ЭМЯ: Зургаан хүн эдгэрч, сувилалд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Зургаан хүн эдгэрч, сувилалд шилжлээ

ЭМЯ: Зургаан хүн эдгэрч, сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.08.12) цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-2020 оны наймдугаар сарын 11-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 677 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 250 хүн, долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ, Улаанбаатарт байрлах ажиглан тусгаарлах байр болон Дархан-Уул аймгийн ажиглан тусгаарлах байранд ажилласан 21 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найм, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 тээврийн жолоочийн шинжилгээ, Орхонд тусгаарлагдаж буй 71, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, Баруунхараад тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ багтаж буй.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс зургаан хүн эдгэрч, сувилалд шилжлээ. Эдгээрт энхийг сахиулагчдаас гадна долдугаар сарын 29-ний өдрийн Истанбулын онгоцоор ирсэн иргэд байна. Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Үүнээс 269 хүнийг эмчилж эрүүлжүүлсэн. Эмчлэгдээд эдгэрсэн 50 хүн сувилалд, 26 хүн гэрт, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 24 хүн эмчлэгдэж байна. Мөн ХӨСҮТ-д нийт ажиглалт тандалтад 43 хүн байна. ХӨСҮТ-д байгаа элэгний хатууралтай, хам бөөрний дутагдалтай хүний биеийн байдал маш хүнд байна.

Өнөөдрийг хүртэл нэгдүгээр сарын 8-наас эхлэн 18.793 хүнийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулсан. Нийт батлагдсан тохиолдлын 70.3  хувь буюу 206 тохиолдол нь эрэгтэй, 29.7 хувь буюу  87 тохиолдол нь эмэгтэй байна. Насны хувьд 6-80 насныхан бөгөөд дундаж наслалт нь 26.7 байна. Мөн 15-аас доош насны найман хүүхэд, 55-аас дээш насны 12 хүн эмчлэгдээд гарсан. Нийт ор хоног 14-67 хоног бөгөөд дундаж ор хоног 28 байна. Хэвтэн эмчлүүлээд, эдгэрч гарсан 141 хүний эмнэлгийн түүхт тандалт судалгаа хийхэд, 110 нь оюутан байсан. Мөн 11.3 хувь буюу 16 нь ажил эрхэлдэг хүмүүс, 3.6 хувь нь ажилгүй иргэд байсан. Ер нь судалгаанд хамрагдсан хүмүүсийн 77 хувь нь суралцах зорилгоор, 11 хувь нь ажиллах зорилгоор гадаад улсыг зорьсон байжээ.

Өмнө нь мэдээлж байхдаа халдвар авсан иргэдээс шинжилгээ авахад 30 хувьд ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан. Эрт шинжилгээнд хамруулж байсан. Нийт эмчлэгдсэн 141 тохиолдлоос 46.4 хувьд халуурах, 42.9 хувьд хоолой өвдөх, 42.9 хувьд ханиалгах, 37.2 хувьд толгой өвдөх, 26 хувьд нус гоожих, 19 хувьд гүйлгэх, 17 хувьд ядарч сульдах, 16 хувьд булчин өвдөх, 10.7 хувьд дотор муухайрах, амьсгал давчдах, хамар битүүрэх, 8.9 хувьд жихүүдэс хүрэх, 3.6-5.4 хувьд амтлах мэдрэмж алдагдах, рентгенд хатгаатай онош тавигджээ. Мөн 141 хүний 21 нь архаг хууч өвчтэй байсан бол нэг хувь нь жирэмсэн байсан. Нийт тохиолдлуудыг 100 хувь хамар залгиурын шинжилгээнд хамруулсан. Ингэснээр 85.1 хувь нь хамар залгиурын арчдасны шинжилгээгээр, 14.1 хувь хоолойн арчдас, 1-2 хувьд өтгөний шинжилгээгээр вирус илэрсэн. Монгол Улсад бүртгэгдсэн өвчлөлийн эмнэл зүйн төрх дэлхийн бусад оронд бүртгэгдэж буй өвчлөлтэй ойролцоо байна. Өнөөдрийн хүртэл вирус судлалын лабораторит 42.355 хүнд давхардсан тоогоор хийсэн.

Томуугийн талаар товч мэдээллийг өгөхдөө “Өнгөрсөн долоо хоногт амбулаторийн үзлэгт томуугийн өвчлөл 2.1 хувийг эзэлж байна. Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн шинжилсэн сорьцод томуугийн вирус илрээгүй. Харин реновирус, бокавирус илэрсэн. Амьсгалын замын цочмог хүнд халдварыг үүсгэгч вирусүүд. Өмнө нь томуугийн улиралд илэрдэг байсан вирус. Энэ жил реновирус наймдугаар сараас эхлэн орчилд орж ирсэн нь хүйтэн сэрүүний улирал эхэлсний дохио юм. Тиймээс ард иргэд дулаан хувцаслаж, ариун цэврээ сайтар сахих шаардлагатай.


ЭНЭ ЖИЛ ТАРВАГАН ТАХЛЫН ДӨРВӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, ХОЁР ХҮН ЭНДСЭН

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 420 хүн шинээр орж, 311 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3342 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 32 их эмч, 86 резидент эмч, 79 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 71 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 12 их эмч, 41 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 118 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 аппликейшнээр Монгол Улсын нэг иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 12 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

Сүүлийн үед тарваган тахал өвчний эрсдэл өндөр байна. Өчигдөр гэхэд Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй гэртээ хоёр тарвага худалдан авч, өвчсөний улмаас тарваган тахлын булчирхайн хэлбэр үжлээр хүндэрч, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс ард иргэдийг тарвагатай харьцахгүй байх, махыг нь хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Иргэд тарваганы арьсыг нь өвчиж байхдаа гараа зүсэж, халдвар авч байна. Энэ жил тарваган тахлын дөрвөн тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эндсэн.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, August 11, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж