О.Амартүвшин: Ерөнхийлөгчтэй хамгийн сайн ойлголцдог

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

О.Амартүвшин: Ерөнхийлөгчтэй хамгийн сайн ойлголцдог

О.Амартүвшин: Ерөнхийлөгчтэй хамгийн сайн ойлголцдог

УИХ-ын сонгуульд дараалан ялагдаж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн Ардчилсан нам дотор намаа шинэчлэх асуудал хүчтэй хөндөгдөж байгаа. АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй намын шинэчлэлийн талаар ярилцлаа.


-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. АН-ын даргад өрсөлдөх гэж байгаатай холбогдуулан тантай улс төрийн  сэдвээр ярилцахыг хүслээ. Ирэх дөрвөн жил АН дахиад л  сөрөг хүчний байр суурин дээр ажиллах боллоо. УИХ-ын ээлжит сонгуульд АН хоёр дахь удаагаа дараалан чухам ямар шалтгаанаар ялагдав гэдэг асуудал намын гишүүдийн гол сэдэв байна.  Ялагдсан шалтгаанаа та бүхэн бодитоор дүгнэж чадсан уу?

-Бид сонгуулийн үр дүнд тооцоо, судалгаа үндэслэл бүхий учир шалтгааныг дүгнэх шаардлагатай юм. Иймээс мэргэжлийн компаниар бидний алдаа, оноо юу байв, сонгогчид юу хүссэнийг нь АН олж хараагүй байна вэ гэдгийг мөн цаашид юу хийх нь зохистой талаарх дүгнэлтийг хийлгүүлж байна. Дүгнэлт ирэх есдүгээр сар гэхэд бэлэн болж, олон нийтэд танилцуулагдах байх. Саяхан болсон АН-ын Үндэсний бодлогын хороо  /ҮБХ/-ны 17 дугаар хурлаар бид алдаа, оноогоо мөн олон талаас ярьж гишүүд ч санал бодлоо ярилаа.

Дийлэнх нь лидерийн манлайлалгүй сонгуульд орсон гэдгийг хэлж байгаатай миний хувьд ч санал нийлнэ. С.Эрдэнэ даргын нэр хүнд судалгаагаар улстөрчдийн сөрөг рейтингийг тэргүүлж байсан. Эсрэгээрээ эрх баригч намын дарга эерэг рейтингийг тэргүүлж сонгуульд оролцсон. Энэ утгаараа намын даргын нэр хүнд ялагдлын шалтгаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Хоёрдугаарт, сонгуулийн нэр дэвшүүлэлт намын дүрмийн бус явагдаж, сонгогчдод таалагдахгүй хүмүүсийг нэр дэвшүүлж мөн тойргийг сольсон нь буруудсан. Дүрмийн дагуу нэр дэвших хүсэлтээ өгчихсөн байсан хүмүүсийн хүсэл зоригийг хүлээж авахгүйгээр огт бэлтгэлгүй хүмүүсийг олноор нэр дэвшүүлсэн нь алдаа болсон.

Гурав дахь алдааг намын дүрэмтэй холбон ярьж байгаа. Мөн дэнчин төлж сонгуульд оролцуулсан нь нийгэмд болоод намын гишүүд дунд таалагдаагүй гэдгийг ҮБХ-ны гишүүд ч хэлж байна. Манай намын даргаар нэгэн цагт ажиллаж байсан Н.Алтанхуяг тэргүүтэй хэд хэдэн хүн саяны сонгуульд бие дааж өрсөлдсөн нь АН-д өгөх саналыг саармагжуулсан. Л.Болд, Ж.Батзандан нар тусдаа эвсэл байгуулж сонгуульд оролцсон нь тодорхой хэмжээгээр АН-ын саналаас хуваасан. Энэ бүхнийг дүгнэхэд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн намын шинэчлэлт нийгэмд хүрэх нь байтугай гишүүддээ ч бүрэн дүүрэн хүрээгүйг харууллаа. Шинэчлэлт хангалтгүй байсных.

АН олон фракцад хуваагдаж, үүгээрээ дамжуулаад хүмүүсээ хайрцаглачихдаг болоод удлаа гэсэн шүүмжлэл бий. Энэхүү хуваагдал, талцал нь ялагдалд хүргэсэн гэж танай намынхан болон улс төрийн хүрээнийхэн тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм ээ. Аливаа улс төрийн намд бутарч салж нийлсэн ийм дүр төрх эерэг үр дүн авчирдаггүйг тод харууллаа шүү дээ. Бие биеэ хүлээн зөвшөөрөх ялангуяа шинэ үеэ хүлээн зөвшөөрдөг байдал манайд намд дутагдаж байгаа нь үнэн.

Хуучин бол ардчиллын үзэл санааг залуучууд дэмждэг учраас илүү өндөр санал авна гэж ярьдаг байсан бол өнөөдөр судалгаагаар эсрэгээрээ болсон. Залуу үе ардчиллыг үл бүтэх хэсэг нөхдийн нэгдэл гэж хардаг болсон байна. Тэгэхээр АН-ын өмнөх, одоо үеийн удирдлагуудыг хооронд нь ялгаж салгаж ойлгохгүй бол буруу хандлага руу орохыг үгүйсгэхгүй гэдгийг судлаачид намын гишүүд ч ярьж байна. Энэ утгаараа нам шинэчлэгдэх ёстойг бүрэн дүүрэн ойлгож байна. Хоёрдугаарт, намын дүрэмд бурууг өгөхөөс илүүтэй хувь хүмүүсийн ойлголцоогүйн алдаа байсан гэж би хувьдаа хардаг.

Магадгүй ярилцаж, ойлголцохын оронд намын дүрмээ ягштал дагаж мөрдөж байна гээд хэт хатуурхах тохиолдол байсан. Хувь хүмүүсийн харилцаанаас хамаарах асуудлыг хэт намын асуудал болгосон гэх үү дээ.

"ОДОО Л ЗАСАХГҮЙ БОЛ 2024 ОН ГЭХЭД АРДЧИЛСАН ҮЗЭЛ БИДНЭЭС АЛСРАН ХОЛДОХ НЬ"

-АН-ыг сонгуульд ялагдахтай зэрэгцээд намын шинэчлэлийн асуудал зүй ёсоор яригдаж байгаа. Та ч бас АН-ыг шинэчлэхэд гар бие оролцохоо мэдэгдсэн. Өмнөх шинэчлэлт “лоозон”-гийн шинжтэй шинэчлэлт байсан юм бол шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хаанаас, юунаас эхлүүлэх юм бэ?

-Өнгөрсөн дөрвөн жил намын шинэчлэлтээ гадагшаа буюу нийгэм рүүгээ хийж чадаагүй. Үндсэндээ иргэд сонгогчид дүнгээ тавилаа. АН гүн гүнзгий эрс шинэчлэлт хийхгүйгээр ард иргэдийн хүсч байгаа бодлогын институт нь болж чадахгүй. Шинэчлэлтийг юунаас эхлүүлэх үү гэхээр нийгэм рүүгээ гарч ардчилсан үзэл санаа яагаад зөв юм, юунд хэрэгтэй вэ гэдгийг нийгэмд таниулж ойлгуулахаас эхлүүлнэ. АН 180 мянга гаруй гишүүнтэй, нийт массын 50 доош насных нь АН-ын үзэл санааг дэмждэг гэж ярьдаг боловч бодит байдалд яагаад биднийг сонгохгүй байна, бид яагаад тэдний итгэл үнэмшлийг нь татаж чадахгүй байна вэ гэдгийг олж харахгүйгээр энэ хэвээрээ явбал магадгүй 2024 он гэхэд ардчилсан үзэл биднээс алсран холдох аюулд хүрэхийг үгүйсгэхгүй юм.

Намын дүрмийн дагуу Ардчилсан намын даргыг үндэсний хэмжээнд марафон хийж тодруулна. Та АН-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн, яагаад ийм шийдвэрт хүрэв. Ер нь танай намын даргаар хэн сонгогдох ёстой гэж та бодож байна?

-Хэсэг бүлэг хүнээр хүрээлүүлсэн өмнөх үеийн дарга нар маань буцаад АН-ыг урагш нь манлайлан авч явах уу эсвэл цоо шинэ үзэл баримтлалтайгаар шинэ залуучуудаар явуулуулах уу гэдэг сонголтын өмнө бид ирээд байна. Ардчилал зайлшгүй байх ёстой зүйлийн нэг. Хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө энэ бүхэн маргашгүй ардчилалтай холбогдоно. Улс орны хөгжлийн хурдасгуур нь ардчилал мөн үү гэвэл мөн. Ийм эгзэгтэй цаг үед АН-ыг аварч чадах тэр манлайлагчаа гаргаж ирэхгүй бол манай намын рейтинг уруудсаар л байх болно.

Өөрсдийнхөө хүслээр хандах бус иргэд сонгогчдын хүсэл сонирхол руу алхаж чадах тийм удирдагч хэрэгтэйг сонгуулиар хаа хаанаа тод харсан гэж бодож байна.

-Гэхдээ Ардчилсан намыг хуучин лидерүүдээс нь салгаж хүлээж авах нь өрөөсгөл биш үү?

-Эрх, эрх чөлөөг ардчилал гэж ойлгодог атлаа улс төрийн намаар нь аваад үзэхээр хэдэн хүний ээлжилж удирддаг бүлэглэл болж хувирсан мэт ойлгогдох болж. Өөрөөр хэлбэл, дандаа болж бүтэхгүй бүхэнтэй орооцолддог хэсэг нөхдийн бөөгнөрөл гэж ардчиллыг харах болсон энэ хандлагыг засахын тулд ардчиллын хоёрдох хувьсгал хийх зайлшгүй шаардлагатай. Шинэ үе үүний төлөө одоо л ажиллахгүй бол оройтох нь.

Хоёрдугаарт, улс төрийн нам институтийн хувьд төлөвших. Ингэхийн тулд нэгдүгээрт үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгддэг, байгаа дүрмээ дагаж мөрддөг байх ёстой. Гэтэл манай нам УИХ-ын сонгуулиар дүрмээ мөрдөөгүй. Дүрмийн бус нэр дэвшүүлэлт явагдсан гэдэг нь ийм учиртай.

-Хэрэв та АН-ын дарга болвол юуг хийж, шинэчлэх үү?

-Дарга солигдоод шинэчлэгдлээ гэж үзэж болохгүй. 2016 онд сонгуулийн дараа яг энэ алдааг гаргасан. Намын шинэчлэлт хэлбэр төдий бус нийгмийн хүсэн хүлээж буй институт болгохын тулд би эрс  шинэчлэлтийг хийнэ. Гэхдээ шинэчлэлтийг хий, хоосон үгээр биш, тооцоо судалгаатай байж асуудлын гол учгийг олж харна. Хоёул, гурвуулаа тойрч суугаад асуудлыг шийдэх нь уналт болдог гэдгийг хангалттай  харлаа шүү дээ. Мөн дэмжигчдийн хүрээгээ тэлж цаашдаа гишүүнчлэлгүй нам болох асуудлыг хөндөх цаг нь болжээ. Би энэ чиглэл рүү нэлээд ажиллана. Яагаад гэвэл намын хатуу гишүүнчлэл улс орны эдийн засаг гээд бүх хэсэгт сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа хөдөө орон нутагт намын гишүүнчлэлийн ялгаварлалт хавтгайрсан. Үүнийг засах ёстой.

Гуравдугаарт, намын аппаратын хэт нүсэр бүтцийг өөрчилж цахимд шилжих шаардлага байна. Өнөөдөр манай нам босоо тогтолцоотой байгааг өөрчлөхөөс нааш хүнд суртлаас ангижирч, дотоод ойлголцол бий болохгүй. Гишүүд итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж чадаж байна уу гэдгийг ч эргэж харах цаг нь болсон.  Итгэл үнэмшил нь бүрэн тогтоогүй цагт нийгэмдээ ч  хүрэх боломжгүй.

-Орон нутгийн сонгуульд АН олонх болж чадах болов уу?

-ҮБХ-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэх ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн. Өмнөх орон нутгийн сонгуулиудаас харахад УИХ-ын сонгуулийн үр дүнг дагадаг жишиг бий. Намын даргын үүрэг гүйцэтгэгчтэй бид орон нутгийн сонгуульд оролцоно. Зөв зүйтэй алхам буюу ард түмний хүсээд байгаа зүйлийг бид хийж, хамтдаа урагшилбал боломж мэдээж бий. Гэхдээ амаргүй байна байх. Хийж чадахгүй гээд нам дотроо тулга тойрсон хэрүүлээ үргэлжлүүлсээр л байвал амжилт олж чадахгүй.

-Таныг Ерөнхийлөгчийн хүн, сойж байгаа морь гэсэн яриа, хардлага улс төрийн хүрээнд байгаа?

-ТББ-ыг удирдаж байгаа хүний хувьд төрийн бүхий л шатны удирдлагуудтай ойлголцож ажиллах шаардлага гардаг. Хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалж  дуу хоолой, гүүр нь болоход УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, сайдуудын хэнтэй нь ч  ойлголцдог байх нь миний ажил мэргэжлийн үүрэг.

Ерөнхийлөгч хувийн хэвшилд ажиллаж байсан утгаараа мөн хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга хот байгуулалтын салбартай ойр байсан  учраас  энэ чиглэлийн хөгжлийн асуудалд бид илүүтэй санал  нийлдэг, ойлголцдог. Тэр утгаар нь  Ерөнхийлөгчийн хүн гэж харддаг байх.

Гуравхан сая хүн амтай манайд талцал хуваагдал, тэрний, энэний хүн гэж тодорхойлдог элдэв шошгоос илүүтэй хамтын ойлголцол нэгдэл бидэнд чухал байна. Ингэж чадвал эдийн засгаа ч бид урагшлуулж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж