Ерөнхийлөгч шинэ төмөр замын ажилтай танилцах далимаараа Улаанбаатараас “ганзагалаж” очсон, одон медалиараа говийн бүсгүйчүүдийн энгэрийг цоолжээ. Энэ жил цар тахал гээд зургадугаар сарын 1-нд болдог хүүхдийн баярыг тэмдэглээгүй, алдарт ээжүүдэд одонг нь олгоогүй байсан юм.
Ерөнхийлөгчийн говийн аймгуудад ажилласан томилолтыг харахад тэрбээр нэг сумаар хоёр туулай буудаж, “хоёр” сонгуулийн бие халаалтаа ч, пиараа ч эхлүүлжээ.
УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхийлөгчтэй “ойлголцож” чадаагүй Ардчилсан нам дахин гудамжиндаа үлдсэн бол энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгад Ардчилсан намтай “ойлголцох” асар том эрх ашиг байна.
Товчхондоо, УИХ-д Ардын нам ялах нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ашигтай байсан. Эсрэгээрээ орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг ялуулах нь түүнийг хүссэн эрх мэдэлд нь хүргэж өгөх “галт тэрэг” гэж тооцож, говийн бүсгүйчүүдэд өөрийн биеэр одон медалийг нь очиж гардуулсан хэрэг.
Үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намгүй бол хэн ч биш. Тиймээс 180 мянган гишүүнтэй, олон мянган дэмжигчтэй Ардчилсан намыг “ашиглах”-гүйгээр дахин Төрийн тэргүүн болж чадахгүйгээ Михайл сайн мэдэж байгаа.
Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга сайндаа ялаагүй, М.Энхболд муудаа ялагдсан. Газрын наймаа, МАН-ын авлига, албан тушаалын хэрэг, 60 тэрбумын дуулиан, эрх баригчд намын дотоод зөрчил нь Х.Баттулгад бөөн боломж олгосон. “Монгол ялна” гэсэн уриа ч бас олон сонгогчид таалагдсан. Гэхдээ түүнд саналаа өгсөн 600 мянган сонгогчийн олонх нь М.Энхболдын дарангуйллыг унагаахын тулд Х.Баттулгыг дэмжсэн хэрэг. Түүнээс Х.Баттулгын үнэт зүйл, үзэл бодлыг нь дэмжсэн сонгогч тун цөөн.
Мундаг эх оронч, үндэсний бүтээн байгуулагч, шударга ёс тогтоогч гээд Х.Баттулгыг дугуйлсан юм бүүр ч биш. Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нараас гурван муугийн арай дээр гэж Х.Баттулгыг сонгосон. Цагаан хуудас өгсөн 99.4 мянган сонгогч дээр 10 мянган хүн нэмэгдсэн бол Х.Баттулга, М.Энхболд хоёр хоёулаа унах байв.
Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан хуудас өгөх сонгогчийн тоо 300 мянга хүрч мэднэ. Учир нь 2017 онд цагаан хуудасны учрыг сонгогчид сайн ойлгоогүй байсан хэрэг.
Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш топ 10 улстөрчийг Х.Баттулга байнга тэргүүлдэг байсан бол өнгөрсөн жилээс У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт байраа алдсан. ШХАБ, Ерөнхийлөгчийн засаглал, цаазын ялыг сэргээхээс эхлээд Үндсэн хуулийн бус аргаар шүүх засаглалыг ҮАБЗ-д төвлөрүүлсэн, шүүхийн дуулиант баривчилгаа, шийдвэрүүд, өөрсдөд нь үйлчилдэггүй шударга ёс, төрийн ил цагаан луйвар зэргээс шалтгаалаад Х.Баттулгын дэмжигчдийн тоо Ардчилсан нам дотроо ч цөөрсөөр байна.
Үнэндээ өмнөх сонгуулиар Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нүүрээ дарж байгаад Х.Баттулгыг зурсан. Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгохын тулд Э.Бат-Үүл, Ц.Оюунгэрэл нар яаж зүтгэлээ дээ. Өнөөдөр аль аль нь Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн болон хүний эрхийн бодлогод асар их шүүмжлэлттэй ханддаг.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн дэргэд өнөөдөр Херо Баатар, Лу.Болд, Ж.Батзандан, Д.Ганбат, Ц.Адъяасүрэн, Н.Алтанхуяг нар л үлдэж. З.Энхболдыгоо сонгуульд өрсөлдүүлэх замаар өөрөөсөө холдуулсан. Тавантолгойн төслийг шүүмжилсэн Тамгын газрын экс даргаа С1 телевизээрээ "гөвүүлсэн" нь саяхны бөгөөд санаандгүй явдал биш. Өмнөх сонгуулиар өөрийг нь эрх мэдэлд хүргэж өгсөн С.Эрдэнэтэй Их хурлын сонгуулиар ойлголцож ажиллаж чадаагүй, Э.Бат-Үүлийг шүүхэд дуудаж, Д.Сосорбарам нь “заналт дайсан" нь болсон.
Ерөнхийлөгчийн хувьд Ардчилсан намаас илүү Ардын намтай ойлголцож ажилладаг нь үнэн.
Гэхдээ түүний хоёр сонгуульд барьж буй тактикийг харахад гуравдагчдын, АН-ыг, сөрөг хүчнийг нэгтгэж, У.Хүрэлсүхийн намтай “үзэх” бодолтой байгаа аж. Саяхнаас дэргэдээ шадарлуулах болсон Лу.Болд яг ийм утга бүхий ярилцлага өгсөн нь анхдугаар чуулганд Ерөнхийлөгчийн хэлсэн “Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна” гэх үгтэй санаа давхцаж буй нь мөн л санамсаргүй тохиодол биш юм.
Тавдугаар сарын 25-наас улс даяараа дагаж мөрдөх болсон шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгохоор заасан. Тодруулбал, “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан. Энэ заалт 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхэлж хэрэгжинэ гэж тодотгосон нь бий. Тэгэхээр энэ заалтаар Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болж буй. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ажилласан С.Бямбацогтын өнгөрсөн хавар өгсөн ярилцлагаар бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжтой гэх.
Тэгэхээр Х.Баттулга нэр дэвшвэл, нэр дэвшээд ялалт байгуулбал арван жил Монголыг “хаанчилна” гэсэн үг. Түүнийг хаан болоход Ардчилсан нам ахиад “алчуур” болох ёстой гэж үү!
Холбоотой мэдээ