Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэнээ ТӨР хулхидав

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэнээ ТӨР хулхидав

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэнээ ТӨР хулхидав

"Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэсэн үгтэй.   Энэ үе ипотекийн зээлээ хойшлуулаагүй 8 мянган иргэнд яг таарна. Тэдэнд зориулж, УИХ-аас найман хувийн зээлийг нь зургаан хувь болгож бууруулах шийдвэрийг УИХ-ын сонгуулийн өмнө гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-аас гаргасан шийдвэр хэрэгжээгүй, хаана яг, ямар шалтгаанаар гацаад байгаа тодорхой тайлбарлах хүн  холбогдох яам, агентлагуудад алга.

Коронавирусээс болж, санхүүгийн хямралд орсон иргэдээ дэмжих үүднээс Засгийн газар ипотекийн зээл төлөлтийг дөрөвдүгээр сараас аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.  Харин зээл төлөлтөө хойшлуулаагүй иргэдийн зээлийг найман хувиас зургаан хувь болгон бууруулж, дэмжлэг үзүүлэхээ Монголбанк, Сангийн яам, УИХ амлаж байв.

Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн эргэн төлөлтөө зургаан сараар хойшлуулах хүсэлтээ энэ оны тавдугаар сарын 1-нээс өмнө гаргаагүй зээлдэгчдэд найман хувийн хүүнээс хоёр хувийг нь буцаан олгох нь  УИХ-аас “Covid-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээний нэг байлаа.

Дээрх шийдвэр гарснаас хойш өнөөдөр дөрвөн сар өнгөрч байхад хэрэгжихгүй, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед санхүүгийн хариуцлагатай хандсан иргэдээ МАН-ын засаг ийнхүү таг мартжээ. Сонгууль дууссан, шоу ч өндөрлөсөн.

Ипотекийн зээлд нь хоёр хувийн хөнгөлөлт үзүүлэх уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ Монголбанк, Сангийн яамтай ярилцаж, ажил хэрэг болгоно гэсэн ч өнөө хэр санхүүжилтийг нь шийдээгүйгээс гацжээ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчид  гурван сарын хугацаанд 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлт олгох холбогдох судалгаа тооцооллыг Засгийн газарт хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч байгааг Төв банкнаас мэдээлж байна.

Ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргасан нийт 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46,115 зээлдэгч байгаагаас 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,026 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулжээ.

УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор ипотекийн зээлийн хугацаа хойшлуулаагүй зээлдэгчдэд хоёр нэгж хувийн хүүгийн хөнгөлөлтийг гурван сарын хугацаанд олгох санжүүжилт яагаад орохгүй байгаа талаар Сангийн яамнаас тодруулахаар хэдэнтээ хандсан боловч тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Түүнчлэн дээрх тогтоолын төсөлд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тодруулахад мөн л тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэллээ.

Өрхийн эдийн засаг, санхүү хүндэрсэн цар тахлын үед ч ипотекийн зээлээ цаг тухайд нь төлж байгаа хариуцлагатай 34 мянган зээлдэгчид 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг хэзээ үзүүлэх нь тодорхойгүй. Тиймээс энэ асуудлаар  Засгийн газар, Сангийн яам тайлбар өгч, иргэдээ хий хоосон хүлээлтээс ангижруулна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж