Беларусь даяар ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн өрнөөд буй билээ. Улмаар Европын холбоо арга хэмжээ авч магадгүй нөхцөл байдал үүссэнд Ерөнхийлөгч Александр Лукашенко улсынхаа нийт интернэтийг хаах хүртэл арга хэмжээ авчээ. Харин эсэргүүцэгч иргэд VPN хэрэглэх гэх мэт аргаар болж байгаа үйл явдлыг аль чадахаараа гадаад ертөнцтэй хуваалцаж буй аж.
Беларусийн Стратеги судлалын хүрээлэнгийн улс төрийн ажиглагч Катерина Шматина Ерөнхийлөгчийн дээрх үйлдлийг “урьд өмнө нь байгаагүй” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр өмнө нь үүний адил орон даяар интернэт хаах арга хэрэглэгдэж байсан ч энэ удаагийнх илүү удаан хугацааны ширүүн хориг болж байгааг хэлсэн байна.
Харин Европын холбооноос Ерөнхийлөгчийн сонгууль эрх чөлөөт биш, шударга бус болсон хэмээн онцолж, тэмцэгчдийн эсрэг дэндүү шударга бусаар хүч хэрэглэж байна гээд, Минскэд хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа юм.
Ирланд, Литва зэрэг бусад Европын орнууд ч гэсэн Лукашенког буруушааж, түүний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж буй билээ. Мөн Лукашенкогийн өрсөлдөгч Светлана Тихановская аюулгүй байдлын үүднээс Литвад хоргодож буй юм.
Эх сурвалж: THE WEEK