Сул төсвийн хязгаарлалт | News.MN

Сул төсвийн хязгаарлалт

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Сул төсвийн хязгаарлалт











Хэрэглэгч өөрийн орлого
буюу төсвийн хязгаартаа тааруулан ханамжийг хамгийн их байлгахаар бүтээгдэхүүний
сонголт хийдэг гэж микро эдийн засгийн ухаанд үздэг.

Төсвийн хязгаарлалт
ухагдахууныг ашиглан Харвардын Их Сургуулийн профессор Ж.Корнай нь зах зээлийн болон
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем дэх пүүсийн үйл хөдлөл, засгийн газар,
пүүс хоорондын харилцааг тайлбарласан.

Пүүсийн төсвийн хязгаарлалт
гэдэг нь пүүс нь орлогодоо тааруулан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаа нөхнө
гэсэн ухагдахуун бөгөөд “хатуу” болон “сул” төсвийн хязгаарлалт гэж ангилж болно.
Сул төсвийн хязгаарлалтад сул татаас, сул татвар, сул зээл, өндөр үнийн арга гэсэн
хэлбэрүүд байдаг.

Зах зээлийн эдийн
засагт пүүс нь ерөнхийдөө хатуу төсвийн хязгаарлалттай үйл ажиллагаа явуулдаг ба
ихэнхи пүүс нь хувийн өмчид тулгуурласан тул пүүс ашигтай ажиллах, дампуурах нь
тухайн пүүсийн өмчлөгч, удирдлагаас л хамаарна. Засгийн газраас үргэлж тусламж дэмжлэг
авах нь бага байдаг.    

Төвлөрсөн төлөвлөгөөт
эдийн засагт пүүс нь сул төсвийн хязгаарлалттай үйл ажиллагаа явуулдаг. Улсын өмчид
тулгуурласан пүүсийн оршин тогтнох, дампуурах нь пүүсийн ашиг алдагдлаас үл хамаардаг,
үргэлж засгийн газраас тусламж авдаг байсан.

1990-д он хүртэлхи
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системд манай улсын пүүсүүд нь ашиггүй ажиллаж
байсан ч засгийн газраас татаас авах, буцаан төлөх үүрэггүй зээл авах, бараа бүтээгдэхүүнээ
тогтмол үнээр зарах, татвараас чөлөөлөгдөх нь нийтлэг байлаа. Үүний үр дүнд пүүст
ашгийн төлөө үр ашигтай ажиллах, технологийн шинэчлэл хийх хөшүүрэг байхгүй болсон
ба хэзээ ч дампуурахгүй гэсэн үзэл суусан. Засгийн газар пүүс хоорондын энэхүү харилцаа
нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийг уналтад хүргэсэн гэж үзэж болно.   

90-д оноос хойш өмч
хувийн эзэмшилд очин, зах зээлийн хуулиар ашигтай ажиллах пүүс л өрсөлдөөний үр
дүнд үлдэж нийгмийг хөгжүүлнэ гэсэн үзлийг манай улс баримтлах болсон. Зах зээлийн
эдийн засгийн системтэй өнөө үед манай улсын ихэнхи пүүсүүд хувийн өмчид тулгуурлан,
ашгийн төлөө үр ашигтай үйл ажиллагаа явуулах болов. Зах зээлийн хуулийн дагуу пүүсийн
орлого зарлагын хамаарал өндөрссөн. Ихэнхи пүүсүүд засгийн газраас тусламж дэмжлэг
авдаггүй. Пүүсүүд хуулийн дагуу татвар төлөх үүрэгтэй болсон. Банкны салбар нь хувийн
өмчид тулгуурлах болсноор зээл нь заавал эргэн төлөгдөх нөхцөлтэй. Зээлийн төлөлт
муудахад нэмж санхүүжилт өгдөггүй. Тогтмол үнийн бодлого баримтлахгүй, зах зээлийн
өрсөлдөөнөөр үнэ тогтдог болсон.

Гэтэл засгийн газар,
үйлдвэрлэлийн тодорхой салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа пүүс хооронд сул
төсвийн хязгаарлалтын асуудал бий болсон нь ажиглагддаг. Тухайлбал орлогоос давсан
зарлагаа пүүсүүд засгийн газрын сул татаас, сул татвар, сул зээлийн хэлбэрүүдээр
нөхөж байна.

Сул татаас гэдэг нь
пүүсийн үйл ажиллагаа доголдоход засгийн газар төсвийн хөрөнгийг (татвар төлөгчдийн
мөнгийг) пүүст тусламж хэлбэрээр өгнө. Манай улсад нефть импортлогч, газар тариалан,
мал аж ахуй эрхлэгч, цахилгаан эрчим хүчний салбарт ажиллаж буй пүүсүүд татаасыг
их хэмжээгээр авч байна. Татаасын нийтлэг шинж нь тухайн салбаруудын алдагдлыг нөхөх,
үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой. Энэ нь тухайн салбарууд дахь технологийн шинэчлэлийг
дэмжихгүй, өрсөлдөх чадварыг улам бууруулах хандлагатай байна. Дээрхи салбаруудад
ажиллаж байгаа пүүсүүд ч алдагдалтай ажиллахад засгийн газар алдагдлыг нөхөж өгнө
гэсэн хүлээлттэй тул үр ашигтай үйл ажиллагаа явуулах хөшүүрэг суларна.

Сул татвар нь тодорхой
пүүсүүдийг татвараас чөлөөлөх, татварын өрийг нь хойшлуулах, татварын давуу эрх
олгох арга. Манай улс нь татварын өршөөлийн хууль гарган татвар төлөлгүй олон жил
болсон пүүсүүдэд өршөөл үзүүлж байсан.

Татварын өр хойшлогдох
нь уул уурхай, барилгын салбаруудад ихээхэн ажиглагддаг. Өмнөх жилүүдэд ашигтай
ажиллан татвар төлөх байсан ч татвар төлөлтийг хойшлуулсан нь дээрхи салбаруудад
харагдаж байгаа. Уул уурхай, барилгын салбар нь татварын өрөө төлөлгүй үйл ажиллагааны
нэмэлт санхүүжилт хийсний улмаас өнөөгийн хямралын асуудалтай тулгарах нэг шалтгаан
болсон гэж үзэж болно.

Мөн шатахуун импорлогч
компаниудийг гаалийн татвар, нэмүү өртгийн татвараас чөлөөлөх нь ихээхэн харагддаг.
Энэ салбарт ч мөн сул төсвийн хязгаарлалтын татварын арга байна.    

 

Манай улсад ихэнхи
пүүсүүд нэмэлт санхүүжилтээ арилжааны банкны зээлээс бүрдүүлдэг. Арилжааны банк
нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тул пүүст үндсэн зээл болон зээлийн хүүг
төлж чадах ашигтай үйл ажиллагаа явуулах, барьцаат хөрөнгөтэй байх шаардлага тавигдана.

Харин сул зээл буюу
сул итгэлцэл нь банкнаас олгосон зээл болон хүүгийн эргэн төлөлтийг удаашруулах
эсвэл зээлийн өрийг цуцлан буцалтгүй тусламж мэт хэлбэрээр олгох зээл юм. Мөн пүүсийг
дампуурахаас хамгаалан нэмж зээл олгохыг хэлнэ.

Манай улсын үйлдвэрлэл
болон худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон пүүсүүдийн тодорхой хэсэг
нь банкнаас авсан зээлийн өрийн төлөлтийг удаашруулах, нэмж зээл авах нь энгийн
үзэгдэл болсон.

Өнөөгийн дэлхий нийтийг
хамарсан санхүүгийн хямралын шалтгааны нэг нь сул төсвийн хязгаарлалтын зээлийн
хэлбэр гэж үзэх эрдэмтэд байдаг. Манай улсын санхүүгийн хямрал ч мөн сул төсвийн
хязгаарлалтын нэг хэлбэр болох сул зээлээс хамаарсан гэж хэлж болно.  

Мөн банкин дахь иргэдийн
хадгаламжийг төрөөс хамгаалах болсноор санхүүгийн салбарт сул төсвийн хязгаарлалт
ажиглагдаж, үр ашигтай үйл ажиллагаа явуулах хөшүүрэг суларч байгааг үгүйсгэхгүй.

Засгийн газар пүүс
хооронд сул төсвийн хязгаарлалтын харилцаа удаан хугацаагаар оршин байвал эдийн
засгийн үр ашигтай байдал алдагдаж эдийн засгийн хөгжлийг сааруулах муу талтай.
Тиймээс судлаачдын дунд сул төсвийн хязгаарлалтыг хэрхэн арилгаж талаар олон санал
байдаг. Жишээ нь пүүсийн үйл ажиллагааг хатуу төсвийн хязгаартай болгож засгийн
газраас пүүст хандан ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлэхгүй байх арга. Гэвч пүүсүүд
дампуурснаар эдийн засгийн хөгжлийг сааруулах нөлөөтэй гэж үзэх судлаачид байдаг.
Мөн сул төсвийн хязгаарлалтын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй бөгөөд пүүсийн удирдлагатай
хариуцлага тооцох, засгийн газрын тусламж дэмжлэгийн тоог цөөрүүлэх, мөнгөн дүнг
багасгах аргууд байж болно.

Харин пүүсийн үйл
ажиллагааг дэмжих Япон, Солонгос, Тайвань зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудын засгийн
газрын үйл ажиллагааны жишээнээс суралцах нь зүйтэй болов уу. Эдгээр орнуудад ч
сул төсвийн хязгаарлалтын асуудал тулгарч байсан бөгөөд татвар, татаас, зээлийн
үйл ажиллагаанд засгийн газар хэрхэн оролцож байсан талаар дараа дараагийн нийтлэлд
дурдах болно. 

 

                                                                                                                    
СЭЗДС-
ийн багш Ч.Дөлгөөн. 2010.03.11

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж