянган хүн бэртсэн хэмээн албан ёсоор зарласан боловч Бейрут хотын даргын хэлснээр 110 орчим хүн одоогоор ор сураггүй байгаа нь амьд олдох найдвар маш бага байгаа аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ