Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

НЭМЭЛТ: 

Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томилсон бөгөөд тамгаа хүлээн авчээ. Тамгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар хүлээлцсэн байна.

Б.Насантогтох нь 1997 онд Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, 1999 онд ХБНГУ-ын Эрчим хүчний институт, 2008 онд ШУТИС-ийг магистрт тус, тус суралцан төгсчээ. Мөн 2015 онд “ESCPE” сургуульд Эрчим хүчний удирдлага чиглэлээр мэргэжил дээшүүлсэн, Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер юм байна.

Ажлын гараагаа “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨҮГ-т машинистаас эхлүүлж, мастер, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цехийн дарга, төслийн инженер, гүйцэтгэх захирал, “Монголын Эрчим хүчний холбоо” ТББ-д зөвлөх инженер, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга зэрэг ажил, алба хашин, эрчим хүчний салбарт 22 жил ажиллажээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилов

НЭМЭЛТ: 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилжээ. Тэрбээр өмнө нь тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажилладаг байхдаа Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан билээ.

Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн байна.
Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргын албан тушаалд  шатлан дэвших зарчмаар ажиллаж иржээ.

Тэрбээр 2019 оны аравдугаар сараас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг юм.

Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина

НЭМЭЛТ: 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон байна.

  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдсанаар дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдэнэ. Зорилтууд хэрэгжсэнээр иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх юм. Мөн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилна гэж тооцоолж байна.
  • Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулав. Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх юм. Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулав. Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой юм.

Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна.

КОВИД-19. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ.

Хүний хөгжлийн бодлого. Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байна.

Эдийн засгийн бодлого. Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлнэ.

Ногоон хөгжлийн бодлого. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлнэ.

Засаглалын бодлого. Шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам тогтоон, хүнд суртлыг халж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг чанд мөрдүүлэн, иргэдийг амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлөөр хангана. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого. Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн төрөлжилтийг сайжруулж, тэргүүлэх салбаруудыг бодлогоор дэмжин хөгжүүлэх, экспортын өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн бодлого урт хугацаанд тогтвортой байх суурь зарчимд тулгуурлах юм.

Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Уг хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын 2020 оны төсөвтэй холбоотой асуудал зэргийг хэлэлцэж буй юм байна.

Өмнөх долоо хоногийн Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамны боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Уг төсөлд хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгож байгааг 2020 он дуустал үргэлжлүүлэн олгох, халамжийн тэтгэвэр болох 288 мянган төгрөгийг мөн он дуустал үргэлжлүүлэн олгох, жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлэх зэрэг асуудал багтсан байсныг дэмжсэн.

Мөн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг томилсон. Үүнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Ганхуягийг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Д.Батбаатарыг, Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Н.Ууганбаярыг тус тус томилсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж