Мотоциклоор арван аймгийн 5700 км зам туулсан бүсгүйчүүд

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Мотоциклоор арван аймгийн 5700 км зам туулсан бүсгүйчүүд

Мотоциклоор арван аймгийн 5700 км зам туулсан бүсгүйчүүд

Мото спортын тод өнгийн хувцсаар ижилссэн энэ бүсгүйчүүдийг Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг гэдэг. Тэд энэ зун эх орныхоо 10 аймгаар 5700 гаруй км бартаат замыг хамтдаа туулсан найзууд. Мото спорт сонирхогч, аялагч Н.Оргилмаагийн хувьд 14 дэх жилдээ хичээллэж буй туршлагатай нэгэн бол түүний найз Э.Эрдэнэчимэг нь саяхнаас мото спортоор хичээллэж, долоо хоног мотоцикл унаж, бэлтгэл хийгээд л холын замд гарчээ.

Эмэгтэй хүн мотоцикл унаад, холын замыг туулна гэдэг тийм амаргүй. Зарим хүмүүс нэг л үнэмшихгүй “Та хоёрын араас машинтай хүмүүс дагаж явсан уу” гэж хүртэл асуужээ. Тэдний хувьд анхны аяллаараа эмэгтэйчүүд хоббигоороо нэгдэж, тэсвэр тэвчээрээ шалгасан аяллыг хамтдаа туулж чаддаг гэдгийг харуулахыг зорьсон гэдгээ нуусангүй. Тэдний зам дардан байсангүй. Холын замд мотоциклын дугуй хэд хэд хагарч, гинж мултрах, сунах зэрэг асуудал гарсан ч ажрахгүй давсан тухайгаа ярьсан юм.

Аяллаасаа ирээд удаагүй тэдэнтэй Гачууртад байрлах гэртээ мотоциклоо засч, янзалж байхад нь зорин очиж, уулзлаа. “Мото спорт” гэсэн бичигтэй блокон хашаагаар ороход 10 орчим мотоцикл эгнэн харагдана. “Эх орныхоо 10 аймгаар аялаад ирсэн мотоцикл энэ дээ” хэмээн Н.Оргилмаа захын хоёр мотоциклыг заав.

-Аян замдаа сайн явж ирэв үү?

Н.Оргилмаа: Миний хувьд 20 мянган км замыг ганцаараа туулна гэсэн төлөвлөгөөтэй. Өнгөрсөн жилээс 2000 км аялж төлөвлөгөөгөө эхлүүлсэн бол энэ жил 5700 км аялалд гарахаар төлөвлөсөн. Энэ хугацаанд Чимгээтэйгээ танилцаад, найзыгаа бэлдэж, хамт аялсан. Аялал маань саадгүй сайхан яваад ирлээ.

Э.Эрдэнэчимэг: Бидний зорилго 5000 км байсан ч байгалийн сайханд шунан дурлаж, энд тэнд ч үзчихмээр газар олон байсан. Тиймээс 5700 гаруй км аялсан. Бид хамтдаа 10 аймгаар дайран өнгөрч, цаад цэг нь Алтай таван богд хүрч, буцахдаа хойгуураа явж, хамгийн сүүлд Хүйсийн найман нуур үзсэн.

Бид сонирхлоороо нэгдэж, найзалж эхэлсэн. Миний хувьд мото спорт хоббигоо хөөх нууцхан мөрөөдөл байсан. Тэгж яваад найзтайгаа танилцсан. Өнгөрсөн хавар бид хоёр энэ аяллынхаа төлөвлөгөөг гаргачихсан байсан учраас долдугаар сарын 20-нд аялалд гарсан.

-Энэ зун нийт нутгаар хур бороо элбэгтэй байлаа. Зам харгуй хэр бартаа саадтай байв?

Н.Оргилмаа: Баян-Өлгий хүртэл засмал замаар сайхан явсан. Цаашаа маш хүчтэй урсгалтай гол гаталсан. Ер нь шавар шавхай, намаг, элс, чулуутай замаар их явлаа. Миний хувьд хэдий 13 жил мотоцикл унасан ч чамгүй тэсвэр тэвчээр шаардсан замыг туулж ирлээ.

Э.Эрдэнэчимэг: Бид хоёр аяллын турш бүх төрлийн замыг туулсан. Өдрийн, шөнийн зам болон шавар, гол ус, элс, хайрга гээд байж болох бүх замыг туулсан. Хэдий дэргэд минь багш найз маань байгаач зам өөрөө их зүйлийг сургасан. Замын бартаа болгоныг энд дурдах нь илүүц биз. Энэ зун Баян-Өлгий рүү гойд их хур бороотой жил байсан гэдгийг нутгийнхан нь хэлж байсан. Тиймээс голын ус туулахаас гадна уулын усны үер их байлаа.

-Моточин бүсгүйчүүд холын замд гарахын өмнө хэрхэн бэлтгэлээ хангав?      

Н.Оргилмаа: Эхний ээлжинд ямар нэгэн асуудалгүй, хол замыг туулаад ирэх чадвартай сайн мотоциклоо бэлдэнэ. Мэдээж хамгаалалтын хэрэгслүүдээ сайн бэлдэх хэрэгтэй. Тэрнээс гадна хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайтар бэлдэх шаардлагатай.

Э.Эрдэнэчимэг: Миний хувьд сэтгэл зүйгээ л маш сайн бэлдсэн. Ямар ч туршлагагүй шинэхэн моточин учраас сэтгэл зүй их чухал байсан. Бас аялалд гарахаас нэг сарын өмнө хөлөө гэмтээсэн байсан. Тэгээд аялалдаа гарах уу, үгүй юу дээрээ тулж байгаад нэгэнт төлөвлөсөн учраас гипстэй долоо хоноод л авчихсан. Хөл маань жаахан зовоох болов уу гэсэн харин ч дажгүй сайн яваад ирлээ.

Эмэгтэй хүн автомашин, мотоциклын спортоор хичээллэнэ гэдэг бөх барилдах, туухай өргөхөөс өөр, илүү эрсдэлтэй, хүнд төрөл шүү дээ. Та эрчүүдийн, эр зоригийн энэ спортод татагдах шалтгаан юу байсан бол?

Н.Оргилмаа: Би багаасаа хурдан морь унадаг хүүхэд байсан. Мөн энэ спортоор хичээллэхэд хотын түгжрэл бас их нөлөөлсөн байх гэж боддог. Дээрээс нь мэдээж хобби хөтөлнө. Анх жижиг мотортой мотоциклоос эхлээд одоо кроссын төрлийн мотоцикл унадаг болсон.

Мото спортод дурлахгүй байхын аргагүй. Хүний хөл хүрэхээргүй газар очно. Машинаар аялалд явахаас өөр байдаг. Тухайн хүндээ маш сайхан мэдрэмж, кайфыг өгч чаддаг спорт.

Э.Эрдэнэчимэг: Анх “Хотын гудамжаар гоё мотоциклтой салхи татуулан явах юмсан” гэж мото спортыг сонирхож эхэлсэн. Тэгээд 2008 онд мотоцикл унаж сурсан ч жирэмсэн болсноосоо хойш бүр төсөөрсөн байсан. Энэ жилээс хоббигоо жаахан хөгжүүлэх зорилго тавьсан байсан учраас найзтайгаа аялалд гарсан даа.

-Таны экстрим сонирхлыг гэр бүлийнхэн нь хэр ойлгож, дэмждэг вэ. Эсвэл хориглодог уу?

Н.Оргилмаа: Хань маань миний аялал болгоныг дэмжиж байдаг. Аялалд гарахын өмнө бүх засвар үйлчилгээг хийж өгнө. Аяллын замд асуудал гарвал нөхрөөсөө утасдаад асуучихна. Ханийг маань спортын дэд мастер П.Түмэннасан гэдэг. Мото кроссын тамирчин хүн. Хүүхэд байхаасаа 13 настайдаа мото спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Миний хувьд угаасаа 20 мянган километр аялана гэдэг зорилттой байсан учраас гэр бүлийнхэн маань аль чадахаараа дэмждэг. Эцэг, эх маань дэмждэг ч их санаа нь зовдог.

Э.Эрдэнэчимэг: Намайг аялалд гарахад гэр бүлийнхэн маань дэмжиж хүлээж аваагүй. Нөхөр маань бүр хориглож байсан ч зөрсөөр байгаад л аялалд гарсан. Харин эргээд аяллын замаа туулаад ирэхэд арай өөрөөр хүлээж авсан.

-Мото спортоор ихэвчлэн эрчүүд хичээллэж, уралддаг. Сүүлийн жилүүдэд эмэгтэй тамирчин, сонирхогчид нэмэгдэх болжээ. Ийм хоббитой хэр олон бүсгүйчүүд байдаг вэ?

Н.Оргилмаа: Миний хувьд өөрийн “Motor rent mongolia” клубээ нээгээд жил болж байна. Клуб маань 15 гишүүнтэй. Бүгд мото спортын тамирчин. Мөн клубээрээ дамжуулан бартаат замын аяллуудыг амралын өдрүүдэд тогтмол зохион байгуулдаг. Өнгөрөгч 2018 онд танай news.mn сайтад ярилцлага өгөхдөө эмэгтэйчүүдийг мото спортоор хичээллэхийг уриалж байсан. Тэр уриалга маань их олон эмэгтэйчүүдэд хүрсэн юм билээ. Дараа нь надтай их олон бүсгүйчүүд холбогдож, сургалтад суусан. Бартаат замын төрлийг сонирхоод, хамтдаа аялалд гарах зоригтой бүсгүйчүүд тун ховор л доо. Миний мэдэхийн бартаат замын тамирчин хоёр бүсгүй бий.

-Та хоёрын аялал Монголдоо анхных нь уу?

Э.Эрдэнэчимэг: Бидний аялал Монголдоо анхдагч нь болсон. Хоёр эмэгтэй мотоцикл унаад, бартаат 5700 км замыг туулна гэдэг амаргүй. Зарим хүмүүс “ Та хоёрын араас машинтай хүмүүс дагасан уу” гэж асууж байсан. Бид хоёр цахилгаан бороохойгоороо хань хийгээд л гарсан даа. Эмэгтэй хүн гэдгээ мартах шахам л бартаат замын саадыг туулсан. Байнгын нойтон хувцас, гуталтай. Хаа таарсан газраа хоноход гялс майхнаа босгож, чийгний гудас дэвссэн болоод унтаж амарна. Дээрээс нь үс гэзэг, хумс хуруу авах юмгүй болно. Тав тухтай аялж, амарна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэр болгонд сэтгэл зүйгээ сайтар бэлдэх шаардлагатай.

-Ийм эрсдэлтэй сонголт хийж чаддаг, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийг эршүүд зантай гэж бодож байлаа. Эсрэгээрээ их намбалаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байна?

Н.Оргилмаа: Мото спорт дотроо олон төрөлтэй. Байк юм уу, чопперын төрөлд эмэгтэйчүүд нүүр, амаа будаад, хотын гудамжаар цэвэр цэмцгэр явах боломжтой. Миний хувьд бартаат замын төрлийг сонирхдог учраас дандаа уул хад, шавар шавхайтайгаар явна. Тийм нөхцөлд эмэгтэйлэг байдлаа авч үлдэнэ гэдэг маш их ажиллагаатай ажил л даа. /инээв/ Би эршүүд эмэгтэй биш ч учиргүй эмэгтэйлэг, уян зөөлөн хүн ч бас биш. Монголд холын замд аялаад явж байхад хүмүүс их гайхаж хүлээж авдаг. Хөдөө орон нутгаар явж байхад хүмүүс “Эрэгтэй хүн гэж бодлоо”, “Гадаадын жуулчин гэж бодсон” гэдэг. Их сонирхолтой санагддаг юм шиг байна лээ. Миний хувьд эмэгтэй хүн яагаад мото спортоор хичээллээд, аялж болохгүй гэж боддог. Тиймээс аялал болгоноороо үүнийгээ харуулахыг хичээдэг.

-Ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилго гэвэл?

Н.Оргилмаа: Цаашдаа би Монгол орноо мотоциклтой тойрон аялж, дуусаад дэлхийн орнуудаар аялах хүсэл мөрөөдөлтэй. Эх орныхоо нэрийг гаргаж, олон хүнийг энэ спортоор хичээллээсэй гэж уриалахыг хүсдэг.

Э.Эрдэнэчимэг: Мото спортоор хичээллэж, багагүй хэмжээний зам туулан аялсан маань надад маш их зүйлийг сурч, мэдэхэд тусаллаа. Тиймээс энэ хоббигоо улам хөгжүүлж, ур чадвараа ахиулахыг л хүсч байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ     

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж