ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “эрин үе” үргэлжилж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түүний эсрэг кампанит ажиллагаа цоо шинэ зүйл биш юм. Улс төрд хөл тавьсан цагаас нь л “Анти Путин” ажиллагаа эхэлж, өдгөө “Анти Путинизм” болон өргөжиж байгааг гадны хэвлэлүүдэд мэдээлж байна.
СӨРӨГ ХҮЧИН ПУТИНЫГ 2024 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦУУЛАХГҮЙН ТУЛД АЖИЛЛАГААГАА ЭРЧИМЖҮҮЛЭВ
Энэ оны зургадугаар сард “Олон нийтийн санаа бодол” сан (ФОМ)-гаас хийсэн судалгаагаар ОХУ-ын иргэдийн 59 хувь нь улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдгээ илэрхийлжээ. Санал асуулгын дүнгээс үзвэл, Оросын иргэдийн 31 хувь нь төрийн тэргүүндээ итгэдэггүй бол 10 хувь нь хариулж чадаагүй байна. Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 62 хувь нь Путин үүргээ сайн биелүүлж байгаа гэж үзэж байгаа бол 26 хувь нь эсрэг бодолтойгоо илэрхийлжээ. Харин 13 хувь нь энэ асуултад хариулаагүй байна. Зургадугаар сарын 19-21-ний хооронд явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 4000 хүн оролцсон байна.
Олон улсын “Галлуп” байгууллагаас дэлхийн 46 орны 50 мянга гаруй иргэний дунд хийсэн ерөнхийлөгч нарын талаар саналх асуулгаар Владимир Путиныг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн, нэр алдар нь өөрчлөгдөөгүй ганц улстөрчөөр нэрлэсэн билээ. Судалгаагаар Владимир Путин 84 авснаар олны танил ерөнхийлөгчийн байр сууриа хадгалсаар байгаа юм.
Өдгөө ОХУ-д Путиныг 2024 оны сонгуульд өрсөлдүүлэхгүй, аль болох харлуулж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой “анти” ажиллагаануудыг сөрөг хүчний зүгээс идэвхтэй явуулж байгааг олон улсын шинжээчид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Оросын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн аль хэдийнэ эхэлжээ. Путиний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь олон асуултыг хариултгүй үлдээсэн гэж улс төрчид дүгнэж буй юм. Тухайлбал, Америкийн “Politico” сэтгүүлд сэтгүүлч Алек Лун “Путин 2024 онд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буух ёстой. Гэхдээ түүний бий болгосон тогтолцоо хэвээр үлдэх болно” гэж дүгнэжээ. Мөн тэрбээр “Путины 2008-2012 онд түр завсарласныхаа дараа албан тушаалдаа эргэн ирж байсан нь давтагдах боломжтой” ч гэж бичсэн юм.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Хабаровск хотод тус мужийн захирагчийг баривчилсан явдлыг эсэргүүцсэнээр эхэлсэн жагсаал тав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Улс даяар болж буй жагсаалын талаар Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гаргахгүй байгаа ч гадныхан мэдээлж эхэлсэн. Тухайлбал, “Financial Times”-т бүс нутгийн эсэргүүцлийн давалгаа нь Путины эрх мэдлийг ганхуулаагүй, аюул занал учруулаагүй хэмээн бичжээ.
Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг 2004-2005 онуудад мужийнхаа хэд хэдэн бизнес эрхлэгчийн аминд хүрсэн хэргээр долдугаар сарын 9-ний өдөр баривчлан саатуулжээ. Ерөнхийлөгч Владимр Путин түүнийг итгэл алдсан гэх ерөнхий үндэслэлээр Хабаровск мужийн захирагчаас огцруулж, оронд нь Михаил Дегтяревийг томилсон.
Фургалын хувьд өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүйг мэдүүлж буй аж. Өнгөрөгч долоо хоногийн Бямба гаригт болсон жагсаалд “Фургаль бол бидний сонголт, тэр алуурчин биш” гэсэн лоозон барьсан нийт 3000 гаруй жагсагч оролцож, Фургалыг суллахыг шаардаж буй.
Оросын долоон хотод Путиныг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж буй бөгөөд Хабаровскт жагсагчдаас баривчлагдсан хүн байхгүй бол бусад долоон хотод жагсагчдаас нийт 10 хүн баривлагдан саатуулагджээ.
Москвад эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Владимр Путиныг дахин 16 жилийн турш суудалдаа байх боломж олгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсаж буй бөгөөд тэднээс 100 гаруй хүнийг баривчлаад буй юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагссан Анну Лойко, Александра Дмитриева нарыг өнгөрсөн сард 10 хоног баривчлан саатуулах шийдвэрийг Савеловскийн шүүхээс гаргажээ.
“ПУТИН, ЧИ БУРХАН УУ, АЛЬ ЭСВЭЛ ХААН ЮМ УУ? АЛЬ НЬ Ч БИШ БОЛ ҮГ ДУУГҮЙ ЯВААД ӨГ”
Түүх сөхвөл, Ленинград хотын зөвлөлийн дарга Анатолий Собчакийн дэмжлэгийг авч, тус хотын гадаад харилцааг хөгжүүлэх үүрэг хүлээсэн, КГБ-д ажиллаж байсан тагнуулч Путин хэсэг бүлэг хүмүүсийн булхайтай наймаанд саад болжээ. Хожим Санкт-Петербургийн амбан захирагчийн нэгдүгээр орлогчоор томилогдмогцоо Оросын улс төрийн амьдралд оролцож эхэлсэн зэргээр алхам, амжилт бүр нь түүнд таагүй хандагсдын тоог нэмсээр байсан талаар хэвлэлийн хуудаст тэмдэглэгдсэн нь бий.
Собчак сонгуульд ялагдаж, Путин Москва руу Борис Ельцины засаг захиргаанд, бүр Ерөнхийлөгчийн тамгын газар ажилд орсон нь олон хүний сонирхлыг татжээ.
Ерөнхий сайд Путин 1999 онд Кавказын асуудалд ач холбогдол өгч, Чечений ард түмэн гэмт хэрэгтнүүдийн дэглэмээс ангижрах ёстой. Төр засаг Чечений ард түмний эрх ашгийн төлөө ажиллах болно гэж онцлон тэмдэглэж, улмаар Чеченьд амжилттай болсон цэргийн ажиллагааны дараа нэр хүнд нь нийгэмд өсчээ.
2000 онд Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, дэмжигчид нь “Тэр бол шинэчлэлийн төлөө хүн” гэж онцолж байхад түүнийг үл таашаадаг хүмүүс, тухайлбал улстөрч, эдийн засагч Григорий Явлинский “Путин бол Зөвлөлтийн тусгай албанд ажиллаж байсан. Ажлын хуучин, хоцрогдсон арга барилтай” хэмээн муучилж байсан аж.
Путин Берековскийтой үл ойлголцож, хэвлэлийн салбарын бизнесээсээ салсан Гусинскийтэй муудалцсаны хариуд өөрийн эсрэг эсрэг кампанит ажлын эхлэлийг тавьсан гэдэг.
Олигархиудаас Путинтэй муудалцсан бизнесмэн нь “ЮКОС” компанийн захирал Михаил Ходорковский. Тэр Кремлийнхэнтэй өрсөлдөж, сөрөг хүчний улс төрийн намынханд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болжээ. Оросын эдийн засгийн хөгжилд томоохон бизнесменүүд ихээхэн нөлөөтэй учир олигархиудтай муудалцах нь маш эрсдэлтэй. Энэ мэт түүнд дургүйлхэж “өширсөн” хүмүүс олон байсаар иржээ.
Путиныг ерөнхийлөгч байх үед Оросын эдийн засгийн өсөлт гайхалтай нэмэгдсэн. Тухайлбал, ОХУ-ын ДНБ-ий хэмжээ 6,5 хувиар өсч, гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ны 50 хувь байсан нь 30 хувь болж буурчээ. Путин гадаад бодлогодоо АНУ, Европын холбооны орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх, Умард Атлантын Цэргийн Эвсэлтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Оросын дэлхийн худалдааны байгуулагад элсүүлэх бэлтгэл ажлыг хангасан юм. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, Путин нарын хувийн харилцаа ч маш дотно болжээ.
Улс төрийн карьер, амжилт нь дээшлэх тусам сөрөг хүчнийхний хандлага ч даган өөрчлөгдөж, эрчимжсэн байна. 2010 онд Путиныг зайлуулах кампанит ажил эрчимжиж, түүнийг огцрохыг шаардан, улмаар иргэдээс гарын үсэг цуглуулах “аян” өрнөжээ. Энэхүү ажиллагаанд сөрөг хүчний бөгөөд олон нийтийн байгууллагуудын идэвхтнүүд, мөн Оросын нэр хүнд бүхий соёлын зүтгэлтнүүд оролцсон байна. Энэ үед Путин ОХУ-ын засгийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.
Хэсэг залуус түүний талаар “Анти Путинизм” нэртэй дуу хүртэл зохиож байсан аж. Уг дуунд “Путин, чи бурхан уу, аль эсвэл хаан юм уу. Аль нь ч биш бол үг дуугүй яваад өг. Чамтай чамгүй бурхан, чөтгөр хоёр бидэнд хангалттай сайхан амьдрал бэлэглэх болно” гэсэн мөрүүд байжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ