Луут хотын туурийг улсын хамгаалалтад авна гэв

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Луут хотын туурийг улсын хамгаалалтад авна гэв

Луут хотын туурийг улсын хамгаалалтад авна гэв

Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг 10 гаруй жилийн ажлынхаа үр дүнд Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун урагш 10 орчим километр газарт малтлага хийж, Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээгээд байгаа билээ. Монгол Улсад төдийгүй дэлхийд анх удаа “Тэнгэрийн хүү Шанью” гэсэн бичигтэй ваар илэрч олдсоноороо уг судалгаа түүхийн чухал ач холбогдолтойд тооцогдож буй юм.

Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээсэн археологич Т.Идэрхангай судалгааны ажлын үр дүнгээ Боловсрол, шинжлэх ухааны яамны Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын зарим гишүүн, эрдэмтэн судлаачдад танилцуулав.

Тус хотыг анх 2017 онд илрүүлсэн боловч санхүүгийн асуудлын улмаас энэ оноос малтаж эхэлжээ. Цаашид олон жилийн судалгаа хийх шаардлагатай бөгөөд эхний ээлжинд улсын хамгаалалтад авах хэрэгтэй байгаа аж. Гадны байгууллагуудаас судалгааг дэмжиж, санхүүжилт гарган хамтарч ажиллах санал тавьсан ч Т.Идэрхангай археологич энэ чухал олдворыг Монгол Улс өөрөө бие даан судлах хэрэгтэй гэж үзжээ.

Энэ удаагийн судалгаанд түүний хамт Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич С.Оргилбаяр болон Д.Цэнд, Б.Амгаланбат, Э.Даваахүү, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын залуу судлаачид, оюутнууд нийлээд 20 орчим хүн оролцсон байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат газар дээр нь очиж танилцаад, “Таамаглалыг эцэслэн батлахад олон жилийн судалгаа, малтлага шаардана. Ийм том хэмжээний археологийн малтлагыг төр нэгдсэн бодлогоор дэмжин ажиллах шаардлагатай, Улсын Их Хурал, Засгийн газраас анхаарч, хөрөнгө зардлыг шийдвэрлэх нь чухал юм. Юуны өмнө Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж хамгаалалтад яаралтай авах ажилыг хийхээр боллоо” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж