“Red Bull”-ийн хүн чанаргүй өв залгамжлагч

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Red Bull”-ийн хүн чанаргүй өв залгамжлагч

“Red Bull”-ийн хүн чанаргүй өв залгамжлагч

Тайландын нийслэл Бангкок хотноо 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр нар жаргах үеэр тансаг зэрэглэлийн хар өнгийн “Ferrari” автомашин цагдаагийн мотоцикл мөргөж ноцтой осол гаргажээ. Тухайн жолооч осол гаргачихаад цагдаагийн цогцсыг харанхуй гудамж руу чирч оруулаад  хурдлан давхин оджээ. Энэ хэргийн сэжигтэн нь алдарт “Red Bull” эрч хүчийн ундааг үйлдвэрлэгч компанийн өв залгамжлагч аж. Улмаар Тайландын чинээлэг гэр бүлийн өв залгамжлагчийн хэрэг шүүхийн шатанд маргаан дагуулжээ.

NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа “Red Bull”-ийн өв залгамжлагч Вораюут Ёоовидхяг танилцуулж байна.

Цагдаагийн мэдээллээр спорт загварын автомашинаас асгарсан шатахууны ул мөрөөр хэргийн сэжигтнийг илрүүлсэн аж. Ийнхүү Вораюут Ёоовидхяг хурд хэтрүүлсэн, осол гаргаад хэргийн газраас зугтсан, анхааралгүй жолоодож хүний амь хөнөөсөн гэх мэт гэмт хэргийн таван зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ. Гэвч хэрэг прокурорын шатанд шилжээд бүхэл бүтэн олон жил сунжирсан нь хохирогчдын гэр бүл болон ард иргэдийн дургүйцлийг өдөөсөн байна. Тэрбумтны ганц эрх хүү прокурорын дуудсан цагт удаа дараа очиж байцаалт өгөөгүйгээр барахгүй 2017 онд Тайландаас “зугтжээ”.

Нөгөө талд хохирогч, цагдаагийн ахлах түрүүч Вичиен Кланпрасертийн гэр бүлийнхэн олон жилийн турш хэргийн эзнийг шийтгүүлэхийг хүлээн тарчилж байна. Гэтэл Тайландын Цагдаагийн газраас өнгөрсөн долдугаар сарын 23-нд Вораюут Ёоовидхяг буруутгасан бүх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосноо зарлажээ. Улмаар ард иргэдийн дунд Тайландын хууль, шүүх баячуудад үйлчилдэггүй, шударга бус гэх шүүмжлэл “өвсөнд тавьсан гал шиг” дүрэлзжээ. Үүний зэрэгцээ Тайландад “Red Bull”-ийн бүтээгдэхүүнээс татгалзах, бойкотлох давалгаа эхэлсэн байна. Ард түмний эсэргүүцэл, дургүйцэл Тайландын парламентын доод танхимд хүрч, Ерөнхий сайд Прают Чан-оча нийгмийн давхаргыг ялгаварлалгүй шударга ёсыг тогтоохоо амлажээ. Энэ бүх дуулианы ард хэргийн эзэн, түүний гэр бүлийнхэн чимээгүй байсаар.

ГЭР БҮЛИЙН АМЖИЛТЫН ТҮҮХ

“Босс” гэх хочоороо алдартай Вораюут Тайландын алдартай, чинээлэг гэр бүлд төрж, өсчээ. Түүний өвөө Чалёо Ёоовидхя нь олон улсад танигдсан “Red Bull”  гэх олон төрлийн витамин, кофейн, элсэн чихрийн найрлагатай эрч хүчийн ундааг бүтээсэн юм. Чалёо Ёоовидхя бол Тайландын хойд хэсэгт дүрвэж ирсэн Хятадын цагаач гэр бүлээс гаралтай. Тэрбээр эм үйлдвэрлэлд хүч үзсэнээр амжилтад хүрч, Тайландын толгой баячуудын нэг болсон. Чалёо 1956 онд “TC Pharmaceutical” гэх компанийг байгуулж, хэдэн жилийн дараа жолооч болон хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүст сэргээгч болгох зорилгоор “Krating Daeng” гэх эрч хүчийн ундааг зохион бүтээжээ. Дараа нь 1984 онд Австрийн энтерпрейнэр Дитрих Матешицтэй хамтран “Krating Daeng” ундааны хийжүүлсэн хувилбар болох “Red Bull”-ийг гаргажээ. Тус эрч хүчийн ундаа нь гарсан даруйдаа тамирчид, шоучид, их сургуулийн оюутнууд, шөнийн ээлжинд ажиллагсдын дунд эрэлттэй ундаа болсон юм.

Түүнийг 2012 онд нас барсны дараа хүү Чалерм нь бизнесийг нь өвлөн авчээ. Өнгөрсөн оны байдлаар “Red Bull” эрч хүчийн ундаа дэлхийн 171 оронд 7.5 тэрбум сав зарагдсан байна. Тэрбээр өдгөө гэр бүлийн бизнесээ өргөжүүлж, үл хөдлөх, ресторан, дарсны салбарт орж,  “Ferrari” автомашин Тайландад оруулж ирж байна. Харин “TCP Group” группээс өв залгамжлагчийн нэр холбогдсон хэргээс зайгаа барьж, түүнийг компанийн хувьцааг эзэмшдэггүй, удирдлага, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй хэмээн мэдэгджээ.

Вораюут 2012 онд осол гаргах хүртлээ өвөө, аавынхаа адилаар олон нийтийн хараанд өртөхгүй амьдарч байсан аж. Ослын газар асгарсан автомашины шатахууны мөрөөр явсаар цагдаа нар Вораюутын харшид хүрч ирснээр хэрэг илэрчээ. Тухайн үед Вораюут цагдаа нар худал мэдүүлэг өгсөн нь нотлогдсоноор 200 ам.доллараар торгуулсан байв.  Мөн 500 мянган бат 16 мянган ам.долларын барьцаа төлж, батлан даалтаар суллагджээ. Гэвч тэрбээр прокуророос дуудах бүрт өвчтэй, гадаадад томилолтоор явсан гэх мэт шалтгаан зааж олон удаа “бултсан” байна. Эцэст нь прокуророос 2017 оны дөрөвдүгээр сард түүнийг баривчлах захирамж гаргасан ч тэрбээр аль хэдийн Тайландаас явсан байв. Үүний дараа олон улсын эрэн сурвалжлах байгууллага Интерполоор түүнийг хайж эхэлсэн ч удалгүй устгагджээ.

ХЭРГИЙН ЭЭДРЭЭ

Ослын хэрэгт Вораюутыг буруутгасан гэмт хэргийн дөрвөн зүйлчлэлийн  хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны есдүгээр сард дуусчээ. Харин анхааралгүй жолоо барьж хүний аминд хүрсэн гэх гол зүйлчлэлийн хөөн хэлэлцэх хугацаа 2027 онд дуусах байв. Гэвч Тайландын прокуророос хэргийг хаасан. Тайландын цагдаагийн газрын эхний баримтад дурдсанаар Вораюут тухайн үед 177 км/цаг хурдтай явж байжээ. Тайландад хурдны дээд хязгаар 80 км/цаг байдаг. Гэвч 2016 онд осол гарах үед түүний хурд хэтрүүлснийг өөрчилж, 79 км/цаг болгож засварласан байна. Түүнийг хурд хэтрүүлснийг 2019 оны арванхоёрдугаар сард прокурорт хоёр гэрч нотолсон баримт бий. Нэг гэрч Жаручарт Мардхонгийн өгүүлснээр тэрбээр цагдаагийн мотоциклын ард ачааны тэрэгтэй явж байжээ. Гэтэл цагдаагийн мотоцикл гэнэт Вораютын  “Ferrari”-ийн урд руу орсон аж. Тэрбээр ослоос хэдэн долоо хоногийн дараа цагдаад мэдүүлэг өгсөн ба өнгөрсөн арванхоёрдугаар сард дахин дуудагджээ.

ГЭРЧИЙН ҮХЭЛ

Гэвч өнгөрсөн додугаар сарын 30-нд гэрч Жаручарт мөн мотоциклын ослоор нас баржээ. Гэрчийн гэнэтийн үхэл нь ард түмний дунд хэргийн талаарх хардлага, сэжиг таамгийг улам нэмэгдүүлсэн нь мэдээж. Хяналтын камерт бичигдсэнээр Жаручарт хоосон шахуу замаар мотоциклтой явж байхдаа ижил урсгалаар явж байсан өөр мотоциклтой мөргөлдсөн байна. Цагдаагийн газрын мэдээллээр тэд бааранд хамтдаа ууж байгаад өөр газар очихоор хамт явж байсан гэнэ. Тухайн үед Жаручарт жолоодлогоо алдаж осол гаргасан гэж цагдаа нар дүгнэжээ. Гэтэл түүний гар утас нь хэргийн газраас алга болсон нь хардлага төрүүлсэн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Жаручарт нь орон нутгийн хөлбөмбөгийн клубын эзэн байжээ. Гэтэл түүний клубын ажилтан утсыг нь авч бүх зургийг нь устгасан гэж цагдаад мэдүүлэг өгчээ. Учир нь тэрбээр орон нутгийн сонгуульд өрсөлдөх бодолтой байсан ба “Red Bull”-ийн дуулианд орооцолдохыг хүсээгүй хэмээсэн байна. Жаручартын цогцсыг өнгөрсөн наймдугаар сарын 2-нд чандарлахаар байсан ч хоёр дахь удаагаа задлан шинжилгээнд оруулахаар хойшлуулжээ. Задлан шинжилгээний мэдээллээр тэрээр ослоос үүдэн гавлын цуурал, хавирга хугарч, тархи, гэдсэнд цус алдсанаар нас баржээ.

Энэ бүхний эцэст цагдаагийн газраас Вораютын  хэргээр дахин гэрчүүдээс байцаалт авч, баримтуудыг шинжилснээр наймдугаар сарын 20-нд шүүхэд шилжүүлэхээр болжээ. Гэвч хэрэг үнэнээр шийдэгдэх болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж