Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээл БНХАУ-ын үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээл БНХАУ-ын үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээл БНХАУ-ын үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ

Монголын хөгжмийн зохиолчдыг төлөөлөн олон улсын хэмжээний уралдаанд оролцож, эх орныхоо нэрийг гаргаж буй цөөн хэдэн хөгжмийн зохиолчийн нэг бол Шатарын Өлзийбаяр. Улсын филармонийн хөгжмийн зохиолч, Соёл урлагийн их сургуулийн багш тэрбээр хамгийн сүүлд ӨМӨЗО-ы найруулагч Э.Буянхишигийн найруулсан “Хархүү” уран сайхны киноны хөгжмийг бичсэн нь БНХАУ-ын үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг аваад буй ажээ.

БНХАУ-ын Шинин хотноо наймдугаар сарын 1-нд зохион байгуулсан "First international film festival-14” олон улсын кино наадамд монгол уран бүтээлчдийн хамтран ажилласан “Хархүү” уран сайхны кино анх удаагаа оролцож, шилдэг киногоор шалгарчээ.

Кино уран бүтээлийн талаар хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяраас тодруулахад “Намайг 2018 онд “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмөөрөө Сочигийн олон улсын кино наадамд оролцож, “Шилдэг хөгжмийн зохиолч” шагнал авсныг минь дуулаад, ӨМӨЗО-ы найруулагч Э.Буянхишиг надад 2019 онд хамтран ажиллах санал тавьсан юм. Түүний “Хархүү” уран сайхны кино бол монгол морины тухай бүтээл. Өнчин хар унагыг олж, тэжээсэн өвгөн, морь хоёрын тухай өгүүлдэг.

Киноны гол дүр морь учраас текст  нь бага, хөгжим ихтэй уран сайхны кино. Уг бүтээлийн зураглал, хөгжим нь БНХАУ-ын үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авсан гэсэн. Хөгжмийн зохиол нь нийт 20 хэсэгтэй. Надад олон улсын кино наадамд оролцох урилга ирсэн ч цар тахлын улмаас очиж чадаагүй. Монгол уран бүтээлчдээс БНХАУ-д суралцаж буй жүжигчин Д.Ганцэцэг туслах дүрд тоглосон” гэв.

Хөгжмийн зохиолчдын олон улсын уралдаануудын шагналт, Бүх урлагийн тэргүүн дээд “Гоо Марал” шагналтан Ш.Өлзийбаяр нь Итали улсад болсон Морис Равелийн нэрэмжит олон улсын хоёрдугаар уралдааны финалд үлдэн, шилдэг 20 хөгжмийн зохиолчын нэгээр шалгарч байсан. Мөн 2010 онд Москвад болсон С.С.Прокофьевын нэрэмжит залуу хөгжмийн зохиолчдын дөрөвдүгээр уралдааны тусгай байр, Италийн Болонья хотод зохиогддог олон улсын хөгжмийн зохиолчдын 16 дугаар уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртэж байсан билээ.

Мөн морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан нэгдүгээр  концерт нь 2014 онд ОХУ-ын Калуга хотод зохион байгуулагдсан “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдааны тусгай байрыг хүртсэн нэгэн. Мөн энэхүү бүтээлийг “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог хөгжимдөн Австрийн Вена хотод зохиогдсон Ф.Шубертын нэрэмжит олон улсын уралдааны Гран-при шагналыг 2013 онд хүртсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж