МИАТ-ийн онгоцонд мэндэлсэн ихэр охид ээжийн хамт ХӨСҮТ-өөс гарч байна
МИАТ-ийн онгоцонд мэндэлсэн ихэр охид ээжийн хамт ХӨСҮТ-өөс гарч байна
Posted by News.mn on Wednesday, August 12, 2020
НЭМЭЛТ:
Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн тусгай үүргийн нислэг үйлдэж байсан МИАТ компанийн онгоцонд мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар өнөөдөр /2020.08.13/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гарлаа. Тэднийг гэр бүл, МИАТ компанийн хамт олон угтаж, ХӨСҮТ-ийн эмч нар үдлээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ НИСГЭГЧ Г.МӨНХ-ОЧИР:
1966 онд гэсэн Сангидорж даргатай, АН-24 монголчуудын хэлдгээр цагаан онгоцонд хүүхэд мэндэлсэн, одоо 50 гаруй насны хүн байгаа. Тэр хүнийг Мөнгөнхүлэг гэдэг.
Саяын тохиолдол бол бол хоёр дахь тохиолдол. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 9-нд бид Улаанбаатараас-Истанбул, Истанбулаас-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан. Дүүрэн зорчигчтой хөөрсөн байсан. Өндөр авсны дараа Алтанхуяг, Цэрэнханд хоёр маань "Төрөх эх өвдөөд байна" гэж ирж хэлсэн, бид хоорондоо ярилцсан. Буцаад буухад хүнд, 25 тонноор илүү жинтэй байсан. Өөрөөр хэлбэл, буухад цаг ирэх орох байсан учраас нислэгээ үргэлжлүүлье гэж шийдвэр гаргасан. Нэг цаг гаруйн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байхад "Анхны охин мэндэллээ" гэдэг мэдээллийг өгсөн. Дараа нь 10-аад минутын дараа хоёр дахь охин мэндэлсэн мэдээ дуулгасан. Нисэх баг бол нислэгээ үргэлжлүүлээд явсан.
Хоёр охин маань их азтай. Эх барих эмч хоёр, сувилагч гээд маш олон бүрэлдэхүүн явж таарч, мундаг тусалсан. Тэд нар байгаагүй бол эрсдэл үүсэхээр маш хүнд нөхцөл замын туршид үүсч байсан. Бидний ажилд гүн туслалцаа үзүүлж, хоёр ихрийг энх мэндлэхэд нь тусалсан эмч нартаа МИАТ компанийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Хоёр ихэр дутуу төрсөн. Одоо сар гаруй хонож байна, жиндээ хүрсэн, биеийн байдал сайн гэж сая эмч хэллээ. Одоо ихрүүдийг гарахад нь угтан авах гээд зогсож байна. Тухайн өдөр дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй нислэг үйлдэж байсан.
Ихэр охидын ээж Д.БОЛОРТУЯА:
Нислэг хүлээгээд онгоцонд суухаас хоёр хоногийн өмнө бие өвдсөн. Онгоцонд орсны дараа өвдөж эхэлсэн. Эмч нарын яриагаар бол реакц үзүүлсэн юм билээ. Охид маань 1,6 кг, 1.4 кг жинтэй төрсөн. Одоо төрсөн үеэсээ жин нь нэмэгдсэн. Дутуу төрсөн. Төрөх хугацаа есдүгээр сар гаргах байсан. Охидууддаа аав, эгч хоёр нь нэр хайрласан. Энхцэлмэг, Энхжигүүр гэдэг.
Онгоцонд төрөх болонгуут их сандарсан, хамгийн гол нь хоёр охиноо эрүүл байгаасай л гэж их хүссэн. МИАТ компанийн нисгэгч нартаа мөн хоёр охиныг маань эх барьж авсан эмч, сувилагч, онгоцны үйлчлэгч гээд маш олон хүн надад тусалсан. Бүгдэд нь маш их талархаж байгаагаа илэрхийлье.
МИАТ ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТТӨР:
Монгол Улсад дотоодын нислэгт өмнө нь эх төрж байсан. Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрсөн тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болсон.
Долдугаар сарын 9-н МИАТ ТӨХК үүсгэн байгуулагдсаны дараагийн өдөр тохиосон юм. Биднийг их түгшээж бас баярлуулсан. Монголчууд бид охид төрвөл өсөн дэвжих нь хэмээн ихэд бэлгэшээдэг. Бид ч их бэлгэшээж байна.
Манай компани ихэр охиддоо болон ээжийг нь МИАТ ТӨХК-ийн нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олгож байна.
Ихэр охидыг аль улсын харьяалалд бүртгэдэг юм болоо гэдэг зүйлийг их асууж байгаа. Агаарын хөлөг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарна. Харин хаана төрсөн бэ гэвэл онгоцонд гэх байх. Энэ бол тун ховор тохиолдол. Эх баригч, сэхээний эмч зэрэг мэргэжлийн хүмүүс онгоцонд байж таарсан. Үнэхээр ус уух хувьтай охид. Онгоц дүүрэн зорчигчтой байсан. Истанбулаас 260 зорчигчтой хөөрөөд, 262 хүнтэй буусан.
ХӨСҮТ-ИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАТСҮХ:
Би халдвартын эмч, анх удаа тусгай үүргийн нислэгт явсан нь долдугаар сарын 9-ний Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг байлаа. Онгоц хөөрснөөс 30 минутын дараа төрөхийн өмнөх өвдөлт эхэлсэн. Тухайн үед онгоцны үйлчлэгч "хүний бие муудлаа" гэж дуудаад, очиход эхийн даралт өндөр 150/100-тай байсан. Охидын ээж долоон сар гаруйтай жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ хэлсэн.
Даралт бууруулах эм өгөөд байж байтал удалгүй ус нь гарсан. Онгоцонд тусгай өрөө байхгүй тул хоол бэлддэг өрөөнд оруулж, хоол цай зөөдөг ширээн дээр хэвтүүлсэн. Эхийн даралт их, хавантай, дутуу тээлттэй байсан нь хэвийн нөхцөлд ч эрсдэлтэй, хүнд төрөлт юм.
Нислэгийн багт би ганцаараа эмч байсан тул зорчигч дунд эмч хүн бий эсэхийг асуухад хүүхдийн эмч, Эх нялхсын сэхээний сувилагч, орон нутагт эмчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байж таарч, сайхан баг бүрдсэн.
Төрсний дараа эхийн даралт унасан, онгоц буухад гурван цаг дутуу байхад нярайн зүрх зогссон тул зүрхний массаж хийж, байнгын хүчилтөрөгчтэй явж байж ирсэн. Ганц, хоёр эмчид бол хүнд байх байсан. Харин олон хүний дэмжлэгтэйгээр эх, хүүхдүүдээ эсэн мэнд авчирсандаа баяртай байгаа.
Энхцэлмэг, Энхжигүүр болон түүний ээж нарт МИАТ компаниар насан туршдаа үнэгүй үйлчлүүлэх эрх гардууллааhttps://news.mn/r/2336121/
Posted by News.mn on Wednesday, August 12, 2020
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Видео контентийг Г.БИЛГҮҮН
Ихэр охид өнөөдөр тусгаарлалтаас гарна
Истанбулаас-Улаанбаатарыг чиглэн нислэг үйлдэж байсан МИАТ-ийн хөлөгт мэндэлсэн ихэр охид ээжийнхээ хамтаар өнөөдөр эмнэлгээс гарна. Наадмын өмнөхөн буюу 2020 оны долдугаар сарын 9-нд тусгай үүргийн нислэгээр зорчиж явсан эх амаржиж, хоёр ихэр охин мэндэлсэн юм.
Эхийг амаржих үед агаарын хөлөг ОХУ-ын Сочи хотын дээгүүр нислэг үйлдэж байсан бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх, тус онгоцоор зорчиж явсан эх баригч н.Ендондаваа, хүүхдийн их эмч н.Отгончимэг, н.Сугармаа, ЭХЭМҮТ-ийн САЭЭ-ний тасгийн сувилагч Буянжаргал нар ихэр охидыг эх барьж авсан байдаг. Ихэр охид долоон сартай мэндэлсэн юм.
Тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд газардангуут ихэр охидыг ээжийнх нь хамт Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэсэн. Халдвар хамгааллыг сахих дэглэмийн дагуу гадаадаас ирсэн иргэдийг эхний удаад 21 хоног эмнэлгийн хяналтад, дахин 14 хоног тусгаарлалтад авч буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ