Улаанбаатар хотын хэмжээнд гурван том хогийн цэг байдгийн нэг нь Нарангийн энгэр буюу Улаанчулуут. Хогийн цэг рүү ойртох тусам эвгүй үнэр хамар цоргино. Цаасан хайрцаг, хуванцар сав, хаягдал яс, эвдэрч, хуучирсан ахуйн хэрэгсэл гээд нийслэлчүүдийн “үйлдвэрлэсэн” хог хаягдал энд тэндгүй. Хог хаягдал тээвэрлэсэн ачааны машинууд ар араасаа цуварч, тоос бужигнуулан давхилдах ажээ.
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгийг хэсэгчлэн хааж, дахин хог хаяхгүйгээр нөхөн сэргээлтийн ажил хийж буйг албаныхан дуулгасан. Ингэснээр Улаанбаатар хотын томоохон хоёр хогийн цэгт ногоон байгууламж байгуулж, хог хаягдлаа дахин боловсруулж, ашигладаг болно гэдгийг мэргэжилтнүүд онцолсон.
Нарангийн энгэр дэх хогийн цэгийн ландфиллын талбайн найман га газарт шороо асган нягтаршуулж, мод, зүлэгжүүлэлтийн ажил хийж байв. Энэ ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендерээр шалгаруулж, нийт таван компани хоёр сарын хугацаанд ажлыг бүрэн дуусгахаар гэрээ байгуулсан байна.
Нарангийн энгэр буюу Улаанчулуутын хогийн цэгт Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Баянгол дүүргийнхний хогийг хаядаг. Тэнд өдөрт барилга, үйлдвэр, ахуйн хог хаягдал нийлсэн 1000-1500 тонн хог ирдэг. Ирсэн хог хаягдлаа өдөрт дунджаар 12 машинаар 100 орчим удаа ачилт хийж, ландфилын аргаар булдаг байна. Зуны улиралд сардаа 50 мянган тонн, өвөлдөө 30-40 мянган тонн хог хаядаг ажээ.
Нийслэлийн хэмжээнд 1.3 сая тонн хогийг Улаанбаатар хотын томоохон гурван цэгт булж, эцсийн устгал хийдэг аж. Цаашдаа төвлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажлыг үе шаттай хийх бөгөөд ирэх жилүүдэд Цагаан даваа, Нарангийн энгэр дэх төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөжээ.
“2.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТЭЙГӨӨР ТАВАН КОМПАНИ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙНЭ”
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун ярихдаа “Улаанбаатар хотын Захирагчийн албанаас Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгийн ландфиллын талбайн 3/1 хэсгийг хааж, дахин хог хаяхгүйгээр нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлээд байна.
Ингэснээр Морингийн даваанд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар мембран давхаргатай хогийн цэгийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хуучин Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгийг хааж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Шинэ хогийн цэг байгуулах ажлын зураг төсөл дуусч буй бөгөөд 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Цагаан давааны болон Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт 20 ширхэг метан хий зайлуулах агааржуулалтын хоолой суурилуулсан. Нөхөн сэргээлт хийхдээ хогийн цэг дээр 50-70 см зузаан шороо асгаж, нягтаршуулж, дараагаар нь хар шороо дэвсээд, зүлэг, хайлаас модны үрсэлгээ хийж байна. Энэ ажлыг нийт 2.8 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр таван компани гүйцэтгэж байна” гэв.
“НАРАНГИЙН ЭНГЭР ДЭХ ХОГИЙН ЦЭГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА”
Нарангийн энгэр дэх хогийн цэгт нөхөн сэргээлт хийж буй “Цэцэрлэгжилт” компанийн зөвлөх инженер Н.Саранчимэг “Нийт найман га талбайн нөхөн сэргээлтийн ажил 80 хувьтай байна. Бид долдугаар сарын 15-наас ажлаа эхэлж, хар шороогоо дэвсээд, үрсэлгээгээ хийчихсэн эхнээсээ зүлэг цухуйж байна. Одоо нэг га газар үрсэлгээ хийх дутуу байна. Өнөөдрийн байдлаар манай компанийн 15 ажилтан ажиллаж байна.
Дараа жилээс нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлж, бүрэн ногоон байгууламж болгох юм билээ. Нарангийн энгэр дэх хогийн цэг дээр нэг сар орчим ажиллаж байна. Энд өдөр болгон ариутгал хийж, хогоо булж байна. Хөрсний өндөржүүлэлтийг Чингэлтэй дүүргийн ТҮК хийсэн бол Сүхбаатар дүүргийн ТҮК болон “Цэцэрлэгжилт” компани дөрөв дөрвөн га талбайгаар нь хуваан авч, 300 сая төгрөгийн төсвөөр ногоон байгууламж хийж байна. Бид ногоон байгууламжийн усалгааг өдөр бүр өглөө 05.00 цагаас оройн 00.00 цаг хүртэл хоёр машинаар 200 тонн ус зөөж, усалдаг” гэсэн юм.
“ЭКО ПАРК” БАЙГУУЛАХ ТӨСӨЛ САНЖҮҮЖИЛТ БАЙХГҮЙГЭЭС ХЭРЭГЖИЖ ЧАДААГҮЙ
Өмнө нь Улаанбаатар хотын захирагчийн алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран эко парк байгуулах төслийн талаар мэдээлж байсан. “Эко парк” төслийн хүрээнд Нарангийн энгэр болон Цагаан даваан дахь хоёр төвлөрсөн хогийн цэг дээр түүхий эдийг хагас боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар зураг төслийг нь гаргасан ч хөрөнгө санхүүжилтгүйгээс энэ ажил зогссон гэдгийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлсэн юм.
Уг төслөөр Нарангийн энгэрт нийт 81.47 га талбайд есөн дахин боловсруулах үйлдвэр, Цагаан даваанд 92.6 га талбайд нийт 10 үйлдвэрийг шинээр байгуулахаар зураг төслөө гаргасан. Энэ ажилд 28 аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд нийт 19 үйлдвэр баригдахаар яригдаж байсан билээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ