"Сагсан бөмбөгийн сайхныг үүрд мэдэрнэ шүү дээ"

Хуучирсан мэдээ: 2020.08.14-нд нийтлэгдсэн

"Сагсан бөмбөгийн сайхныг үүрд мэдэрнэ шүү дээ"

"Сагсан бөмбөгийн сайхныг үүрд мэдэрнэ шүү дээ"

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд Токио-2020 олимпийн наадамд 3х3 төрлөөр өрсөлдөх эхний ээлжинд эрхээ авсан найман багийн нэрсийг зарласан. Энэхүү найман багийн нэгээр Монголын улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг тодорч, түүхэн амжилтын эзэд болсон билээ. Бид энэ удаад 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулантай ярилцлаа.


-Танай шигшээ баг олимпийн эрхээ авсан найман багийн нэг. "Нэг ёсондоо айдаггүйгээ авдрандаа" хийчихээд байгаа. Харамсалтай нь, Токио-2020 олимп цар тахлаас болж нэг жилээр хойшлогдлорр. Олимпийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ. Олимпийн хугацааг сунгасан нь танай багт хэр нөлөөлж байна? 

-Бэлтгэл сайн хангагдаж байна.   Олимп нэг жилээр сунгагдсан нь бидэнд сайн зүйл болсон гэж бодож байна. Дахиад нэг жил бэлтгэл хийх нь бидний амжилтад сайнаар нөлөөлнө. Мэдээж, олимп хойшилсон нь тамирчдад янз янзаар нөлөөлж байгаа байх. Миний хувьд бол хойшилсон нь муу зүйл биш байх гэж бодож байна.

-Хэзээнээс МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээнд тоглох болов. Спортод, тэр тусмаа сагсан бөмбөгтэй "найзлахад" чинь ахын тань нөлөө их байв уу?

-Сагсан бөмбөгийн спорттой холбогдсон маань ахтай минь салшгүй холбоотой. Дүү нарын хувьд ах эгчийгээ дагаж, тэднээсээ үлгэр дуурайлал авч, бүх л зүйлсийг нь өөрийн мэдэлгүй дагаж хийдэг. Ах маань анх оюутан болоод сагсан бөмбөгөөр хичээллэж, МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглох болсон. Тэр үеэс ахынхаа тоглолтуудыг очиж үздэг байлаа. Гэтэл нэг мэдэхэд өөрийн эрхгүй энэ спорттод татагдсан. Би МУИС-ийн нэгдүгээр курсээсээ сагсан бөмбөгөөр эрчимтэй хичээллэж эхэлсэн. Ахынхаа араас сагсан бөмбөгийн спорттой холбогдсон гэж хэлж болно.

-Ах нь бас Монголын сагсан бөмбөгийн шилдэг залуу тоглогчдын нэг шүү дээ?

-Манай ахыг Онолбаатарын Энхбаатар гэдэг. Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчин. Монголын 3х3 сагсан бөмбөгийн Улаанбаатар MMC болон Сансар MMC гэх хоёр мэргэжийн баг бий. Үүний Сансар MMC багт  тоглодог.

– Ах дүү хоёр хоёулаа 3х3 сагсан бөмбөгийн тамирчин болсон нь сонирхолтой санагдлаа. С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор хэдэн жил бэлтгэл хийж байна?

-Анх нэгдүгээр курсээ төгссөний зун кофе шоп орох гээд явж байгаад С.Тулга дасгалжуулагчтай таарсан юм.  С.Тулга багш "Удахгүй 23-аас доош насны Азийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга болох юм. Шигшээ багийн сонгон шалгаруулалт удахгүй явагдана"гэсэн санал тавьсан.  Намайг  О.Энхбаатарын дүү гэж мэддэг байсан байх. Тэгээд удалгүй шигшээ багт сонгогдож Малайз улсад зохион байгуулагдсан анхныхаа 3х3 сагсан бөмбөгийн тэмцээндээ оролцож байсан санагдана. Одоо бодоход тэр үед нэгдүгээр курс байсан гэхээр 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хичээллээд ердөө гурван жил л болж байсан юм байна.

-Анхны оролцсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн хэр санагдаж байв. Их биеийн хүч шаардсан уламжлалт 5х5 сагсан бөмбөгөөс их өөр шүү дээ?

– Тийм шүү. Анхны тэмцээн байсан гэхэд чамлахааргүй амжилт үзүүлж тавдугаар байранд орсон байх аа. Хэсгээсээ шалгараад хасагдах шатанд хожигдсон. Малайз улсад зохион байгуулагдсан тэр анхны тэмцээн л намайг 3х3 сагсан бөмбөгийн төрөлд дурлаж,  дуртай болоход их том хөшүүрэг болсон гэж боддог.

Олон улсын том тэмцээнд баг хамт олноороо оролцоод, Монгол улсынхаа өмсгөлийг өмсөн талбайд гараад тоглох гэдэг бол шал өөр төрлийн мэдрэмж байдаг юм байна лээ.

Тэр тайз, талбай засалт, үзэгчид, орчин гээд бүхий л зүйл нь намайг татсан. Тэр цаг үеэс хойш тасралтгүй хичээллэж байна. 5х5 буюу уламжлалт сагсан бөмбөгт би төвийн байрлалд тоглодог ч 3х3 сагсан бөмбөг дээр байрлал хамаардагггүй, өндөр ч гэсэн гадна хамгаалагчийн байрлал дээр тоглож, холын зайн шидэлт, хамгаалалт, довтолгоо, дамжуулалт гээд бүхий л чадваруудыг жигд эзэмшсэн байх ёстой л доо. Хүмүүс хараад тал талбайд, аравхан минут тоглодог юм байна гэж ойлгодог. Илүү амархан, бараг ядрахгүй гэж бодож байж магадгүй. Тэгтэл 5х5 сагсан бөмбөгөөс илүү ядраадаг, биеийн хүч ихээр шаардсан спортын төрөл. Жишээлбэл, довтолгоо хийгээд зөрөөд шууд л хамгаалалтанд ганц ч хором алдалгүй шилждэг. 5х5 сагсан бөмбөг ядаж л бүтэн талбайд бөмбөгөө залж алхаад, шогшоод хэсэг амрах боломж олгодог. 3х3 сагсан бөмбөг тасралтгүй 10 минут ганц л сэлгээтэй явагдана. Гурван тамирчин талбайд тоглож байхад ганц л сэлгээ бий. Мөн контакт ихтэй спорт. Шүүгч нар нь ч их хатуу, баргийн алдаан дээр шүгэл үлээхгүй. 3х3 сагсан бөмбөгийн уриа нь хүртэл "Гудамжнаас олимпод" гэж бий. Орчин үеийн урбан спортуудын нэг. Хэн хүчтэй, тэвчээртэй байсан нь л ялалт байгуулдаг. Бас нэг зүйл байгаа нь цаг агаар. Бороотой, нартай, салхитай, шал нь хальтирч байсан ч зохицоод тоглодог.

-Монголын 3х3 сагсан бөмбөг асар хурдацтай өндөр хөгжсөн болохоо харуулж өнгөрсөн онд Токио-2020 олимпийн эрх авлаа. 3х3 эмэгтэй багааараа хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадамд оролцоно гэдэг түүхэн мэдээг сонсоод хэрхэн хүлээв авсан бэ?

-Бид нар тэр түүхэн мэдээг сонсох гэж өдөрлөг зохиосон шүү дээ. Эрэгтэй эсвэл эмэгтэй багуудын маань нэг нь олимпийн эрх авах байсан юм. Нэг газар бөөндөө цуглаад л мэдээгээ тэсэн ядан хүлээж байсан. Олимпод оролцох багуудын нэрсийг зарлах гэж аягүй удсан. Байж сууж чадалгүй гадаа гараад догдлолоо дарах гэж байхад л манай багийнхан дотор уйлалдаад, орилолдоод эхэлсэн. Мэдээг нь яг зэрэг сонсоогүй болохоор дотор ороод хэдэн минут шоконд орсон. Тэр мөчийг бол үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан байсан.

Зүгээр л мөрөөдөл, боломжгүй гэж бодож байсан зүйл маань бодит болж Mongolia гэх нэр олимпийн наадамд оролцох эхний гурван багийн нэгээр шалгарчихсан байхыг хараад аягүй бахархсан, омогшсон.

Түүнээс гадна маш их үүрэг хариуцлага ирж байгааг ухамсарласан. Олон мэдрэмж давхцсан гайхалтай мөч.

-Та бас түрүүн өөрөө хэллээ шүү дээ их контакттай спорт гэж. Бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлж байна. Тамирчин хүний гол дайсан энэ шүү дээ?

– Яг зөв. Бидний хувьд өөрсдийн гэсэн сунгалт хийлгэдэг, бэлтгэл хийхэд бэлэн болгодог физик эмчилгээний эмч нартай. Тэр хүмүүс маань бидний бүхий л үе мөч, булчин шөрмөсийг сунгаж, халааж байдаг учир бэртэл гэмтэлд өртөх нь бага байдаг.

-3х3 сагсан бөмбөгөөр хичээллээд богино хугацаанд ч гэсэн олон тэмцээн уралдаанд оролцож, орон орны шилдэг баг тамирчидтай өрсөлдлөө. Ер нь Ази болон Европ баг, тамирчдын дунд тоглолтын арга барилын ялгаа гэж бий юу?

– Байлгүй яах вэ. Яг тоглоод үзэхээр их ялгаа мэдрэгдэнэ. Европ багууд болохоор нуруу өндөр, бие нь хатуу, түүнийгээ ашиглаад илүү биеийн хүчний тоглолт хийдэг бол Азиудын хувьд нуруу нэг их өндөр биш ч түүнийгээ хурдаараа нөхөж, илүү гүйлтэн дээр суурилсан тоглолтыг хийдэг юм шиг санагдсан. Ур чадварын хувьд бол хоёулаа л сайн.

-Энэ их контакттай, биеийн хүч гололсон спортоор хичээллэх үед шантрах үе нэг бус удаа гарсан л байлгүй. Тэр шантарсан, хүнд хэцүү байсан бэрхшээлтэй үеүдээ хэрхэн давав?

– Уншигчид магадгүй ах минь сагсан бөмбөгөөр хичээллэдэг учир гэр бүл маань дэмждэг байсан гэж бодож магадгүй л дээ. Гэвч анхандаа "Чи эмэгтэй хүүхэд", "Сагсан бөмбөгөөр хичээллээд амжилт үзүүлэхгүй",  "Зүгээр л хэсэг хугацааны хобби", "Наад гар хөл чинь муухай боллоо" гэх зэрэг олон юм ярьж байсан. Дуртай юмандаа тууштай байж л энэ бүгдийг давсан. Мөн хамт олон их чухал үүрэг гүйцэтгэсэн. Багийнхандаа, сагсан бөмбөгийн спортдоо хайртай байсан болохоор бэрхшээлүүдээ даван туулахад хялбар байсан. Хичнээн контакттай цохиулсан, мөргүүлсэн ч түрхэн зуурын л өвдөлт мэдэрнэ. Харин сагсан бөмбөгийн сайхныг үүрд мэдэрнэ шүү дээ.

-Мэдээж багийн спорт юм чинь дөрвөн өөр хүний зан араншин, үзэл бодол таарч тохирохгүй үе гардаг л байлгүй. Энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ?

-3х3 сагсан бөмбөгийн холбоо маань биднийг багаараа илүү хамт байж, ажиллах ёстой гэсэн үүднээс өнгөрсөн өвөл багаараа хамтдаа нэг байранд байрлаж, цуг хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, ядарсан, өвдсөн нэгэндээ анхаарал халамж тавьж нэгдмэл нэг баг болж чадсан. Сүүлдээ бүр өөрийн мэдэлгүй л гэр бүл шигээ санадаг юм байна лээ.

-Чухал тэмцээн уралдаан, шийдвэрлэх чухал тоглолтуудын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Залуу тоглогчийн хувьд туршлага гэхээсэээ илүү сэтгэл зүйдээ баригдана биз?

-Би чинь өөрөө их эмоцитой хүн. Энэ тал дээрээ одоог хүртэл ажиллаж байна. С.Тулга дасгалжуулагч хэлэхдээ "Битгий бод, битгий тоо", "Хэдий бэлтгэл дээрээ хэдэн мянган удаа давтсан зүйлээ алдсан ч тоох хэрэггүй" гэдэг. Саяхнаас "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" гэх номыг эхлүүлсэн. Энэ номон дээр хүн бодлоо цэгцлэх нь аягүй чухал байдаг гэдгийг ойлгосон.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Манай сайтын уншигчдад болон сагсан бөмбөг сонирхогчдодоо хандан хэлэх үг байна уу?

-Биднийг анхнаас нь дэмжиж ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн news.mn сайтын уншигч та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

– Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж