Аваргуудын лигийн финалд аль баг түрүүлэх өндөр магадлалтай вэ?

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигийн финалд аль баг түрүүлэх өндөр магадлалтай вэ?

Аваргуудын лигийн финалд аль баг түрүүлэх өндөр магадлалтай вэ?

УЕФА-гаас зохион байгуулдаг Аваргуудын лигээс одоогийн байдлаар өнгөрсөн жилийн аваргууд болох Ливерпүүл, Кристиано Роналдо тэргүүтэй Ювентус, дархан аварга Испанийн эзэн хааны Реал Мадрид багууд хасагдсан нь энэ жил хэр өрсөлдөөнтөй байгаа нь харагдаж байна.

1. Францын Лион баг

Аваргуудын лигт Лионыг энэ хүртэл явна гэж ихэнх хүмүүс төсөөлөөгүй байх. Шөвгийн 16-гийн хасагдах шатанд Италийн аварга Ювентус багтай таарч, эхний тоглолтод 1:0 гэсэн харьцаатайгаар хожсон нь тэдэнд тус болж, энэ шатанд шалгарчээ. Францын лиг-1 энэ улирал хангалттай амжилт үзүүлж чадаагүй долдугаар байранд орсон Лионы энэ улирлын мэргэн бууч 16 гоолтой Мусса Дембеле. Тэдний энэ шатны өрсөлдөгч Пеп Гвардиолагаар удирдуулсан Манчестер Сити баг байх юм. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дараагийн шатанд шалгарах магадлал тун бага байгаа аж.

2. Германы РБ Лейпциг

Энэ улирал Бундеслигт гуравдугаар байранд орсон РБ Лейпциг баг өөрсдийн гол довтлогч Тимо Вернерээ Челси баг руу алдсан. Тэдний хувьд өмнөх шатны учраа Английн Тоттенхам багийг гоол алдалгүй нийт дүнгээр 4:0 харьцаатай хожиж, энэ шатанд шалгарчээ. Аваргуудын лигийн шигшээ наймын тоглолтод тэд Атлетико Мадридын эсрэг таарч тоглохоор болсон. Энэ баг ердөө арван нэгэн жилийн өмнө байгуулагдаж, Бундес лигт дэвшин гарч ирээд, сүүлийн дөрвөн улирал тоглож буй билээ.Лейпциг шинэхэн байгуулагдсан баг гэхэд тун амжилт сайтай яваа юм. Гол довлогчоо алдсан ч гэсэн өрсөлдөгч Атлетико багаа аваргуудын лигээс мултлах чадамж тэдэнд бүрэн бий.

3. Италийн Атланта

Хөлбөмбөг гурван сарын хугацаанд завсарлан эргэн ирэхэд тэднийг завсарлагаас өмнөх сайн тоглолтоо үзүүлж чадах болов уу гэсэн хүлээлтийг эвдэн энэ улирал зүгээр нэг аз байгаагүй гэдгийг харуулж. Сери А лигтээ 98 гоол оруулж гуравдугаар байранд бичигдэж улирлыг дуусгасан. Хэдий тэд довтлохдоо үнэхээр өөгүй төгс ажилладаг ч хамгаалалт нь тийм сайн биш гэдгийг өмнөх шатанд Испанийн Валенсиа багтай хийсэн хариу тоглолт 4:3 харьцаагаар дуусч, бид бүхэнд харуулсан юм. Үүнээс гадна 26 тоглолтод 16 гоол, 8 дамжуулалт өгсөн Йосип Иличич хувийн шалтгааны улмаас тоглохгүй. Харин шөвгийн наймын шатанд Пари Сен Жермен баг тэдний шандасыг сорих юм.

4. Испанийн Барселона

Тэд хуучин цагаа бодвол энэ тэмцээнд бүрэлдэхүүн сул байгаа. Өмнөх шатанд Наполи багийг нийт дүнгээр 4:2 харьцаагаар хожиж, шөвгийн наймд Байерн Мюнхен багтай оноолт таарсан. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэд дараагийн шатанд шалгарах магадлал тун бага аж. Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга Лионел Месси багаа ахлан тоглох бөгөөд энэ улирал 33 тоглолтод оролцож, 25 гоол 21 гоолын дамжуулалт өгөн, форм сайтай байгаа.

5. Испанийн Атлетико Мадрид

Багийн гол үүргийн тоглогчид Анхель Корреа болон Шиме Врсалько нар нь шинэ коронавирусийн халдвар аваад буй нь Атлетико Мадридад муу мэдээ боловч оноолтын хувьд тэдний финалын шатанд шалгарах боломж өндөр. Баг нь бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 18 тоглолтдоо ялагдаагүй байгаа нь ахлах дасгалжуулагч Диего Симеонегийн сахилга бат болон хамгаалалтыг илүүд үздэг философитой нь шууд холбоотой. Зөвхөн Кристиано Роналдогийн тоглодог багт л хожигддог гэх бараан үзүүлэлттэй Атлетико Мадрид өнгөрсөн жилийн аваргууд болох Ливерпүүлийг шөвгийн 16-д буулган аваад буй.

6. Францын Пари Сен Жермен

Пари Сен Жермен баг Францын лигтээ уламжлал ёсоор түрүүлж, бүрэлдэхүүний хувьд ч гэсэн урьд урьдын жилүүдээс нягт байна. Бэртэл, гэмтэлд нэрвэгдсэн багийн гол тоглогчид болох Килиан Мбаппе болон Марко Вератти нар энэхүү тоглолтод оролцох боломжтой гэж тус багийн ахлах дасгалжуулагч Томас Тухель хэлсэн нь тэдний хувьд сайн мэдээ. Европын том тэмцээнд амжилт үзүүлж чадахгүй байгаа ПСЖ сүүлийн өдрүүдэд Кристиано Роналдог багтаа авчирна гэсэн шуум гарсан. Хэрвээ энэ жилийн УЕФА Аваргуудын лигт түрүүлж чадахгүй бол Томас Тухель ажлаасаа халагдаж, ПСЖ багт ч шинэчлэлт хийгдэхийг үгүйсгэхгүй.

7. Английн Манчестер Сити

Манчестер Сити баг энэ жилийн УЕФА Аваргуудын лигийн гол фаворит багуудын нэг. Европын тэмцээн уралдаанд хоёр жил оролцох эрхээ хасуулсан ч сайн өмгөөлөгчдийн буянд CAS буюу Спортын арбитрын шүүхэд давж заалдан ялалт байгуулж, эрхээ буцаан сэргээсэн. Өмнөх шатандаа УЕФА Аваргуудын лигийн түүхэнд 13 удаа буюу хамгийн олон удаа түрүүлсэн баг болох Реал Мадридыг хоёр тоглолтод тус бүр 2:1 гэсэн харьцаатайгаар хожсон нь тэднийг энэ жил өнгөтэй байгааг харуулж байна.

8. Германы Байерн Мюнхен

Бундеслигийн аварга багийн довтлогч Роберт Левандовски энэ жил 44 тоглолтод оролцож, 53 гоол, 8 гоолын дамжуулалт өгч онцгой байгаа. Тэдэнд байгаа өөр нэг сайн мэдээ нь Томас Мюллер 21 гоолын дамжуулалт өгсөн нь Европын топ таван лигийг Месситэй хамт тэргүүлэх үзүүлэлт болоод байгаа юм. Байерн Мюнхен багийн шөвгийн 16 шатны учраа баг нь Челси байсан бөгөөд нийлбэр дүнгээр 7:1 харьцаагаар хожиж, форм сайтай байгаагаа харуулаад амжсан нь тэднийг эхний байранд бичигдэхэд хүргэлээ.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж