Оросуудын вакцинд итгэх итгэл буурсаар байгааг ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Халдварын ерөнхий эмч Николай Брико хэллээ. Зөвхөн иргэд төдийгүй эмч нарын дунд ч вакцинд таагүй ханддаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг тэр хэлсэн байна.
"Бидний явуулсан судалгаагаар сүүлийн жилүүдэд вакциныг хэрэггүй гэж үздэг хүмүүсийн тоо хүн амын дунд нэмэгдэж байна. Зөвхөн хүн амын дунд ч биш эмч нарын дунд ч мөн адил” хэмээн Москва хотноо зохиогдож буй "Здоровье нации – основа процветания России" форумд оролцох үеэрээ Николай Брико онцолсон байна.
Гэхдээ энэ хандлага нь вакциныг огт үгүйсгэсэн хэрэг биш харин ч вакцин чимээгүйхэн үүргээ гүйцэтгэж, олон хүнийг өвчнөөс аварч байгааг анзаарахаа больсноос үүдсэн хэмээн тэр онцлов. “Олон мянган хүний аминд халтай олон халдварт өвчнөөс вакцин аварч байгаа. Вакцин хийлгэж байгаа учраас олон хүнийг хамарсан халдварт өвчний дэгдэлт буурсан. Энэ нь хүмүүсийн сэтгэлийг амрааж, өвчин байхгүй байхад хүүхэддээ вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн хандлагыг бий болгож байна” хэмээн Николай Брико хэллээ.
"Здоровье нации – основа процветания России" форум наймдугаар сарын 11-13-ны хооронд зохиогдож байгаа юм.
Холбоотой мэдээ