“Бид эцсээ хүртэл тэмцэнэ”

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

“Бид эцсээ хүртэл тэмцэнэ”

ХҮН-ын дэд дарга С.Боргил: Манайх Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалд өмгөөлөгч аваагүй

ХҮН-ын өмгөөлөгч Г.Батбаярыг буруутай гэж шүүх шийдвэрлэжээ гэсэн мэдээллийн дагуу Хөдөлмөрийн Үндэсний намын дэд дарга С.Боргилоос тодрууллаа.

Танай нам Халх голыг чөлөөт бүс болгохыг эхнээс нь эсэргүүцэж ирсэн. Энэ асуудлаар Г.Батбаяр гэдэг хүнийг өмгөөлөгчөөр авсан байсан юм уу. ХҮН-ын өмгөөлөгч шүүх дээр ялагдлаа гээд байгаа нь үнэн үү?

-Манай нам Халх голын асуудлаар ямар нэгэн өмгөөлөгч аваагүй. Тэр хүн манай намтай ямар ч хамааралгүй. Ийм  мэдээлэл тарааж, Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцсэн бидний үйл ажиллагааг сарниулах гэж байгаа бол бүтэхгүй гэж хэлье. Бид улсын үндэс болсон газар нутгаас  500 мянган га талбайг чөлөөт бүс нэрийдлээр тасалж авах гэсэн энэ оролдлогын эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ.

75-р тогтоолыг цуцлуулах тухай бидний шаардлагад өдий хүртэл үндэслэлтэй хариу өгөхгүй байж ийнхүү хэвлэлээр дайрч байгаад харамсаж байна. Өнгөрсөн онд гэхэд захиалгат нэвтрүүлэг хийж телевизүүдээр тарааж, хэвлэл мэдээллээр бидэн рүү хандан дайрч байсан. Энэ бүхэн улсын төсвөөр хийгдээгүй байх. Тэгэхээр энэ бүхний цаана ямар ч аргаар болов энэ 500 мянган га газрыг авч үлдэх гэсэн хэн нэгний эрх ашиг байгаа нь тодорхой. Бид ирээдүй хойчийнхоо  хүнсийг булаахгүй бас бусармаг хүмүүст ч алдахгүй. Давтан хэлэхэд бид зорилгоосоо ухрахгүй эцсээ хүртэл тэмцэнэ.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж