Европын сүүлчийн дарангуйлагчийн эсрэг жагсаал

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Европын сүүлчийн дарангуйлагчийн эсрэг жагсаал

Европын сүүлчийн дарангуйлагчийн эсрэг жагсаал

Беларусийн нийслэл Минск хотод Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан гурав дахь өдрөө үргэлжилж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж байна. Тус улсыг 26 жилийн турш удирдсан Александр Лукашенко 80 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь удаагаа сонгогдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Лукашенкогийн хувьд Европын улсын удирдагч нараас улсаа хамгийн олон жил удирдаж буй хүн бөгөөд түүнийг “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээн нэрлэх нь ч бий.

Түүний гол өрсөлдөгч 10,9 хувийн санал авсан Светлана Тихановская ч мөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, өөрийн аюулгүй байдлын төлөө өчигдөр /2020.08.11/ Литва улс руу дүрвэн гараад байгаа юм. Светлана Тихановская хилийн чанадаас иргэдтэйгээ холбогдож, шударга бус явдлыг зогсоохыг уриалж байна.

Энэ удаагийн сонгуулийн ирц хэдий цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа ч 84 хувьтай байсан ба сонгуулийн үр дүн бараг тодорхой байсан гэхэд болно. Учир нь түүнийг төр барьж байх хугацаанд үргэлж тэр илт давуу ялалт байгуулсаар ирсэн. Сонгуулийг будлиантуулж, луйварддагаараа алдартай түүний арга барил энэ удаад мөн л хэвээрээ сэтгүүлчдийг баривчилж, эсэргүүцэгчдэд хүч хэрэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг барихыг оролдож байв. 21-р зуун гарснаас хойш Беларусьт болсон Ерөнхийлөгчийн болон парламентын бүх сонгуулийн дүнг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тус улс бүх сонгуулийн явцад олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж үздэг.

Нөгөөтэйгүүр энэ удаагийн сонгууль нь Лукашенкогийн хувьд хамгийн хүнд сонгууль болж байна. Цар тахалд дэлхий нийтээрээ нэрвэгдэж, эдийн засаг нь доройтож, өөрөө ч ийм үед цар тахлыг үл ойшоон “архи, саун, хоккей” гурав байхад коронавирус тусахгүй гэж хүртэл хэлж байсан түүнд иргэд итгэж саналаа өгөх эсэх нь эргэлзээтэй байсан.

Дээрээс нь түүний олон жилийн ноёрхлыг зоригтой эсэргүүцэн гарч ирсэн Тихановская тэргүүтэй сөрөг хүчинтэй ч тэр бараг анх удаа тулгарсан нь энэ юм. Иймд тэр сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсэхийг урьдаас таамаглаж, үүнийг нухчин дарах төлөвлөгөө боловсруулсан нь лавтай гэж зарим ажиглагчид үзэж байна.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчид руу резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглаж байгаа ба нэг хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Мөн нийслэл хот гэлтгүй тус улсын өөр хэд хэдэн хотод эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнөж байна. Жагсагчдаас гадна сэтгүүлчдийг баривчилж саатуулсан нь хүний эрхийг хамгаалагчдын анхаарлыг татаж байгаа аж. Жагсагчид Лукашенког дэмжигчдийг “хонь” хэмээн хочилж, түүнийг дахин сонгосон нь улс эх орноо сүйрүүлэх үндэс хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

ОХУ, Хятад, Казахстан, Молдав, Азербайжан зэрэг улсын төрийн тэргүүнүүд Лукашенкогийн ялалтад баяр хүргэн, дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Герман улсын зүгээс Беларусьт ардчиллын наад захын хэмжигдэхүүн үйлчлэхгүй байгааг онцлоод, сонгуулийн үр дүнд ихэд эргэлзэж буйгаа мэдэгдсэн байна. Харин АНУ-ын зүгээс ард иргэдийнхээ дуу хоолойг сонсч, жагсаал цуглааныг тараахдаа болгоомжтой хандаж, иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ. Түүнчлэн Европын холбооны зүгээс сонгуулийг шударга бус явагдсан гэж үзээд, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар ч яригдаж эхэлсэн байна.

Лукашенкогүйгээр Беларусь улс Оросын эрхшээлд орно гэж сонгогчдыг “айлгах” нь түүний гол арга барилуудын нэг. Энэ удаад ч тэр энэ ухуулгаа хийсээр байсан ч беларусьчууд түүний энэ үгэнд хэдийнэ итгэл алдарчээ. Мөн сонгууль эхлэхээс өмнө өрсөлдөгчдөө барьж хорьсон явдал нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн гэж хэлж болно.

Эх сурвалж: WSJ, FT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж