Төвөд хүмүүс буюу ядуурлаас ангижирсан түүхүүд

Хуучирсан мэдээ: 2020.08.13-нд нийтлэгдсэн

Төвөд хүмүүс буюу ядуурлаас ангижирсан түүхүүд

Төвөдөд хоёр долоо хоног ажиллахдаа уулзаж сурвалжилсан хүмүүсийнхээ талаар танилцуулъя.

Равдан

Равдан энэ жил 26 настай. Тэрбээр 2017 онд их сургуулиа төгсөөд нутагтаа ирж,  “Ануцан” хоршооллыг ахтайгаа хамжин байгуулжээ. Төвөдийн Өөртөө засах орны /ТӨЗО/ Шанка сум хар арвайн үйлдвэрлэлээрээ алдартай. Ах дүү хоёрын арвайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл амжилттай урагшилсаар гурван жилийн дараа гэхэд нутгийнхаа 84 өрхийн 500 орчим хүнийг хоршоололдоо нэгтгэсэн байна. Мөн арвай боловсруулах үйлдвэр нь 50 гаруй ядуу өрхийг ажлын байраар хангах зэргээр дэмжиж тэтгэсэн тоо баримт бий.

“Ануцан” хоршоолол хар арвайн будаа, арвайн жигнэмэг, өндөрлөгийн хүн орхоодойн жимс зэрэг зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хоршооны ажилчдын дундаж цалин өнгөрсөн онд 6000 орчим юаниар нэмэгдсэн байна.

Ах дүү хоёр хар арвайгаар шар айраг үйлдвэрлэж туршсан нь амжилттай болсон тул шинэ бүтээгдэхүүнээ брэнд болгохоор ажиллаж байгаа юм байна. “Энэ ажил маань бүтчихвэл хоёр айлын төдийгүй хоршооллын бүх гишүүдийн ажил амьдрал дэвжээд  явчихна гэсэн үг” гэж Равдан ярив.

“Цаашдаа уугуул нутгийнхаа ядуу айл өрхийг улам эрчимтэй дэмжиж, хөдөлмөр хүчээ нэгтгэн, нутгийнхаа ард олонтой хамтдаа хөрөнгөжин чинээжихийг хүсэж байна” хэмээн Равдан ойрын зорилтоо тодорхойлсон юм.

Малчдын хоршоолол

Далайн төвшнөөс 4700 метрийн өндөрлөгт орших Дургий гацааны мал аж ахуйн хоршоолол нь 13 мянган га орчим бэлчээрийн талбай, 1100 сарлаг, 2300 хонь, 700 ямаа, 7 морьтой гэнэ. Гацааны 108 өрхийн 386 малчин бүгд 2012 онд байгуулагдсан энэхүү хоршооллын гишүүн болцгоожээ. Үр дүнд нь 26 ядуу өрх тогтмол орлоготой болж, 2018 онд гацаагаараа ядуурлаас бүрэн ангижирчээ.

Малчин Данзангийнх урьд цөөн хэдэн малтай, өл залгуулах төдий амьдралтай байв. 2012 онд хоршоололд элсэн орж хувьцаа эзэмшсэнээр эхний жилд 10 мянган юанийн ногдол ашиг авсаны дээр хоршооллоос идэшний хонь, үхэр өгч байжээ. Харин 2019 онд ногдол ашгийн хэмжээ 20 мянган юань болон нэмэгдсэний зэрэгцээ гурван үхэр, 16 хонь, 45 кг сарлагийн шар тос өгсөн гэж Данзан бидэнд ярилаа. Данзангийнх ам бүл гурвуулаа, идшиндээ жилд нэг сарлаг, 10 орчим хонь бэлтгэдэг. Өнгөрсөн онд хоёр сайхан сарлагаа 16 мянган юаниар заржээ.

Данзан

Одоогоор тус хоршоолол нь мал ахуйг үндсэн чиглэлээ болгохын зэрэгцээ өөр төрлийн бизнесийг уялдуулан хөгжүүлж, малчдыг ажлын байраар ханган, тогтмол цалин орлоготой болгож байгаа юм байна. Тус хоршоолол 2014 онд Хятадын ХАА-н банкнаас ядуусыг дэмжих төслийн хүрээнд нийт 7 сая гаруй юанийн зээл авч, хоршооллын ойролцоох Банга сууринд зочид буудал, дэлгүүр, цайны газар, оёдлын цех нээн ажиллуулсан байна. Өдгөө тус хоршооллын мал аж ахуй, бизнесийн орлого тогтвортой өсөж байгаа бөгөөд 2019 онд банкны зээлээ бүрэн төлж дууссан гэж хоршооллын зөвлөлийн дарга Санжаа ярилаа.

Санжаа зураг. Зочид буудал, оёдлын газар

“Юун түрүүнд үндсэн үйлдвэрлэл болох мал аж ахуйгаа хөгжүүлж байна. Үр дүнд нь малчдад өөр төрлийн бизнес эрхлэх боломж нөхцөл үүснэ. Ийм маягаар малчдаа тогтмол орлоготой болгохын зэрэгцээ их дээд сургууль төгссөн залуучуудыг нутаг орондоо ажил орлоготой амьдрах боломжоор хангаж ирсэн нь манай хоршооллын гол ололт” гэж тус гацааны албаны төлөөлөгч Данзансамбуу танилцуулсан.

Армийн эмч

Төвөдийн өндөрлөг нь гидатидоз буюу элэгний шимэгч хорхойн өвчний тархалт өндөртэй бүс. Энэ төрлийн өвчлөл хүн амын дунд 1.66 хувийн тархалттай байдаг. 2017 оноос хойш Төвөд элэгний шимэгч хорхойн өвчинтэй тэмцэх зорилт тавин ажилласны үр дүнд нийт 5000 гаруй хүнийг эмчилж эдгээгээд байна.

Элэгний шимэгч хорхойн өвчин нохой, муур гэх мэт гэрийн тэжээвэр амьтдаар дамжин халдварладаг. Нохойн биед тээгдэж явсан өнөөх хорхой ялгадсаар нь дамжин ус, өвсийг бохирдуулж, өвс идэж, ус уусан малын махаар дамжин хүний ходоодноос элгэнд халдварладаг байна. Энэ өвчин Хятадын баруун хязгаарын Хөхнуур, Төвөдийн өндөрлөг болон Шиньжяний хөдөө аж ахуйн бүс нутгуудад өргөн тархацтай байдаг.

Хятадын цэргийн эмнэлгүүд Төвөдийн хөдөө орон нутагтай харилцан туслах гэрээ байгуулан, элэгний шимэгч хорхойн өвчнийг эмчлэх чиглэлээр хамтран ажилладаг.

Эмч Жү Жэньюй

Сурвалжлагын үеэр бид Төвөдийн зүүн нутгийн Дин Чин сяний ардын эмнэлэгт очиж, төвөдөд туслах эмчилгээний багийн ажилтай танилцлаа. Хятадын ардын армийн ерөнхий эмнэлгийн харъяа тавдугаар эмнэлгээс ирсэн томилолтын баг үүргээ гүйцэтгээд Бээжин рүүгээ буцах гэж байгаатай таарав. Харилцан туслах тус багийн ахлагч, элэгний мэс заслын эмч Жү Жэньюй томилолтын дөрвөн сар орчмын хугацаандаа элэгний шимэгч хорхойн өвчлөлтэй нийт 22 хүнд хагалгаа хийсэн бөгөөд өвчтөнүүд бүгд эдгэрч эмнэлгээс гарчээ. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр Хөхнуур, Төвөдийн нутгаар 16 удаа томилолтоор явж, нийт 100 гаруй хүнд хагалгаа хийжээ.

Аваан үүлдрийн хонь

Төвөдөд хэд хэдэн төрлийн хонины үүлдэр бийгээс аваан хамгийн алдартай нь. Далайн төвшнөөс 3800-4600 метрийн өндрийг үл ажрах аваан хонь өндөрлөг газрын байгалийн хатуу нөхцөлд дасан зохицох онцгой чадвартай. Бие том, мах нь шим тэжээлтэйн дээр маш амттай. Дээр үед аваан хонийг сүм хийд болон газрын эздэд бэлэг, өргөл болгон барьдаг хүндэтгэлт идээний нэг байж. Төвөдийн зүүн нутгийн Гүнжуэ сяньд аваан үүлдрийг голлон өсгөж байгаа бөгөөд нийт тоо толгой нь ердөө 150 мянга орчим. Аваан хонь хурганаасаа бие гүйцсэн хонь болоход жил хагасын хугацаа орно. Зөвхөн тэнгэрийн царай харж хонь хариулах нь төвөд хонины тоо толгойг нэмэгдүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учир төвөд хонины үржлийн төвийг байгуулахаар бүтээн байгуулалтаа эхлээд байна гэж тус төвийн захирал Ли Жяньчан ярив. Энэхүү төв нь шинэ технологийг ашигласнаар аваан үүлдрийн хонины бойжилтын хугацааг найман сар болгон богиносгох бөгөөд хоёр жилийн дотор 15000 толгой хонийг зах зээлд нийлүүлэх зорилттой юм байна.

Аваан үүлдрийн хонь, хоньчин

Сарлаг

Төвөдөд сарлагийн олон үүлдэр байдгийн дотор зүүн нутгийн Лэй Ү Чи буюу Их уул сяний сарлагийн мах амт чанараараа алдартай. Энэ үүлдрийн сарлагийн мах уураг ихтэй, онцгой амттай байдаг нь байгалийн давуу нөхцөлтэй нь холбоотой. Далайн түвшнээс дээш 4500 метрийн өндөрт бэлчиж, усны тунгалгийг ууж, өвсний соргогийг иддэг сарлагтаа арвай буудай, төвөд давс зэрэг нэмэлт тэжээл өгдөг гэж тус суурингийн төлөөлөгч танилцууллаа.

Тавин найман мянган хүн амтай Лэй Ү Чи суурин нийт 180 мянган сарлагтай. Сурвалжлагын үеэр бид сарлагийн мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төвөд айл” ХХК-ийн ажил үйлстэй танилцсан юм. 2015 онд байгуулагдсан тус компани жилд 300 тонн мах боловсруулдаг бөгөөд нутгийнхаа 1500 гаруй өрхтэй гэрээлэн сарлагийн мах авдаг. Эдний зах зээл дэх эрэлт нийлүүлэлт тогтмолжиж олонд танигдахтай зэрэгцэн малчдын жилийн дундаж орлого 3000 орчим юаниар нэмэгджээ.

Есөн үе дамжсан төвөд эмч Лувсансоном

Төвөдийн зүүн нутгийн Чандү хотод есөн үе дамжсан нэгэн эмч бий. Нэр нь Лувсансоном. Тэрээр Бөлүн хэмээх удмын есдүгээр үеийн эмч. Лувсансономын аав Лувсанданзан анх 1971 онд нутагтаа Рытүн нэртэй Төвөд эмнэлэг байгуулжээ. Тэр цагаас хойш эмнэлгээ үе шаттай өргөтгөсөөр эдүгээ Төвөд эмнэлэг, Төвөд эмийн үйлдвэр, Төвдийн анагаах ухааны сургалтын төв бүхий эм эмчилгээний нэгдсэн цогцолбор болон өргөжжээ.

Тус эмнэлгийн оройлцоо 10 гаруй га талбайд эмийн ургамлын тариалан эрхэлж, тэндээ 400 гаруй төрлийн эм үйлдвэрлэж байна. Зүрх судасны Эрдэнийн 70 үрэл болон ходооны Рэнчинжанжуур зэрэг үе дамжин уламжилсан онцгой жор бүхий эмүүд нь Төвөд даяар алдартай.

Лувсансоном

Лувсансоном долоон настайгаасаа аавыгаа даган ууланд гарч, эмийн ургамал түүдэг байсан бөгөөд дунд сургуулийн сурагч байх үеэсээ Төвөдийн анагаах ухааны дөрвөн үндэст шамдан суралцжээ. Тэрээр өвөг дээдсийнхээ уламжлалыг өвлөн хөгжүүлэхийн зэрэгцээ нутгийнхаа ард түмэнд буян үйлдэж, таван мянган өрхөд жил бүр 3 сая юанийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг.

Хуучин тосгоны шинэ төрх

Рүн Бү Жэнь тосгон

Төвөдийн зүүн нутгийн энэ сууринг Рүн Бү Жэнь гэдэг. 2016 оноос тус сууринд шинэ хотхоны бүтээн байгуулалтын төсөл эхэлж, 3 жилийн хугацаанд 412 өрхийн 2231 ядуу иргэнийг ажлын байртай болгосноор 2018 онд ядуурлаас бүрэн ангижирч чадсан.

Тус сууринд орон сууц, худалдаа үйлчилгээний төв, сургууль, эмнэлэг зэрэг  бүтээн байгуулалтаас гадна тэжээлийн өвс тарих, үнээний ферм, арвай боловсруулах зэрэг орон нутгийн онцлогтой аж ахуйг хөгжүүлж байна.

Хуварга Цэрэндорж

ТӨЗО-ы Чамба хийдийн лам Цэрэндорж анх 2008 онд 18 настай байхдаа шалгалт өгч, лам болжээ. Гурван жил тасралтгүй ном үзсэний үр дүнд шалгалтаа давсан гэнэ. Эгч, дүү, ээжийнхээ хамт дөрвүүл амьдардаг. Чамба хийд бол Төвөдийн зүүн нутаг дахь буддын шашны гэлүгва урсгалын хамгийн том хийд. Чамба бурхныг тахидаг учраас Чамба хийд хэмээн нэрлэжээ. Тус хийдийг Зонхова бурхны шавь Широсүмбэ 1437 онд анх байгуулжээ. 580 гаруй жилийн түүхтэй энэ хийдэд 1000 гаруй лам хувраг шавилан суудаг.

Цэрэндорж лам

“Хүн болж төрсөний учир утга бол нийгэмдээ буян үйлдэх гэж боддог” хэмээн Цэрэндорж лам хуучлав. Үндсэн ажлынхаа зэрэгцээ ирсэн жуулчдад хийдээ танилцуулах хөтөч хийдэг. “Хүний дотоод ертөнцийн сайн сайхан бол хамгаас эрхэм зүйл. Нинжин сэтгэлтэй хүн нийгэмдээ илүү их буян үйлдэж чадна гэдгийг дүү нар минь үргэлж санаж яваарай” хэмээн онцлон захилаа. Монгол хүнтэй хийд дээрээ таарч байгаагүй, харин Хятадын бусад мужаар аялж явахдаа уулзаж байсан гэнэ. “Монгол хүн надад их таалагддаг. Чингис хааны оюун ухаан, эр зоригоос суралцах ёстой гэж би дандаа боддог. Манай Төвөд нутаг сайхан ч гэлээ би Монголын тал нутагт очиж үзэхийг мөрөөддөг” хэмээн ярьсан юм.

Б.Алтаннавч

Гэрэл зургийг Ш.Сандаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж