Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ болон Нийслэлийн байгаль орчны газраас /НБОГ/ өнөөдөр /2020.08.13/ мэдээлэл хийлээ.
НИЙСЛЭЛД ЗУРГААН БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ ОРЖ ИРСЭН
НБОГ-ын амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.ЦОЛМОНБААТАР:
Наймдугаар сар гарснаас хойш буюу сүүлийн 14 хоногийн хугацаанд НОБГ-ын 11318003 утсанд иргэдээс хотын суурьшлын бүсэд амьтан харсан гэх 21 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, үүнээс долоон удаагийн дуудлага нь нийслэлд могой харсан гэх мэдээлэл байсан бөгөөд зургаан нь хортой буюу бамбай хоншоорт могой байсан. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт дөрөв, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт тус бүр нэг, нэг удаагийн дуудлага бүртгэгдсэн. Бамбай хоншоорт могой нь хортой учраас иргэд харвал НОБГ-ын утсанд яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Энэ зун бороо ихтэй байсан учраас үерийн усаар дамжиж эсхүл хөдөө явсан хүмүүсийн машинаар дамжиж орж ирсэн байх магадлалтай.
Мөн наймдугаар сарын 9-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэнээс “Санзай орчимд хүрэн баавгайн мөр байна” гэх мэдээлэл ирүүлсэн. Тухайн иргэний дуудлагын дагуу НОБГ-аас очиж шалгахад хүрэн баавгайн мөр болохыг тогтоосон.
ГЭРЭЭР ТУСГААРЛАГДСАН ИРГЭН УТСАА САЛГАН АЛГА БОЛЖ БАЙНА
НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.МЭНДСАЙХАН:
Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 1224 иргэн байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 8129 хүн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Гэрийн ажиглалтад байгаа хүмүүс гар утсаа унтраах, утасны дугаараа буруу өгөх, гэрийн хаягаа худлаа хэлж хамаатан саднаараа хэсэх, зуслан лагер явах, гадуур зугаацах зөрчлүүдийг тасралтгүй гаргаж байна. Тэдгээр хүмүүст Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Мөн үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлж байгаа хүмүүстээ амны хаалт зүүх, гараа ариутгах шаардлагыг хатуу тавимаар байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ