Улаан буудайн үнэ 22 сарын дотор дээд төвшинд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Улаан буудайн үнэ 22 сарын дотор дээд төвшинд хүрлээ

Сүүлийн хэдэн арван жил болоогүй уршигтай ган Орос орныг дайрч хээрийн түймэр газар авч, их хэмжээний ургац алдаж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр улаан буудайн үнэ сүүлийн 22 сарын хамгийн дээд төвшинд хүрсэн байна. Чикаго хотын худалдааны зөвлөл есдүгээр сард нийлүүлэх улаан буудайн үнийг 7 ам.доллараар тогтоосон нь 2008 оны 9 сард нэг бушель (америк бушель = 27.1 кг) улаан буудайны үнэ 6.93 ам.доллар болж бууснаас хойш анх удаагаа өсөж байгаа үнэ юм. Зургаадугаар сараас хойш улаан буудайны үнэ 50 хувиар өсөөд байна.

Үүнтэй холбоотойгоор гурилан бүтээгдэхүүний үнэ өсөж магадгүй гэж хэрэглэгчид болгоомжилж байна. “Hovis” талх үйлдвэрлэдэг “Premier Foods” компанийн улаан буудайн худалдан авалтын тасгийн дарга Гери Шаркей “Financial Times”-д ярилцлага өгөхдөө гурилан бүтээгдэхүүний салбар “улаан буудайн үнэ 50 хувиар нэмэгдэж байгааг анзаарахгүй байж чадахгүй” гэж ярьсан байна.

Орос улс АНУ, Европын Холбоо, Канадын дараа дэлхийн дөрөв дэхь том улаан буудайн экспортлогч гэж тооцогддог юм. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстантай нийлүүлж тооцвол дээрх хоёр улс өнгөрсөн жил дэлхийн улаан буудайн экспортын 25 хувийг нийлүүлж байсан юм. “Яг хэдий хэмжээний ургац алдаж байгаа нь одоогоор тодорхой биш хэдий ч ямар ч байсан дэлхийн улаан буудайн нийлүүлэлтэнд маш хүчтэй нөлөө үзүүлэх болно. Энэ бол 1975 оноос хойш тохиолдоогүй ноцтой үйл явдал” гэж Чикаого хотод байрладаг “MF global” компанийн түүхий эдийн судалгааны төвийн захирал Ричард Фелтес ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж