Ю.Мукоко Холандыг гайхуулж, М.Гётзе АНУ-ыг зорих бодолгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Ю.Мукоко Холандыг гайхуулж, М.Гётзе АНУ-ыг зорих бодолгүй байна

Ю.Мукоко Холандыг гайхуулж, М.Гётзе АНУ-ыг зорих бодолгүй байна

Марио Гётзе АНУ-ын Мэйжор лигийн Интер Майами багийн саналаас татгалзаж, Европын хөлбөмбөгийн топ таван лигт тоглох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Дэлхийн аваргад Германы шигшээ багийг түрүүлэхэд маш том үүрэг гүйцэтгэж, шигшээ тоглолтод хожлын гоол оруулж байсан түүний Боруссиа Дортмунд багтай байгуулсан гэрээ өнгөрсөн улирлаар дуусгавар болжээ.

Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан Интер Майами баг саяхан дэлхийн аварга Блез Матюидиг багтаа нэгтгэсэн билээ.

Манчестер Юнайтед баг 2019-2020 оны улиралд 21 торгуулийн цохилт хийх эрх аваад буй нь Европын топ таван лигийн багуудыг тэргүүлэх үзүүлэлт болжээ. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн шөнө Европа лигийн хүрээнд Копенгаген багийн эсрэг хийсэн тоглолтдоо торгуулийн цохилт хийх эрх авсан байна.

Өдгөө 38 настай Швед хөлбөмбөгч Златан Ибрахимович АС Милан багтай долоо хоногийн 104 мянган фунтын нэг жилийн шинэ гэрээ удахгүй үзэглэнэ. Тэрбээр өнгөрөгч өвөл АС Милан багт эргэн ирсэн бөгөөд 19 тоглолтод оролцож, 10 гоол оруулж, өөрийгөө хөгшрөх болоогүйг харуулсаар байна.

Боруссиа Дортмунд багийн довтлогч Эрлинг Холанд багийнхаа залуу авьяастан Юссуфа Мукоко шиг 15 настай хөлбөмбөгч өмнө нь харж байгаагүй аж. Тэрбээр “Би Мукокогийн насан дээр түүн шиг байгаагүй ээ. Тэр надаас хэд дахин илүү байна. Амьдралдаа түүн шиг 15 настай хөлбөмбөгч харж байсангүй” хэмээжээ. Боруссиа Дортмунд багийнхан улирлын өмнөх бэлтгэлдээ гарчихсан байгаа бөгөөд залуу Юссуфа Мукоко үндсэн багийнхантайгаа бэлтгэл хийж байгаа аж.

Бундеслигийн дүрмийн дагуу 16 нас хүрсэн тамирчин л дээд лигт тоглох эрхтэй. Тиймээс Юссуфа Мукоко ирэх арваннэгдүгээр сард дээд лигт дебют тоглолтоо хийх боломжтой. Юссуфа Мукоко 14 насандаа 19 нас хүртэлх Германы залуучуудын хөлбөмбөгийн лигт тоглон, 34 гоол оруулж дээд амжилт тогтоож байжээ.

2000 оноос хойш 2008 он хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байсан ч зогсонги байдалд ороод 12 жил болоод буй Английн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн Комьюнити Шилд тэмцээн энэ жил эргэн ирнэ. 12 жилийн дараа эргэн ирж буй тэмцээн ирэх наймдугаар сарын 29-нд Английн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах болно.

Энэхүү тэмцээнд Арсеналын эмэгтэйчүүдийн баг хамгийн олон буюу таван удаа түрүүлсэн юм.

Энэ удаагийн Коммьюнити Шилд тэмцээний шигшээ тоглолтод Челси болон Манчестер Ситигийн эмэгтэй багууд анх удаагаа өрсөлдөх гэж байна. Челсигийн эмэгтэйчүүдийн баг лигтээ түрүүлсэн бол Манчестер Ситигийн эмэгтэйчүүдийн баг Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд түрүүлэн, Коммьюнити Шилдийн төлөө өрсөлдөх эрхээ авчээ.

Хамгийн сүүлд 2008 онд зохиогдсон Коммунити Шилдийн тоглолтод Арсенал болон Эвортон багуудын тоглолт 1:0 гэсэн харьцаатайгаар Арсеналын давамгайлал дор өндөрлөж байжээ.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж