Хөдөлмөрийн сайдын нэрэмжит шагналын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн сайдын нэрэмжит шагналын эзэд тодорлоо

Хөдөлмөрийн сайдын нэрэмжит “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шагнал гардуулах ёслол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвд боллоо.

Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр санаачилгатай ажилладаг, үйлдвэрлэлийн ослоос ажилчдаа бүрэн хамгаалж чаддаг байгууллага аж ахуйн нэгжийг шалгаруулан Хөдөлмөрийн сайдын нэрэмжит шагнал олгодог энэхүү арга хэмжээ тав дахь жилдээ болж буй юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ шалгуурыг нийтдээ 45 байгууллага хангаж шагналын эзэд болсон бөгөөд энэ удаа   том аж ахуйн нэгжийн ангилалд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Хасу мегаватт”,  “Сүү” ХХК, дүнд   аж ахуйн нэгжийн ангилалд  “Шар нарст”, “Тэргүүн саруул зам” ХХК, Төв аймгийн Баянчандмань дахь МСҮТ шалгарчээ. Харин жижиг аж ахуйн нэгжийн ангилалд “Максам эксплозивс” ХХК, “МТ сайн шанд” ХХК-ийн Чойр дахь салбар тодорсон байна.

Эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгож чадсан дээрх байгууллагад тус бүрт нь өргөмжлөл мөнгөн шагнал гардуулсан.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилчдыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгжээс явуулж буй үйл ажиллагаа, санал санаачилга, ажлын зөв эхлэл, туршлагыг урамшуулан дэмжихэд энэхүү  шагналын зорилго оршиж буйг тэмдэглээд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн бодлого, хууль тогтоомжийг шинэчлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэлбэр төлөвшиж, ажлын нааштай эхлэлүүд бий болж байгааг онцолсон юм. Тэрбээр “Нэг талаас ХАБЭА-н бүтэц, хууль эрх зүйн орчин бий болж байгаа боловч аж ахуйн нэгж байгууллага дээр үйлдвэрлэлийн ослын тоо буурахгүй, ялангуяа барилга, уул уурхайн осол гарсаар байна. 2015 оны байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол 383 бүртгэгдэж, 404 хүн осолд өртөж, 48 хүн нас барж,25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан нь өмнөх онтой харьцуулбал ослын тоо 50-иар, хөдөлмөрийн чадвар түр алдсан хүний тоо 42-оор өссөн үзүүлэлт юм. Ослын шалтгааныг авч үзвэл уналт, нуралт, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилж байна. Иймд үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдалд дүнэлт хийх, ослыг гаргахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, ХАБЭА-н сургалт, зааварчилгааг чанаржуулах тал дээр аж ахуйн нэгж бүр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээгээд хаа хаанаа хариуцлагаа өндөржүүлэхийг санууллаа.

Хөдөлмөрийн яамнаас ХАБЭА-н хууль эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажилласнаар өнгөрсөн онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, дагалдах дүрэм журмуудыг хуульд нийцүүлэн өөрчлөн сайжруулсан юм. Мөн 2010 оноос хойш “ХАБЭА-н сарын аян”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахдаа орон нутгийн холбогдох байгууллагуудыг оролцуулан кампанит ажил хэлбэрээр явуулж хэвшсэн юм. Мөн уул уурхай, барилга зэрэг ажлын байрны эрсдэл ихтэй салбарт ХАБЭА-н улсын хэмжээний зөвлөлгөөн, бага хурал, чуулганыг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж буй нь үр дүнгээ өгч байгаа юм. 

ЭХ СУРВАЛЖ: ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж